Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03927

 

 

 

 

 

 

 

 

2022 09 29

101/ШШ2022/03927

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ч /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Ц /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,574,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн А.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээр ирж Д ах бид хоёрт мөнгө зээлээч, би хувиараа уул уурхай, газар шорооны ажил хийдэг, энэ ажлыг хийхэд бензин тос, зардал их ордог учраас мөнгө хэрэгтэй байна гэсэн. Бид зөвшөөрч нийт 42,800,000 төгрөгийг 3 хувааж би өөрийн данснаас А.Ц д доорхи байдлаар бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн. Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 32,300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлж зээлсэн. А.Ц нь дээрх зээлсэн мөнгийг төлөлгүй 2022 оны 02 дугаар сар хүрсэн тул бид тооцоо нийлж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож "Тооцоо нийлж төлбөр барагдуулах" гэрээ хийсэн. А.Ц нь гэрээнд заасан нөхцөлүүдийг зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэж гэрээ хийгээд төлөөгүй учраас 5 сарын хугацаанд зээлийнхээ үндсэн хүүг төлнө. 7,500,000 төгрөг 3 хувийн хүүтэй, сарын хүү 225,000 төгрөг болж байгаа, 5 сард үржүүлэхэд 1,575,000 төгрөг болж байгаа, 1 сарын алданги бодсон, 2022 оны 07-08 дугаар сар хүртэлх 34 хоногийн алданги 510,000 төгрөг болж байгаа, ер нь 4 сар 17 хоног байгаа боловч 5 сараар тэгшитгээд бодохыг хариуцагч тал зөвшөөрч байгаа. А.Ц нь утсаар ярьж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэдэг боловч гэрээний хугацаа дууссан ч өдий хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд сүүлийн үед утсаа авахгүй болоод байгаа юм. Иймд А.Ц ээс түүнд зээлдүүлсэн 42,800,000 төгрөг, зээлийн хүү 5,863,000 төгрөг, алданги 2,910,400 төгрөг, нийт 51,574,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 32,300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 42,800,000 төгрөгийг зээлүүлээд хугацаандаа өгөөгүй тул 42,800,000 төгрөг зээлсэн, зээлийн хүү 5.863.000 төгрөг, алданги 2.910.400 төгрөг нийт 51.574.000 төгрөгийг нэхэмжилжээ. А.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 32,300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг хүү, алдангитай нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7,500,000 төгрөгийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Д гээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийг А.Ц зээлээгүй бөгөөд уг мөнгийг О зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхэд О тай хамт Ц , П нар хамт Д дээр очсон байдаг. Энэ талаар Д өөрөө мэдэж байгаа бөгөөд 2020 оны эхээр О өвчний улмаас нас барсан тул Д нь Ц , П нараас та хоёрыг хамт ирсэн учраас би итгэж уг мөнгийг зээлүүлсэн, иймээс та хоёр хувааж төл гэсний дагуу уг мөнгийг хоёр хувааж 7,500,000 төгрөгийг тус бүр төлөхөөр тохиролцсон. А.Ц ийн хувьд 7,500,000 төгрөгийг хэдийгээр өөрөө зээлж аваагүй ч түүнийг хамт ирсэн болохоор итгэж О т зээлүүлсэн гэдгийг ойлгож байгаа тул уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ хүү, алданги тооцож төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гарын үсэг зурсан баримтад нотариатаар баталгаажуулаагүй учраас өгөөгүй гээд байгаа. Энэ баримт бол тухайн үедээ би төлнө гэж гарын үсэг зурсан баримт биш, сүүлд 2020 онд мөнгөө эргүүлж авахын тулд шахалт дарамт үзүүлээд та хоёр байсан учраас энэ дээр гарын үсэг зур гэж байгаад зуруулсан болохоос мөнгө авчихаад шууд зурсан тухайн өдрийн баримт биш. Албан ёсны биш баримт. Сүүлд төлбөр барагдуулах тухай гэрээг хийсэн, тухайн гэрээнд 7,500,000 төгрөг орчихсон байгаа. А.Ц ийн хувьд мөнгийг аваагүй, Д гийн зүгээс та хоёрт итгээд танихгүй мөнгө өгсөн гээд 15 сая төгрөгийг хуваагаад А.Ц ийн гэрээнд 7,500,000 төгрөгийг оруулсан. Төлбөр барагдуулах тухай ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. А.Ц өөрийнхөө авсан мөнгийг өгнө гэдэг ойлголттой гэрээнд нийт үнийн дүнг бичсэн байдаг. А.Ц ийн зүгээс тухайн үед хүлээн зөвшөөрсөн юм чинь одоо өгөхгүй гэхгүй, харин нэгэнт хүний өмнөөс төлж байгаа юм чинь хүү, алдангийг төлөхгүй, 42,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, өөрийн авсан мөнгөний хүү, алдангийг хүлээн зөвшөөрч байна, гагцхүү 7,500,000 төгрөгийн хүү, алданги болох 2,085,000 төгрөгийг хасаж өгөөч гэж хүсэж байгаа гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, нотариатын төлбөр төлсөн баримт /хх-5/, 2022.02.28-ны өдрийн 0325 бүртгэлийн дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-6/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, итгэмжлэл /хх-16/,

хариуцагч талаас: итгэмжлэл /хх-11/, хариу тайлбар /хх-17/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 42,800,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,863,000 төгрөг, алданги 2,910,400 төгрөг, нийт 51,574,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 35,300,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 7,500,000 төгрөгийн хүү, алдангийг төлөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

4. Хэрэгт нэхэмжлэгч Ц.Ч , хариуцагч А.Ц нарын хооронд 2022 оны 02 дугаар 28-ны өдөр байгуулагдсан 0325 бүртгэлийн дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээгээр Ц.Ч аас А.Ц д 2019.11.06-ны өдөр 7,500,000 төгрөг, 2020.07.09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020.04.28-ны өдөр 32,300,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар дурдаж, нийт 42,800,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх- 6/

 

5. Зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээний агуулгаас үзэхэд зээлийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 42,800,000 төгрөгийг зээлсэн гэж тусгасан байх боловч тус өдөр мөнгө бодитоор өгч авалцаагүй талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээг тухайн цаг хугацаанаас өмнө зээлсэн мөнгөний тооцооны хүрээнд бичгийн хэлбэрээр байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1-д үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, талуудын хооронд хийгдсэн мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээнд дурдсан мөнгөнөөс 7,500,000 төгрөгийг н.О зээлэх үед хамт байлцсан, тэр хүн өвчний улмаас нас барсан тул түүний төлөх 7,500,000 төгрөгийг өөрийн зээлсэн мөнгөн дүнд оруулан төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулсан, тухайн мөнгөн дүнгээс хүү, алданги тооцохоор тохиролцоогүй гэх тайлбарыг гаргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

10. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт зээлийн дүн 42,800,000 төгрөгт сарын 3 хувиар хүү тооцож, гэрээгээр тохирсон хугацаа болох 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон шаардах эрхтэй.

 

11. Хариуцагч нь 42,800,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,820,800 төгрөг /42,800,000 х 3 хувь х 4 сар 16 хоног/ буюу гэрээний үүрэгт нийт 48,620,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

12. Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 2.1-д гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 35 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 85,600 төгрөгөөр тооцоход 2,996,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь алдангид 2,910,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алданги тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч А.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт зээл 42,800,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,820,800 төгрөг, алданги 2,910,400 төгрөг, нийт 51,531,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 415,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт 51,531,200 /тавин нэгэн сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,800 /дөчин хоёр мянга найман зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 415,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР