Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 167

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ж.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Өрнөх овогт Жигжидийн Булгантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030416 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, “City us” авто засварын газар мехиник ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Төв аймгийн  Алтанбулаг сумын 1 дүгээр баг Сумт, Цэргийн байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 60 дугаар байрны 56 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өрнөх овогт Жигжидийн Булгантамир /РД: ЙР87010777/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Иргэн И.Нармандах нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн дугуй засвар газрыг нэг өдрийн 10,000 төгрөгөөр түрээслэхээр Ж.Булгантамиртай ярьж тохирон эд зүйлийн хамт хүлээлгэж өгсөн боловч яллагдагч Ж.Булгантамир нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдад зарж борлуулан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.Булгантамир: “...Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч И.Нармандах хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булгантамир гэдэг залуу зарын дагуу хүрч ирээд дугуй засварын газар түрээслэж болох уу гэж хэлэхээр нь өдрийн 10,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Манай хүү Ариунболд 19-ийн үйлчилгээний төвийн хажууд байдаг дугуй засвараас дутуу багажнуудыг бүрдүүлээд Нисэхэд байдаг дугуй засвар дээр 18 цагийн үед буулгасан. ...Маргааш өглөө нь 09 цагийн үед манай хүү Ариунболд ирээд Булгантамир гэдэг залуу хулгайч байсан байна, би замаараа  дугуй засвараар ороод харахад дугуй засварт байдаг 1 ширхэг данхраад, комьпрессор, дугуй хийлдэг аппрат, хий шахдаг шланк, дугуй задлагч, дорцов тус бүр 1 ширхэг, дугуйны нөхөөс, сүвлээс, зүү комоороо алга байна гэж хэлэхээр нь нөхөртэйгээ гараад дугуй засваруудаар Булгантамирыг хайгаад олоогүй. ...Надад гомдол санал байхгүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” /хх-ийн 20-21, 23/  гэсэн,

 

 

Шүүгдэгч Ж.Булгантамир хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зарын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын баруун хойно байдаг дугуй засварыг түрээслэхээр Нармандах гэдэг эгчтэй ярьсан. ...Цахилгаан байхгүй орой 18 цагт ирнэ гэж хэлэхээр нь хүлээгээд сууж байгаад нэг такситай ах хүрч ирээд ахдаа дугуй янзлаад өгөөч хий нь дүүрчихээд байна гэж хэлэхээр нь тэгье гээд дугуй хийлэгч, данхраад, шланк, таслагч зэргийг авч яваад нөгөө ахад машиныг янзалж өгсөн. Тэгээд нөгөө ахтай би 2 шил архи хувааж ууж байхад нөгөө ах энэ зүйлүүдээ зарах юм уу гэж асуухаар нь дүү нь зарна гэж хэлсэн. ...Надад мөнгөний хэрэг болоод тэр үед би архи уучихсан байсан болохоор дахиж архи уумаар санагдаад Нармандах эгчийн эд зүйлийг хэлэлгүй хулгайлж аваад өөрийн юм шиг бодоод зарсан. ...30,000-40,000 төгрөгөөр зарсан. Би архи уугаад байдаггүй болохоор амархан тасардаг, нэг мэдэхэд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 1 дүгээр хороололд 2 дугаар байрны 1 дүгээр орцонд сэрсэн... ” /хх-ийн 31-32, 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгч Ж.Булгантамирын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Одмягмар /хх-ийн 24/, Ш.Ганхуяг /хх-ийн 25/, Б.Жигжид /хх-ийн 61/, Э.Отгонцэцэг /хх-ийн 62/  нарын мэдүүлэг, тодорхойлолт /хх-ийн 37/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43/,

- Шүүгдэгч Ж.Булгантамирын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 44/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ж.Булгантамир нь 2017 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч И.Нармандахын дугуй засварын газрыг өдрийн 10,000 төгрөгөөр түрээслэхээр тохирон хүлээлгэж өгсөн дугуй хийлэгч аппрат, дорцов, данхраад, 15 метр шланк, дугуй задлагч, хайрцаг зүү, нөхөөс, олс зэрэг эд зүйлийг бусдад зарж борлуулан хохирогч 485,000 төгрөгийг хохирол учруулан, бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч И.Нармандахын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Ж.Булгантамирын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Булгантамирыг бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Булгантамир урьд нь өв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Нармандахад 485,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан /эд зүйлийн үнэлгээ хх-ийн 43/, хохирогч И.Нармандах хэрэг бүртгэлтийн шатанд “...Надад гомдол санал байхгүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

 

Шүүгдэгч Ж.Булгантамирын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч И.Нармандах хэрэг бүртгэлтийн шатанд Надад гомдол санал байхгүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ж.Булгантамир шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрлийн гэрээг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ж.Булгантамирыг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Булгантамир нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726030416 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өрнөх овогт Жигжидийн Булгантамирыг хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Булгантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 201726030416 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Булгантамирт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Булгантамирт урьд авсан авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР