Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00739/и |
Дугаар | 001/ХТ2016/00739 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2016/00739
“Сэлэнгэ Минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэр,
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар магадлалтай,
“Сэлэнгэ Минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагад холбогдох
Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Шараагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сугар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн төлөөлөгч Г.Шараа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: “... “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагын доор үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд нь “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэх газрын давхцлын асуудлыг захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Хэргийн материалд тогтоол, шийдвэрийг хавсаргасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж тодорхой заасан байдаг. Өнөөдрийг хүртэл хариуцагчийн зүгээс “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар дээр үйл ажиллагаа давхцуулахгүй явуулж байгааг тогтоосон нотлох баримт байхгүй. Бид нар үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн гэхдээ хоорондоо зохицмоор байна гэхээр ярилцдаггүй. Бидний зүгээс хэргийн газар очиж үзлэг хийлгэх үнэхээр тухайн газарт гар аргаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулж байгаа юм уу гэдгийг тогтоолгоё гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан, шүүхээс шаардлагагүй гэж үзсэн. Үүн дээр талуудаас ямар нэгэн гомдол гаргаагүй. Иймээс нэг жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангалттай нотлох баримт бүрдсэн учраас дахин нотлох баримт бүрдүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн “Сэлэнгэ Минералс” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрийн захиргааны эрх бүхий байгууллага Ашигт малтмалтын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарт бор толгой гэх газарт ашигт малтмал ашиглах МЗ017548 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан энэ тусгай зөвшөөрлийн талбай дээр “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ-ын нэрийн доор нийтдээ 3-4 нөхөрлөл одоо үйл ажиллагаа явуулж байгаа, ямар нэгэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл аваагүй, газар эзэмших гэрээ гэрчилгээгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай дээр үйл ажиллагаа явуулаад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд өнөөдрийг хүрсэн юм. Бидний зүгээс сумын төрийн захиргааны байгууллага, засаг даргад бидний тусгай зөвшөөрөл явуулах эрхийг ашигт малтмалын тухайн хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бидэнд ашиглах эрхийг тусгай зөвшөөрөөд олгодог төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгосон хангаж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байсан боловч Засаг дарга дорвитой арга хэмжээ аваагүй, ИТХурлаас харин ч бидний эсрэг шийдвэр гаргасан байдаг ... Өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн талбайд манай компани үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагад газар эзэмших эрх олгоогүй … Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар өмчлөх эрхтэй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхтэй юм” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Шараа, түүний өмгөөлөгч Г.Даваа нарын гаргасан хариу тайлбарт: “Манай төрийн бус байгууллага нь 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж, хүмүүс ажилгүй үеэс эхлэн байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Бид нар бол ерөөсөө дураараа байгаагүй. Анх “Бороо гоулд” ХХК-ийн удирдлагуудтай нь 2006 оны 04 сард уулзаад тухайн үед ажиллаж байсан Альфа хамгаалалтын албыг буулгаад л гар аргаар алт олборлогч нар ажиллаж эхэлсэн.Тэгээд 2014 оныг хүртэл ажиллаж ирсэн. 2014 оны 06 сард “Сэлэнгэ Минералс ХХК” гарч ирсэн юм. Гэтэл уг компани нь хайгуулын зөвшөөрлөө 2004 онд, Улсын бүртгэлийн гэрчилгээгээ 2006 онд, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө 2014 онд авсан байдаг. Мөн хайгуулын лиценз нь 30 жилээр сунгасан байдаг. Уг нь 3 жилээр сунгаад явдаг юм. Тиймээс өмгөөлөгчтэйгээ адилхан саналтай байна. Ашигт малтмалын ерөнхий газраас нотлох баримтуудыг гаргуулсны дараа хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ “Сэлэнгэ Минералс” ХХК-тай ярилцаж тохиролцоод асуудлыг хэн хэндээ хэрэгтэй байдлаар шийдвэрлэх гарц харагддаг юм. “Сэлэнгэ Минералс” ХХК нь онцгой эрхээр МҮ017548 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценцийг авсан байдаг, энэхүү гэрчилгээг авахдаа ямар нотлох баримт бүрдүүлж авсан тухай хэргийн материалд авагдаагүй байдаг, тиймээс ашигт малтмалын газраас онцгой эрхийн тусгай зөвшөөрлийг авахдаа бүрдүүлсэн нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргаж байна, хариуцагч талаас тухайн байгууллагын нууцтай холбоотой нотлох баримтыг гаргуулах эрх бидэнд байхгүй гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх нотлох баримтыг гаргах эрхтэй учраас энэхүү хүсэлтийг гаргаж байна. “Сэлэнгэ Минералс” ХХК тусгай зөвшөөрлөө авах талаар мөн тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Баянгол сумын Засаг дарга нарт хүсэлт гаргаж байсан боловч албан ёсоор шийдвэрлэж өгөөгүй байдаг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн хүсэлтийг Баянгол сумын Засаг даргад шилжүүлсэн тухай өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Баянгол сумын Засаг дарга н.Энхбат “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Шараа гуайд хандан дараах тодорхойлолтыг гаргасан байдаг, үүнд 2014 онд “Сэлэнгэ Минералс” ХХК МҮ017548 ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценцийг авахдаа Сумын төрийн захиргааны байгууллагад хандаж ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно гэх тодорхойлолт байдаг, үүнээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж хэн ч байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа хуулинд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай байдаг учраас дээрх гэрчилгээг авахдаа бүрдүүлсэн нотлох баримтууд хуулинд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон эсэхийг тогтоосноор газар чөлөөлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх нэмэлт өөрчлөлтийн бүртгэл дээр ашигт малтмалын хайгуул хийх гээд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2040 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэсэн байдаг, хайгуул хийх гэж байгаа юм бол 3 жилийн хугацаатайгаар сунгагдах ёстой, олборлолт хийх гэж байгаа юм бол 30 жилийн хугацаагаар сунгагдах ёстой гэх мэтчилэн зөрчилтэй баримтууд байдаг, эдгээрээс харахад зөрчилтэй нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэж болж байгаа юм уу. Гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас хуулийн хүрээнд авагдсан эсэхийг тогтоосноор уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-017548 дугаар 574.98 гектар талбай бүхий тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сум Бороо нэртэй газрыг хариуцагч “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сэлэнгэ Минералс” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Шараагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Шараагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо" ТББ-ын тэргүүн, “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийн хариуцагч Г.Шараа би Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар магадлалын зарим заалтыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт: “... хариуцагч тал “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон эсэхийг тогтоосноор газар чөлөөлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхэд хүсэлт гомдол гаргасан боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлж, тайлбараа гаргах учиртай” гэжээ. Хариуцагч миний бие, өмгөөлөгчийн хамт анхан шатны шүүх хуралд оролцохдоо “Сэлэнгэ Минералс” ХХК нь анх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахдаа ямар нотлох баримтыг бүрдүүлсэн талаарх лавлагааг Ашигт малтмалын газраас гаргуулах тухай хүсэлт гаргасан. Заавал сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон эсэх, мөн “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй эсэхийг нэг мөр шийдвэрлэх боломж байсан гэж үзэж байна. Мөн магадлалд хариуцагч тал Баянгол сумын Бороо нэртэй газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоо, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэх талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй гэх боловч миний бие урд нь давж заалдах гомдол гаргахдаа Газрын тухай хуулийн 27, 29 дүгээр зүйл заалтыг тодорхой дурдаж бичсэн. Уг хуулийн 27, 29 дүгээр зүйлд "... бичил уурхайчдад ашигт малтмалын газрын эзэмшүүлнэ” гэж заагаагүй. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “ ... бичил уурхайгаар ашигт малтмал олгоход тусгай зөвшөөрөл олгох шаардлагагүй” болохыг заасан. Иймд “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ-ын гишүүд нь хуулиар олгогдсон ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй, гэхдээ … жил олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулсан. Харин “Сэлэнгэ Минералс" ХХК нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно. Хариуцагч тал холбогдох хуулийн заалтыг үндэслэж, мөн хууль зөрчсөн асуудлын талаар тодорхой дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад “анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримтаа гаргаагүй" гэдгээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Харин ч анхан шатны шүүхээр шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан байхад түүнийг хангаж шийдвэрлээгүй шүүхийн шийдвэрийг зөвтгөж, шийдвэрлэх асуудалд анхаарч үзсэнгүй нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна. Иймд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Сэлэнгэ Минералс” ХХК нь хариуцагч “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагад холбогдуулан “Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Сэлэнгэ Минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон эсэхийг тогтоосноор газар чөлөөлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж маргажээ.
“Сэлэнгэ Минералс” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо нэртэй газарт оших 574,98 гектар талбайд хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашигт малтмал ашиглахаар 2014 оны 06 сарын 04-ний өдрийн MV-017548 тоот тусгай зөвшөөрлийг авсан, компани энэ талбайгаа чөлөөлүүлэх тухай албан хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /хх-4,7,10,11/
Анхан шатны шүүх “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ нь Баянгол сумын Иргэдийн хурлын болон Засаг даргын газар эзэмшүүлэх талаар болон газрын албатай байгуулсан гэрээ байхгүй гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн хариуцагч “Хараа нутгийн ажилгүйчүүдийн холбоо” ТББ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо нэртэй газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоо нотолж чадаагүй буюу төрийн захиргааны байгууллагаас авсан зөвшөөрлийн баримт, газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, ийм төрлийн баримт байгаа талаар тайлбар гаргаагүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Шараагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн төлөөлөгч Г.Шараагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН