| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2022/00923/И |
| Дугаар | 148/ШШ2023/00020 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 148/ШШ2023/00020
| 2023 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 148/ШШ2023/00020 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг 18-18 тоотод байрлах ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар /РД: 2693321/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, Мөнхтолгой орхон гудамж 9-3 тоотод оршин суух, Боржигон овогт *******ы ******* /ЙМ93092802/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Орхон сум, Бэлэндалай 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт *******ын ******* /МБ88071311/
Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зээлийн төлбөр болон нотариатын төлбөр нийт 10,619,529.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансэлэнгэ, хариуцагч О.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, гэрч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь О.*******, М.******* нарт холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4000, нийт 10,619,529.9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч О.*******, М.******* нар нь ******* банкны Сэлэнгэ салбарын Хушаат тооцооны төвөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843639115 тоот зээлийн гэрээ байгуулан 11,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,322,714 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,764,039 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,006 төгрөг нийт 9,087,749 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 793 хоног хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд үндсэн зээл 7,377,286,73 төгрөг, зээлийн хүү 3,128,465,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,778 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4,000, нийт 10,619,529,96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Гансэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч О.*******, М.******* нар нь ******* банкны Сэлэнгэ салбарын Хушаат тооцооны төвөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843639115 тоот зээлийн гэрээ байгуулан 11,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,322,714 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,764,039 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,006 төгрөг нийт 9,087,749 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 793 хоног хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд үндсэн зээл 7,377,286,73 төгрөг, зээлийн хүү 3,128,465,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,778 төгрөг нийт 10,615,529,96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тухайн үед хамтран амьдрагч байсан М.******* нь машин авах зорилгоор миний цалинг барьцаалан М.******* бид хоёр тус банкнаас зээл авсан. Миний цалинг барьцаалсан байсан учир цалин дээрээс үндсэн зээл болон зээлийн хүү суутгагдаж байсан. Өөрөөр хэлбэл миний зүгээс нийт 9,087,749 төгрөг дангаараа төлсөн юм.
Хамтран амьдрагч М.******* бид хоёр тусдаа амьдрах болж урд нь зөвхөн миний бие зээлийг дангаараа хариуцаж төлж байсан тул бид харилцан тохиролцож М.******* нь зээлийг үргэлжилүүлэн төлж зээлийг барагдуулах ёстой байсан. Гэвч М.******* үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.******* дангаар хариуцах ёстой. 2018 оны 6 дугаар сарын 05-ны зээлээр М.******* нь машинтай болсон бөгөөд миний зүгээс зөвхөн өртэй үлдэж байгаа нь шударга бус асуудал юм.
М.******* бид хоёрын урд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлтэй огт хамаагүй буюу өөр мөнгө зээлдүүлсэн талаарх маргаан байсан юм гэжээ.
Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан зээл маань өмнөх *******тай шийдсэн иргэний хэрэгтэй хамааралгүй. Урьд нь бид хоёр өөр зээлийн асуудлаар шүүхэд уулзаж байсан. Энэ зээлийг бол би төлөх ёсгүй. ******* дангаар төлөх ёстой. Уг зээлд би нийт 9,773,651 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг ******* хариуцах ёстой. Уг зээл маань 7,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн хүү бодогдсон. Хамтран зээлдэгч байж зээлээ төлөөгүй байдлаас болж алданги үүссэн. Тийм учраас би одоо энэ зээлийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагч М.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Миний бие нь О.*******тай хамтын амьдралтай байх хугацаандаа О.******* нь өөрөө урьд авсан байсан цалингийн зээл дээрээ нэмж 6,000,000 төгрөг хамтын амьдралдаа зээл авахад би хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Үүний дараа бид хамтын амьдралаа дуусгасан бөгөөд О.******* надтай хамтран амьдарч байх хугацаандаа авсан 6,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд би уг зээлээс өөрт ногдох хувь болох 3,034,000 төгрөгийг төлсөн болохоо нотолсон. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдсэн бөгөөд уг магадлал хүчин төгөлдөр болсон. Иймд О.******* одоо ******* банкны төлбөрийг өөрөө бүрэн хариуцах ёстой тул надад холбогдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн төлбөрийг төлнө. Тухайн үед хамтран амьдрагч байх үедээ зээл авсан. Одоо гарсан зээлийг би бол төлөхгүй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн 0000121512 гэрчилгээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843639115 дугаар зээлийн гэрээний хуулбар, 6 дугаар сарын 05-ны өдрийн №БГХ201843639115 дугаар барьцааны гэрээний хуулбар, ******* банкны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 48 болон 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаартай зээлийг төлөх тухай мэдэгдлүүд, зээлийн бүртгэлийн карт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг, хариуцагч нараас Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2022/00018 дугаар магадлал, О.*******гийн депозит дансны хуулга, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэр, М.*******ын депозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудаас хүсэлт ирүүлээгүй учраас шүүхээс бүрдүүлсэн баримтгүй байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч О.*******, М.******* нарт холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4,000, нийт 10,619,529.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.******* нь тус зээлийг М.******* машин авах зорилгоор банкнаас зээл авсан. Би тус зээлийн төлбөрт 9,087,749 төгрөг дангаараа төлсөн. Үлдсэн зээлийг М.******* төлөх ёстой. М.******* бид хоёрын урд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлтэй огт хамаагүй буюу өөр мөнгө зээлдүүлсэн талаарх маргаан байсан гэж, хариуцагч М.******* нь О.*******гийн урьд байсан цалингийн зээл дээр нэмж 6,000,000 төгрөгийн зээл авахад би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би хамтын амьдралаа дуусгасны дараа уг зээлээс өөрт ногдох хувь болох 3,034,000 төгрөгийг төлсөн болохоо нотолсон. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдсэн бөгөөд уг магадлал хүчин төгөлдөр болсон. Иймд О.******* одоо ******* банкны төлбөрийг өөрөө бүрэн хариуцах ёстой тул надад холбогдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь: Зээлдэгч О.*******, М.******* нар нь ******* банктай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/201843639115 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10,626,940.84 төгрөгийн үлдэгдэл зээл дээр 1,073,059.16 төгрөг нэмж зээлэн, нийт 11,700,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлж авсан байна.
Уг зээлээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,322,714 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,764,039 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,006 төгрөг, нийт 9,087,749 төгрөгийг төлж барагдуулжээ.
Зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нийт 10,615,529.9 төгрөгийг төлөөгүй болох нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201843639115 дугаар зээлийн гэрээ, ******* банкны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 48 болон 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаартай зээлийг төлөх тухай мэдэгдлүүд, зээлийн бүртгэлийн карт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч О.*******, М.******* нар нь зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.
Харин тус цалингийн зээлийн үлдэгдэл 10,615,529.9 төгрөгийг харилцан бие биеэсээ төлнө гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.
Хариуцагч О.*******, хариуцагч М.******* нарын тайлбараас үзэхэд тус ******* банкнаас авсан цалингийн зээл 11,700,000 төгрөгөөс хэн аль нь хэдэн төгрөг авч зарцуулсан болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн түүнчлэн О.*******, М.******* нарын хамтран амьдарч байх хугацаандаа бие биенийхээ харилцах данс руу төгрөг харилцан шилжүүлж, авч өгөлцөж байсан байдлыг зээлүүлсэн, авсан зээлээ төлж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр өмнө нь О.*******, М.******* нь шүүхийн журмаар шийдвэрлүүлж, М.******* нь 4,510,680 төгрөгийг О.*******д төлөхөөр болсон байх боловч тус шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан нь ******* банкнаас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн 11,700,000 төгрөгийн цалингийн зээл мөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч М.*******ын депозит дансны хуулга, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2022/00018 дугаар магадлал зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагч О.*******, М.******* нар нь тус зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна.
Иймд хариуцагч О.*******, М.******* нараас цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4,000, нийт 10,619,529.9 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******, М.******* нараас цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4,000, нийт 10,619,529.9 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,862 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 92,431 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА