Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 561

 

Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх шүүгдэгч Г.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, М.Энхтуяа, О.Батсүх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр магадлалтай, Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох 201511000035 дугаартай эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/14 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарайд түвд овогт Г-н Ц,

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Г-н Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулах”, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Долоод овогт Ц-ын Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ц, Г.Б нарыг урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Ц.Т-ыг бусадтай урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Г.Ц-ын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Г.Б-ийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Г.Ц-ын төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 15,000,000 төгрөгөөр торгох ял, Г.Б-ийн нягтлан бодогч албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 12,000,000 төгрөгөөр торгох ял, Ц.Т-ыг төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Ц, Г.Б нарт оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сар хорих үндсэн ялыг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгээр, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр тус тус зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Т-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргээс 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

2 дахь заалтыг “Прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр шилжүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,                                             

3 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Т-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй”,

4 дэх заалтыг Г.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай”,

5 дахь заалтыг “Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц-ас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 55,957,777 төгрөгөөс Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 44,394,777 төгрөгийг, 11,563,000 төгрөгийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст, шүүгдэгч Ц.Т-аас 11,563,000 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст тус тус олгож, иргэний нэхэмжлэлээс үрэгдүүлсэн гэх үйлдэлтэй холбогдох 22,659,210 төгрөг, Хөдөлмөрийн хэлтсийн хохирол дүгнэхдээ тооцооны алдаа гаргасны улмаас илүү тооцсон 34,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай”,

6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ын эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт Улаанхудгийн зүүн хэсэгт 12 дугаар гудамжны 05 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614015638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1 дүгээр багийн нутаг Даавууны үйлдвэрийн урд талд 1-2 тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-0614007420 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, шүүгдэгч Ц.Т-ы эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 21-23 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614002337 дугаартай орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Дүнзэн гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614005800 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614005294 дугаартай газар, 1 дүгээр баг Улаанхудгийн хойд хэсэг гудамжны 16-03 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614002585 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэж тус тус  өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/14 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч хянахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Г.Б-ийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Г.Ц, Г.Б нар нь 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн нэмэлт орлогоос зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд үрэгдүүлэх шинжийг хуульчлаагүй, уг орлогоос хувьдаа завшсан үйл баримт тогтоогдоогүй гэж, Г.Б-д холбогдох 2,450,000 төгрөгийг завшихад хамтран оролцсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Г.Б-г бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нь нотлогдоогүй гэжээ. Түүнчлэн Г.Б нь байгууллагын мөнгөн хөрөнгийг Г.Ц-тай хамтран захиран зарцуулахдаа гүйлгээ бүрийн бодит үндэслэлийг нягтлан шалгаагүй, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, Г.Ц-ын хэлснээр шилжүүлэгт гарын үсэг зурж, гүйцэтгэж байснаараа шүүгдэгч Г.Ц-д гэмт хэрэг үйлдэхэд тус дөхөм болж байсан гэдэг нь нотлогдож байгаа ч тэрээр Г.Ц-г дээрх мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглаж байгааг мэдэж, гэмт хэрэг үйлдэхэд нь туслах зорилгоор нэгдсэн гэж үзэхэд гэм буруу эргэлзээтэй гэх үндэслэлээр Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл уг магадлалын тогтоох хэсэгтээ Г.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэг авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр Г.Ц, Г.Б нарыг Монгол Улсын Нягтлан бодох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байх ба энэхүү дүгнэлтийг үндэслэн улсын яллагч нь Г.Ц, Г.Б нарыг яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрх бүхий мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн, дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нараас шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт хөтлөгдөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлж үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн давж заалдах шатны шүүх нэг шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ нэг шийдвэрээр хоёр өөр дүгнэлт хийсэн төдийгүй дээрх гэмт хэрэг үйлдэх үндсэн шалтгаан нь Г.Б-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхад хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч М.Энхтуяа хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байна. Давж заалдах шатны шүүх Г.Б-д холбогдох хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Харин Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Батсүх хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж Г.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ц-ын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчилж хууль буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах эрх хасах болон хорих ялын доод хэмжээг заагаагүй байтал 2015 оны энэ төрлийн гэмт хэрэгт эрх хасах ялыг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хууль ашигтай байна. Иймд Г.Ц-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг 4 жил болсон, хяналтын шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж хэргийн шийдвэрлэлт удааширч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон байна. Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжих боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ алдаа гаргажээ. Үүнд: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглээгүй, мөн Г.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн боловч Г.Б-г мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж өөрчилсөн үндэслэлийн талаар магадлалд дүгнээгүй, түүнчлэн анхан шатны шүүх Г.Б-гаас 33,526,993 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа 33,526,993 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг магадлалаар хүчингүй болгоогүй зэрэг зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/14 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Ц, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ц нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2013 онд байрны цонх солих тендерийн ажлын орлогоос П.С, Н.О нарын дансаар дамжуулан 2,450,000 төгрөгийг завшсан,  

2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлэн 41,944,777 төгрөгийг завшсан,

Шүүгдэгч Ц.Т-тай урьдчилан үгсэж тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Д-ын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,

“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Б-ийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Б-аар гарын үсэг зуруулж, Ц.Т-тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Т-ы “Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан,

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Т-д жолооч Т.Э-аар дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч, 23,126,000 төгрөгийн буюу нийт 90,179,986 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Т нь шүүгдэгч Г.Ц-тай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Д-ын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,

“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны дарга С.Б-ийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга Г.Б-аар гарын үсэг зуруулж, Г.Ц-тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

“Өлзий-Энхжүүлэгч” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5405258070 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, жолооч Т.Энхбаатараар дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,126,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц, Г.Б, Ц.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.Ц-г урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Ц.Т-ыг бусадтай урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Ц, Г.Б нарт холбогдох 22,659,210 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэх үйлдлийг “завшсан үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд үрэгдүүлсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль энэ шинжээр нь эрүүжүүлээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ц, Ц.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлж шүүгдэгч Г.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Т-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан   Г.Ц-н зарим хорих ялыг биечлэн эдлүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Г.Б-ийн үйлдлийн талаар хэрэгт авагдсан үйл баримтад эрх зүйн оновчтой бус  дүгнэлт хийж гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн үйл баримтдаа Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн, шүүгдэгчийн үйлдэл нь завших болон албан тушаалаа урвуулах гэмт хэргийн шинжгүй боловч өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж буй эсэх талаар шинжилж үзэхгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Г.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Г.Ц-тай бүлэглэн үйлдсэн гэж яллагдсан бөгөөд Г.Ц-ын үйлдэл нь албаны ашиг сонирхлын эсрэг, төр засгийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үр дагаварт чиглэгдэж буйг мэдээгүй байж энэ гэмт хэрэгт санаатай нэгдээгүй байж болох боловч байгууллагын нягтлан бодогчоор ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа төсвийг ерөнхийлөн захирагч буюу байгууллагын даргын хууль бус үйлдэлд санхүүгийн хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас энэхүү гэмт хэргийг гарах шалтгаан нөхцлийг бий болгосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч Г.Б-г албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэг болгон өөрчилж, хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Дорнод аймаг дахь МСҮТ-ийн данснаас авсан мөнгөнөөс Г.Б хувьдаа авсан, ашиг олсон гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, харин Г.Ц нь дангаараа хувьдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул Г.Б-гаар хохирол төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ Дорнод аймаг дахь МСҮТ болон Хөдөлмөрийн хэлтэст учирсан 55,957,777 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Ц-ас гаргуулж, харин шүүгдэгч Г.Б-г дээрх мөнгийг завшаагүй байдлыг үндэслэн төлбөр гаргуулаагүй шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6/14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН