Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/581

 

 

 

 

 

 2021             06             08                                        2021/ДШМ/581                                                                                                                                                                                     

Х.Б-т холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2106000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Х-ийн Б, Өмнөговь аймагт 1965 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг, ........ сумын 0 дугаар баг, 0 дүгээр гудамжны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 9 сар хорих ялаар,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 763 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торох ялаар шийтгүүлсэн.   

Х.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 1482 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О-тай маргалдан хөл, мөр, нуруунд нь 6 удаа хутгалан хүзүүний 6 дугаар нугалмын түвшин дэх нугасны хөндий рүү нэвтэрч нугасыг гэмтээсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, хашаанд байсан хохирогчийн эзэмшлийн “Toyota prius-20” загварын 0162 УБЯ улсын дугаартай автомашины хаалганы цонхнууд, салхины шил, их гэрэл зэргийг сүхээр цохин хагалж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялд шилжүүлж нийт 40 хоногийн хугацаагаар хорих ялыг 9 жил хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 9 жил 40 хоног хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 763 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялд шилжүүлж 53 хоног хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 9 жил 93 хоног хорих ялаар тогтоож, цагдан хоригдсон 87 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Х.Б-аас 1,259,710 төгрөг гаргуулан хохирогч Д.О-т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр Д.О- нь эхнэр Т.Б-г согтоож, хүчээр бэлгийн ажил хийж доромжилсноос болж хутгалж, автомашиныг нь гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг шалгаж тогтоолгүй, шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Хэргийн 15-16 дугаар талд эхнэр Т.Б- болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Гэтэл намайг цагдан хоригдож байхад мэдүүлгээсээ буцаж, худал мэдүүлэг өгсөн байсан. Би Т.Б-г миний эсрэг худал мэдүүлэг өгсөн гэдэгт итгэдэггүй. Би түүнд хэзээ ч гэм хийж байгаагүй, хийх ч үгүй. Харин ч би Т.Б-г надад бурханаас өгсөн бэлэг, миний хань гэж хайрлаж халамжилж байсан. Эхнэр Т.Б-г хөндлөнгийн шахалтаар худал мэдүүлэг өгсөн гэж бодож байгаа ... Энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрвээ эрхэм шүүгчид та бүхэн дээрх ажиллагааг хийх боломжгүй гэж үзвэл хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, миний эрх зүйн байдлыг бодолцон хорих ялаас 3 жилийг хасч өгнө үү. Би тухайн үед эхнэрээ согтуу, биеэ хамгаалах чадваргүй болсон үедээ хүнд дээрэлхүүлэн хүчээр бэлгийн ажил хийж доромжлуулж байгааг нүдээр хараад тэвчиж чадаагүй, тэсээгүй. Эрүүл саруул, ухаантай ямар ч хүн тийм тохиолдолд тэсэж, тэвчихгүй, хань ижлээ өмөөрөх байсан. Хэрвээ дахин шүүх хуралдаан болох тохиолдолд хохирогч Д.О-, эхнэр Т.Б- нарыг оролцуулах хүсэлтэй байна. Ээж минь эдийн засагч мэргэжилтэй, одоо 80 гаруй настай хөгшин бий. Би сэхээтэн гаралтай өөрөө бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо 56 настай, зүрх, бөөрний өвчтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарсан орой хохирогч Д.О- архидалт зохион байгуулсан. Дараа нь Х.Б-ыг хэл амаар доромжлон өвлийн хүйтэн шөнө гэрээсээ хөөж гарган эхнэрийг нь авч үлдээд оролдож зүй бус үйлдэл хийсэн. Үүнийг Х.Б- нүдээр харсан. Мөн эхнэр Т.Б- нь эхний мэдүүлгээрээ тодорхой хэлсэн. Хохирогч Д.О-ын зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг харгалзан үзэж Х.Б-ыг 9 жил, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг хянаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Б- нь Х.Б-ын эхнэр гэсэн албан ёсны баримт байхгүй. Харин тухайн үед Х.Б- ятгаж худал мэдүүлэг өгүүлсэн гэдгийг Т.Б- мэдүүлдэг. Энэ нь хохирогч Д.О-ын мэдүүлэгтэй тохирсон. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэхээс илүүтэй 6 удаа хутгалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг хувийн байдлыг анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял оногдуулж, өмнөх эдлээгүй ялыг нэмж, 9 жил 93 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэрлэсэн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэргээс үзэхэд “... Х.Б- нь гэрээс явахын шаардсанаас болж маргалдан хутгалж, автомашины эд ангийг эвдэж хохирол учруулсан ...” гэх хохирогч Д.О-ын мэдүүлэг /хх 12-13/, “...гэрээс хөөж гаргаснаас болж Х.Б-, Д.О-тай маргалдаж хутгалсан үйл явдлыг харсан ...” талаар гэрч Т.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх 20/, хохирогч Д.О-ын биед баруун хацар, шилэн хүзүү, зүүн мөр, бүсэлхий, баруун гуянд ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шарх үүссэн болохыг тогтоосон шинжээчийн 902 тоот дүгнэлт /хх 23/, хохирогчийн хүзүүний 6 дугаар нугалмын түвшин дэх нугасны хөндий рүү нэвтэрч, нугасыг гэмтээсэн шарх нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 166 тоот дүгнэлт /хх 121-123/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 5-9/, автомашинд учирсан хохирлын үнэлгээ, гэрэл зургууд /хх 35-36, 41-47/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 1482 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О-тай маргалдан хөл, мөр, нуруунд нь 6 удаа хутгалж гэмтээн, хашаанд нь байсан хохирогчийн эзэмшлийн “Toyota prius-20” загварын 0162 УБЯ улсын дугаартай автомашины хаалганы цонхнууд, салхины шил, их гэрэл зэргийг сүхээр цохиж хагалан 450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон байна.

Хохирогч Д.О-ын биед ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хацар, шилэн хүзүү, мөр, бүсэлхий, гуяанд хатгагдсан шарх үүссэний дотроос хүзүүний зургадугаар нугалмын түвшинд нугасны хөндий рүү нэвтэрч нугасыг гэмтээсэн шарх нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Уг шарх гэмтлийг хутгаар учруулсан болохыг хэргийн газарт байсан хүмүүс гэрчлэн мэдүүлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүдийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинж, гэмт санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдэл болон хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоо, хэд хэдэн тогтоолоор ял оногдуулах журам зэрэг Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Б-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ болон хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Гэрч Т.Б- нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Х.Б-ын гуйлт ятгалгад автаж, түүний хүсэл сонирхолд нийцүүлэн “Хохирогч Д.О-т хүчиндүүлснээс болж уг гэмт хэрэг үйлдэгдсэн” хэмээн худал мэдүүлэг өгсөн болохоо тайлбарлаж, хэргийн талаар дахин мэдүүлэг өгсөн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтуудтай тохирч байна. Түүнчлэн, гэрч Т.Б-гийн “... хэрэг гардаг өдөр Д.О- надтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, миний толгой руу цохиогүй. Х.Б- нь цагдаад баригдаад явахдаа надад “Д.О- ах миний толгой руу цохьсон, намайг хүчиндсэн гэж хэлээрэй. Тэгвэл миний ял хөнгөрнө, чи шүүх эмнэлэгт үзүүлвэл Д.О- хуулийн хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Х.Б- нь ууртай, догшин авиртай тул айсандаа худал мэдүүлэг өгсөн...” /хх 20/ гэх мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул “... гэрч Т.Б- мэдүүлгээ өөрчилсөн ...” гэх гомдол үндэслэл муутай байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Х.Б-ын эдлэх ялын хэмжээг тогтоохдоо “... 9 жил 93 хоног ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасантай зөрчилдөж байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар шүүхийн алдааг залруулав.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь тухайн өдөр гэрч Т.Б-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж сэжиглэх үндэслэл тогтоогдож байхад энэ талаар прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь ял завшуулах нөхцөл байдалд хүргэснийг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудад “... 9 жил 93 хоног ...” гэснийг “... 9 жил 3 сар 3 хоног ...” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ        

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН