| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2022/02489/И |
| Дугаар | 182/ШШ2022/02740 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2022/02740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЧДЗД-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “ЧДЗД Н.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 тоот захирамжийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 8 дугаар сараас Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргаар томилогдон ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан.
Тус дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл гэгч нь 2020 оны 03 сард шинээр томилогдон ирснээсээ хойш ямар ч шалтгаангүй, үндэслэлгүйгээр удаа дараа намайг “ажлаа өг” хэмээн дарамталж хэвийн ажил үүргээ хийх ямар ч нөхцөл бололцоогүй болгож байсан.
Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 26-нд хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байтал ЧДЗД Н.Б нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Содхүүг миний хийж гүйцэтгэж байсан ажил дээр томилуулахаар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороонд албан бичиг явуулж байсан.
Мөн дахин н.Бямбагэрэл гэдэг хүнийг томилуулахаар АТГ-аас санал авч байсан. Дээрх байдлаар миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал өөр хүн томилуулахаар удаа дараа зохих байгууллагуудад хандаж байсан төдийгүй намайг үргэлжлүүлэн хэвийн ажил үүргээ гүйцэтгэх ямар ч нөхцөл бололцоогүй болгосон.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны зарим ажилтнуудын хувьд цалин хөлс нь Дүүргийн засаг даргын Тамгын газраас санхүүждэг. Гэтэл намайг ажлаа өгөхгүй байна хэмээн 2022 оны 01-р сард дээрх ажилтнуудын цалин хөлсийг олгохгүй, гүйлгээг зогсоосон байсан.
Дүүргийн иргэдийн дунд нийтийн биеийн тамир спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах удирдамж болон захирамжийг зориудаар гаргаж өгөөгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулах нөхцөлгүй болгох зэргээр удаа дараа хавчин зориудаар ажил явуулах боломжгүй болгож ирсэн.
ЧДЗД Н.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 тоот захирамжийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил болох Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгчийг ажлаа өг гэж удаа дараа хэлж байсан ба ямар ч орон тоо байхгүй байхад өөр хүн томилуулахаар 3 удаа санал болгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаа хэвийн хийж байсныг нотлох баримтууд юм.
Хариуцагч тал хариу тайлбартаа нэхэмжлэгчийг үндсэн ажлаа өгөөд өөр ажилд томилогдсон гэдэг үндэслэлгүй тайлбар өгсөн байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тушаал гарсан ба Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны ажилчид цалингаа авч чадахгүйд хүрээд байсан. Ийм нөхцөл байдалд хүрсэн урчаас нэхэмжлэгч “би өөрийн хүсэлтээр гарч байна” гэдэг утгатай өргөдөл гаргасан. Намайг өөр ажилд томилж өгнө үү гэсэн утгатай зүйл огт бичиж өгөөгүй. Нэхэмжлэгч нь “Миний бие 2014 оноос хойш тасралтгүй Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыг хашиж ирсэн. Цаашид ажиллах боломжгүй болсон тул чөлөөлж өгнө үү” гэж бичсэн. Мөн энэ өргөдлийг нь тушаал гарснаас хойш буюу 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Тушаал аль эрт 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан гэдэг байдлаар ханддаг байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэдэг нь сайн дурын үндсэн дээр байх ёстой. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байдаггүй. Хэрэв гэрээ байгуулсан бол нотлох баримтаар гаргаж өгөх байсан байх. Захиргааны хэм хэмжээний акт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү
Иймд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн тухайд өнөөдрийг хүртэлх хугацаагаар нийт олговорт 6,326,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Р.О нь ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандаж, удаа дараа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн нь дүүргийн ерөнхий нягтлан бодогчийн санал, дүгнэлт, ажлын гүйцэтгэлийн тайлангаар дараах байдлаар тогтоогдсон.
Улсын төсвөөс санхүүжсэн дүнг орон нутгаас санхүүжсэн санхүүжилттэй андуурч тайлагнасан. Орон нутгийн төвлөрүүлсэн шилжүүлгийн 50,407,735 төгрөгийг төсвийн гүйцэтгэлийн 97,592,264 төгрөгтэй андуурч буруу тайлагнасан. Хөрөнгө худалдаж авсан 61,654,000 төгрөгийн тохируулгыг зөрүүтэй хийснээс төсвийн гүйцэтгэлийн тайлан гарах нөхцөлийг хаасан. Төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүр хожимдуулж алдаатай ирүүлдэг бөгөөд засварладаггүй зэрэг бусад алдаа дутагдлуудыг гаргаж байсан. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл”-ээр Р.Отэй холбоотой сонсох ажиллагаа эхэлсэн болохыг мэдэгдсэн.
Дээрх мэдэгдлийн хариуг Биеийн тамир, спорт хорооны дарга Р.О 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн Тамгын газарт ирүүлсэн бөгөөд тайлбарт чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан алдаатай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч цаашид аливаа тайлан судалгааг заасан хугацаанд тайлагнаж ажиллаж байх тухай тайлбар ирүүлсэн. Сонсох ажиллагааны үр дүн, тайлбарыг үндэслэн Р.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу Биеийн тамир, спортын хорооны даргыг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт, саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар гаргаж нэхэмжлэгч Р.От танилцуулсан. Дүгнэлт, саналыг нэхэмжлэгч Р.О хүлээн зөвшөөрч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг битгий цуцлаач би өөрөө хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдье харин дүүргийн Биеийн тамир, спортын хороонд үргэлжлүүлэн ажиллах боломж олгооч хэмээн хүсэж өөрийн хүсэлтээр Биеийн тамир, спортын хорооны даргаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Ирүүлсэн өргөдлийн дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны Б/56 дугаар захирамжаар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Р.Оийн өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын 2022 оны Б/48 дугаар тушаалаар Раднаабазарын Очирпүрэвийг тус спорт хорооны Барилга, байгууламж хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байна. Нэхэмжлэгч Р.О нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч өөр ажил албан тушаалд очсон атал ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Засаг даргаас гаргасан захиргааны актыг иргэний хэргийн анхан шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Иймд Р.Оийн нэхэмжлэлтэй ЧДЗДд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Р.Оийн өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Барилга, байгууламж хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байна. Мөн энэ хугацаандаа цалин хөлс авсан, ээлжийн амралтын мөнгө зэргийг авсан байдаг. 2022 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төвөөс цалин авч ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нь ёс зүйн хувьд ч хариуцлагагүй хүн юм. Нэхэмжлэгч Р.О нь санхүүгийн зөрчил дутагдал гарсныг мэдээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч өөр ажил албан тушаалд очсон атал ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Засаг даргаас гаргасан захиргааны актыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна.
Мөн Р.О нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл захирамж гарснаас хойш хугацаа хожсон. Бид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс чөлөөлсөн нь зүйтэй юм гэж бодсон. Тухайн үед Р.Оийг өөрийнх нь санаачилгаар биш ажил олгогчийн санаачилгаар халах ёстой байсан юм шиг байна. Зөрчил дутагдал гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа нь ёс зүйн хувьд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажилчдын цалинг өгөлгүй гүйлгээг хаасан гэж байна. Манай байгууллага нь тусдаа бие даасан байгууллага учир цалинг өгөхгүй, хаах боломж байхгүй. Үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дүгнэлтийг нь Тамгын дарга болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хоёр Р.От танилцуулсан. Гэтэл Р.О нь би энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахаа больё. Харин би өргөдлөө бичээд араас чинь очъё гэж тохиролцсон. Үүнд агуулгын хувьд зөрүү байхгүй, хууль бус асуудал ч байхгүй.
Нэхэмжлэгч нь орон нутгийн мэргэжлийн холбоотой хамтарч ажиллаж чадахгүй байсан учир өөр хүнд санал болгосон зүйл бий. Р.О нь ажлаа хийж чадахгүй байсан” гэв.
3.Нэхэмжлэгчээс Р.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 11 сарын 17-ны өдрийн Б/399 дугаар “Р.Оийг ажилд томилох” тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 дугаар “Раднаабазарын Очирпүрэвийг ажлаас чөлөөлөх” тухай, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/550 дугаар “Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт үнэл дүгнэх” тухай захирамж, хавсралт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021.12.20-ны өдрийн Урамшуулал олгох тухай албан бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын 2020.05.28-ны өдрийн А/25 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, хавсралт Хөдөлмөрийн дотоод журам, 2019.01.01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хорооны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, О.Очирпүрэвийн бакалаврын диплом, магистрын диплом, Олон улсын хэмжээний мастерын цол олгосон үнэмлэх, 2022.08.25-ны өдрийн 0458 дугаар итгэмжлэл, 2022.01.26-ны төлбөрийн хүсэлт, 2022.01.27-ны төлбөрийн хүсэлт, 2022.05.05-ны төлбөрийн хүсэлт, Р.Оийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл гэх баримт гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022.06.15-ны өдрийн 1/1529 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, 2022.04.07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдэгдэл, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын 2022.06.13-ны Б/48 дугаартай Р.Оийг ажилд томилох тухай тушаал, Р.Оийн 2022.04.08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хариу тайлбар, 2022.05.05-ны өдрийн Р.Оийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан өргөдөл, 2022.09.13-ны өдрийн Биеийн тамир спортын хорооны Р.Оийн цалин хөлсний тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/42 дугаартай Р.Оийг ажилд томилох тухай тушаал, Р.Оийн 2022 оны цалингийн карт, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны Р.Оийн 2022 оны цалингийн карт, Ц.Баянмөнхийн төрийн албан хаагчийн анкет, Ц.Баянмөнхийн бакалаврын диплом, түүний хавсралт, Ц.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.04.25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга төсвийн шууд захирагч Р.От хийсэн сонсох ажиллагааны талаар дүгнэлт, санал зэрэг баримт гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хариуцагч талаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021.08.26-ны өдрийн 1/1159 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг, Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир, спортын улсын хорооны 2022.03.29-ний өдрийн 1/209 тоо албан бичиг, Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир, спортын улсын хорооны 2022.08.30-ны өдрийн 1/568 тоо албан бичиг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022.03.29-ний өдрийн 1/608 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022.08.26-ны өдрийн 1/1159 дугаартай албан бичиг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.О нь ЧДЗДд холбогдуулан “ЧДЗД Н.Батсүмбэрэлийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 тоот захирамжийг хүчингүй болгуулах, өмнөх эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ажлаа өг гэж удаа дараа хэлж байсан, ажиллаж байхад нь өөр хүн томилуулахаар санал болгосон байдаг. Биеийн тамир спортын хорооны ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн урчаас өөрийн хүсэлтээр гарч байна гэдэг өргөдөл гаргасан
өргөдлийг нь тушаал гарснаас хойш буюу 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. тушаал 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан гэдэг байдлаар ханддаг байсан. захиргааны хэм хэмжээний акт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Барилга, байгууламж хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж, өнөөдрийг хүртэл цалин авч ажиллаж байгаа.
Нэхэмжлэгч нь ёс зүйн хувьд ч хариуцлагагүй, санхүүгийн зөрчил дутагдал гарсныг мэдээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч өөр ажил албан тушаалд очсон, Р.О нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл захирамж гарснаас хойш хугацаа хожсон. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс чөлөөлсөн нь зүйтэй юм гэж бодсон.
Тухайн үед Р.Оийг өөрийнх нь санаачилгаар биш ажил олгогчийн санаачилгаар халах ёстой байсан юм шиг байна. Зөрчил дутагдал гаргаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа нь ёс зүйн хувьд нийцэхгүй байна. Манай байгууллага нь тусдаа бие даасан байгууллага учир цалинг өгөхгүй, хаах боломж байхгүй,
Дүгнэлтийг Р.От танилцуулсан, би энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахаа больё. Харин би өргөдлөө бичээд араас чинь очъё гэж тохиролцсон, орон нутгийн мэргэжлийн холбоотой хамтарч ажиллаж чадахгүй байсан учир өөр хүнд санал болгосон, Р.О нь ажлаа хийж чадахгүй байсан гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Р.О нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/399 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 дугаартай “Р.Оийг ажлаас чөлөөлөх” тухай захирамжаар тус дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын ажлаас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт албан үүргээс нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон захирамж ажлаас чөлөөлсөн захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Журам батлах” тухай А/633 дугаар захирамжийг тус тус үндэслэл болгожээ.
Ажлаас чөлөөлсөн захирамждаа “...Р.Оийг өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн ...” гэж нэхэмжлэгч О.Гэрэлчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.
Чингэлтэй дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй талаар зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан ба энэ талаар маргаагүй.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус заажээ.
Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлоо шүүхэд шууд хандаж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй”, 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан.
Ажилтан өөрийн санаачилгаар өргөдөл гаргах болсон үндэслэл нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.
Нэхэмжлэгч Р.Оийн ажил олгогчид гаргасан өргөдлийн агуулгаас үзэхэд 2014 оноос өдий хүртэл Биеийн тамир, спортын хорооны даргын ажлыг гүйцэтгэж ирсэн. Цаашид ажиллах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгаанаа ажил үүргийг хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.
Ажилтан Р.Оийг дээрх өргөдлийг ажил олгогчид гаргахад хариуцагчийн зүгээс шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Р.Оийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд түүний ажил, албан тушаалд өөр этгээдүүдийг томилон ажиллуулах талаар холбогдох байгууллагад санал хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг биеийн тамир, спортын улсын хорооны дарга руу санал хүргүүлэх албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгүүдээр нотлогдож байна.
Хэдийгээр ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл бий болсон буюу ажил үүрэгтээ хайнга хандаж, удаа дараа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэл тогтоогдсон, Р.Оээс дээрх байдлыг хүлээн зөвшөөрснийг үндэслээд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн боловч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тухайн газраа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг үндэслэж түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч энэ нь ажилтныг өөрийн хүсэлтээр ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлт гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжид ажилтны хүсэлтийг үндэслэсэн гэх боловч хэрэгт уг хугацаанд ажилтан хүсэлт гаргасан өргөдөл авагдаагүй, харин Р.Оийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл авагдсан байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтны гаргасан хүсэлтийн дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлд цаг хугацааны хувьд Р.Оийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт хамаарахгүй гэж үзнэ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р.О нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 дугаар захирамжаар Р.Оийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Р.Оийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоов.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил ологчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/56 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Р.Оийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Р.О нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацаа 4 сар 13 хоног буюу 6,326,463 төгрөгийг нэхэмжилжээ.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Р.Оийн цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 1,371,383 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 64,687 төгрөг болох нь хэрэгт авагдсан Р.Оийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Р.Оийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2022 оны 2, 3, 4 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу Р.Оийн ажилгүй байсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 6,326,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Р.От олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч Р.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Р.Оийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+116,173.41 төгрөг/ нийт 186,373.41 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Оийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,326.463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.От олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Р.Оийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 186,373.41 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС