Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0244

 

“Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Эй Жи Жи Эс” ХХК-ийн хууль ёсоор ашиглаж буй газарт давхцуулан газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Эй Жи Жи Эс” ХХК-нд хамаарах хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь “Эй Жи Жи Эс” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Эй Жи Жи Эс” ХХК-ийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/611 тоот захирамжийн “Эй Жи Жи Эс” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Эй Жи Жи Эс” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай шаардлага бүхий “Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2-т зааснаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 дүгээр-захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 236.911 м.кв газрыг Ус сувгийн удирдах газарт аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлээгүй, харин нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн тус газарт нийтийн цэвэр, бохир усны трасст, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор олгосон байна. ...” гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актын агуулгыг шүүх буруугаар тайлбарласан байна. Нийслэлийн Засаг даргын захирамж нь хэн ч энгийн ухамсарын түвшинд харсан Ус сувгийн удирдах газарт газар эзэмшүүлсэн нь тодорхой байна.

Шийдвэрт дурдсанчлан дагуу Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” 36 дугаар тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/45 дугаар тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010-2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хүрээнд “Шинээр 2012 /2011/ онд баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, ТЭЗҮ боловсруулахаар” тус тус төлөвлөгдөж, Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолоор “Яармаг, Шинэ Яармагт баригдах орон сууцны жагсаалтыг” баталж, тогтоолын хавсралтад заасан ажлыг тухайн орон нутгийн Засаг даргатай хамтран зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, илт хууль бус захиргааны акт гаргах үндэслэл биш юм.

Шүүх шийдвэртээ эдгээр баримт бичгийг дурдсанаараа “Эй Жи Жи Эс” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-297 дугаар тушаалын үндсэн дээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 2011/115 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээний үндсэн дээр хуулийн дагуу ашиглах эрх бүхий газартаа тус хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөлтийн хүрээн д эскиз зураг гаргаж, батлуулан газраа ашиглах эрхийг нотолж байна.

Маргаан бүхий захиргааны актаар Нийслэлийн Засаг дарга газрын хэвлий ашиглуулахаар гараагүй бөгөөд газар эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн заалтыг баримтлан гаргасан нь хэрэгт байгаа захирамжаар нотлогдож байгаа болно. Мөн газар доор шугамаас гадна, манай хууль ёсоор ашиглаж байгаа газар дээр зам тавихаар төлөвлөсөн нь манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн тусгай хамгаалалттай газарт газар эзэмшүүлэхээр олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаар захиргааны илт хууль бус акт болох нь тогтоогдож байгаа юм.

Иймд анхан шатны шүүх дээрх шийдвэрээр нэхэмжлэгч “Эй Жи Жи Эс” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/611 тоот захирамжийн “Эй Жи Жи Эс” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Эй Жи Жи Эс” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-297 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн задгай нэртэй газарт 10 га талбайг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулжээ.

Гэтэл Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоол, 2010 оны 36 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Засгийн газар 2010 оны 198 дугаар тогтоолоор “Шинэ Яармаг” орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлын төлөвлөлт эхэлсэн байжээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор буюу цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2011 оны 09 дүгээр сарын 12-нд газар ашиглах эрх олгохоос өмнө “Яармаг, Шинэ Яармагт баригдах орон сууцны жагсаалтыг” баталж, тогтоолын хавсралтад заасан ажлыг тухайн орон нутгийн Засаг даргатай хамтран зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Өөрөөр хэлбэл, уг газар орчинд Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын хүн амын шинэ суурьшлын бүсэд “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа” зэрэг төсөл хэрэгжүүлэх талаар Засгийн газар, харьяа яамд түүний дотор Байгаль орчин, аялал жуучлалын яам Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны хөтөлбөр батлах үед мэдэж, оролцож байсан байна.

Улмаар Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг тогтоосон бодлогын баримт бичиг батлагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 дүгээр захирамжаар Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос станцын барилга байгууламж, цахилгааны шугамын трасст зориулж Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236911 м.кв газрыг Ус сувгийн удирдах газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын А/611 дүгээр шийдвэр нь Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний бөөгнөрлийг задлах зохистой чиглэл, хотын оршин суугчдын амьдрах орчны чанар аюулгүй байдлыг хангах, хотын газрыг үр ашигтай ашиглах инженерийн шугам сүлжээ, замын байгууламжийг шинэчлэх шаардлагыг бодолцон нийслэл хотын хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн баримт бичгийн хүрээнд төлөвлөж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Улсын Их Хурал Засгийн газрын шийдвэртэй харилцан уялдаа холбоотой, үе шатны шийдвэр байна.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоос эхтэй бүсчилсэн хөгжлийн тодорхой үе шатны шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга 2015 оны А/611 дүгээр захирамжаар гаргасан нь “Эй Жи Жи Эс” ХХК-д газар ашиглуулах эрх үүссэнээс өмнө эхэлсэн үйл ажиллагааны үргэлжлэл байна.

Дээрхээс үзэхэд “Шинэ Яармаг” орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасс, бохир усны өргөлтийн насос зэргийг барихад зайлшгүй шаардлагатай газрыг уг асуудлыг хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагад эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-тэй нийцсэн бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар ашиглах эрх үүссэн газар энэ газартай тодорхой хэмжээгээр давхцсан нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар Улаанбаатар хотын “Шинэ Яармаг”, “Буянт-Ухаа” зэрэг төсөлд нийцүүлэх шаардлага тавьж, нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг батлахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ