Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/00155

 

 

 

 

 

2023 01 09

181/ШШ2023/00155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.А , түүний өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, түүний өмгөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч М ХХКхолбогдуулан тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...миний бие Г-ны А нь 2010 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч М ХХК-д ажилд орсон бөгөөд 2021 оны 10 дугаар сараас тус ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 836 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд 7 дугаар сарын 18-ны өдөр намайг уг тушаалтай танилцуулсан.

Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 болон 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн ХГ-М-18-2240 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд ТУШААХ хэсгийн 1-т ...албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул... гэжээ.

а. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан гэж заасан.

М ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр С ХХК-тай BSCS MAINTENENANCE PROFESSIONAL SUPPORT SERVICES AGREEMENT гэрээ байгуулсан байдаг.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог. Миний хувьд тус гэрээг байгуулахад нөлөө үзүүлээгүй, С ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд уг асуудалд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн М ХХК-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй болно.

б. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан.

Миний бие М ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер албан тушаалтай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал Монгол Улсын Дээд Шүүхийн Зөвлөмжийн 3.1-т зааснаар Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой байдаг бөгөөд М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар тушаал нь үүнтэй нийцэхгүй байна.

в. М ХХК-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн, тэгш оролцоогоор хангаагүй бөгөөд Дотоод аудитын алба уг асуудалд хараат бус, үл итгэх байр суурьнаас хандаагүй.

Тушаалд дурдсан дээрхи зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хариуцагч М ХХК нь уг дүгнэлтийг надад танилцуулаагүй.

г. Мөн ажлын бус оройн цагаар дуудаж, дарамт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх, хариуцлага хүлээх тухай өргөдөл бичүүлсэн.

Иймд М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...а. Нэхэмжлэгч Г.А нь тус ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, компаниас хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан болох нь тогтоогдсон.

Тодруулбал Г.А нь тус албан тушаалд ажиллаж байхдаа М ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан.

Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар С ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан.

С ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-д ажиллаж байсан Г.А , Э.Э , Ж.Э нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон.

Түүнчлэн Г.А нь өөрийн үеэл З.Дөлгөөнийг, Ж.Э нь өөрийн багын найз А.Б г, Э.Э нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д.Тэрбиш нарын нэр дээр С ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компаниа ашиглаж М ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулуулж хувийн ашиг сонирхолдоо ашигласан болох нь тогтоогдож, түүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

М ХХК нь Япон Улсын хөрөнгө оруулалттай компани бөгөөд үйл ажиллагаандаа хууль, журмыг удирдлага болгон ажилладаг. Үүний дагуу компани ажилтнууддаа эрхэлж буй албан тушаалдаа үнэнч, чин шударга ажиллах итгэл, найдварыг бүрэн хүлээлгэдэг.

Гэвч манай компанийн итгэл, найдварыг хувьдаа ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, хувьдаа ашиг олж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Г.А , Корпорацийн стратеги удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны Төслийн менежер Э.Э , Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн инженер Ж.Э-р нарт итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Г.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

б. Компанийн нэр бүхий ажилтнуудын хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байсан тул манай компаниас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 28-16/8206 тоот албан бичгээр нотлогдож байна.

Тодруулбал, Г.А гийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах зохигчдын маргаж байгаа үндэслэлийн талаар Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд Г.А гийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зуйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, М ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн №ХГ-М-18-2240 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/799 дүгээр Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 4-10, 120/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: өөрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /орчуулгын хамт/, НТЖ-1009:70 дугаар Хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралтын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан SAR-IAD-042022 дугаар Тусгай Аудитын тайлангийн хуулбар, С ХХК-тай байгуулсан 11-806-20-1099, 11-806-20-2152, 11-806-21-0887, 11-806-21-1360 дугаартай БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ, хавсралтын хуулбар /орчуулгын хамт/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 28л-1б/8206 дугаар албан бичгийн хуулбар /хх 26-117, 129/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/14583 дугаар захирамжаар М ХХК-ийн Ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1224 дүгээр Ажилд томилох тухай тушаал, хавсралтын хуулбар, тус ХХК-ийн Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх үндсэн журмын хуулбар, Г.А тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн №ХГ-М-21-2240 дүгээр Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Г.А гийн бичгээр гаргасан 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хүсэлт, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн өргөдөл /хх 131-153/ зэргийг,

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/16616 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2011008381725 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх 161-166/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...М ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр С ХХК-тай BSCS MAINTENENANCE PROFESSIONAL SUPPORT SERVICES AGREEMENT гэрээ байгуулсан. Миний хувьд тус гэрээг байгуулахад нөлөө үзүүлээгүй, С ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд уг асуудалд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн М ХХК-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй. Миний бие М ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер албан тушаалтай байсан бөгөөд энэ нь "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт хамаарахгүй. М ХХК-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн, тэгш оролцоогоор хангаагүй бөгөөд уг асуудалд хараат бус, үл итгэх байр суурьнаас хандаагүй. Тушаалд дурдсан зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй уг дүгнэлтийг надад танилцуулаагүй. Мөн ажлын бус оройн цагаар дуудаж, дарамт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх, хариуцлага хүлээх тухай өргөдөл бичүүлсэн. ... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Г.А нь М ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерээр ажиллаж байхдаа тус ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан. Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар С ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. С ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-д ажиллаж байсан Г.А , Э.Э , Ж.Э нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон. Компанийн нэр бүхий ажилтнуудын хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байсан тул манай компаниас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. ... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.А нь 2010 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс хариуцагч М ХХК-д ажиллаж эхэлсэн гэх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс тус ХХК-ийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд томилогдон ажилласан болох нь Ажилд томилсон тушаал, хавсралтын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

4.2. М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1.5, 4.1.2.16, 4.1.2.17.5, 4.1.2.17.7 дахь заалт, ажилтантай 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ХГ-М-18-2240 дүгээр хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Г.А нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай ... гэсэн үндэслэлийг заажээ.

5. Талууд ажилтнаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан үйлдэл гаргасан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар маргаж байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

7. Хэрэгт авагдсан М ХХК-ийн дотоод аудитын албаны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан SAR-IAD-042022 дугаар Тусгай аудитын тайлангийн хуулбараас үзвэл, тус ХХК-ийн С ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11-806-20-1099 дүгээр гэрээ буюу 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сарын хооронд болсон процесс, бичиг баримт, мэдээллүүдийг хамруулан шалгахад, бэлтгэн нийлүүлэлтийн журам, Ерөнхий захирлын 268 дугаар тушаалыг зөрчин байгуулсан ба санхүүгийн чадавх болон хаяг байршил тодорхойгүй компанитай Төлбөр тооцооны системийн техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан процесс нь ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн байх магадлалтай болохыг тогтоожээ.

Ингэхдээ тухайн гэрээтэй холбоотой дүрэм журам, процессуудыг судлан хамааралтай программуудын тайлан мэдээлэл, холбогдох ажилтнуудаас ирүүлсэн мэдээллийг үнэлэх, тайлбар авах, ярилцлага хийх зэрэг аргуудыг ашигласан гэх бөгөөд тус ХХК-ийн дотоод аудитын албаны захирал С.Ганчулууны Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Г.А тай хийсэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Г.А гийн тус ХХК-ийн захиргаанд бичгээр гаргасан 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хүсэлт зэргээс үзвэл Г.А нь өөрийн хамаарал бүхий этгээдийн хувьцаа эзэмшдэг С ХХК-иар дамжуулан М ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулах үйл ажиллагаанд оролцсон буюу өөрийн ёс зүйн хариуцлагын алдаа гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнийг ийнхүү тайлбар, мэдүүлэг гаргахад нь аливаа этгээдээс дарамт шахалт үзүүлж, нөлөөлсөн гэх шалтгаан, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх тохиолдлууд хамаардаг.

Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

9. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлийг дурдахдаа 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан,, 5.1.4-т Ажилтан компанид хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан нь гэнэтийн тооллого шалгалт болон бусад шалтгаанаар тодорхой болсон санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд,, 5.1.11-д Ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзэхээр, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2.17-д дараах зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгээр шууд цуцалж болно гэсний 4.1.2.17.5-д Корпорацийн эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг дур мэдэн хувьдаа ашигласан, завшсан, хулгай хийхийг завдсан, хулгай хийсэн болох нь тогтоогдсон,, 4.1.2.17.7-д Энэ журмын 4.1.2.1-4.1.2.16 заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасны улмаас Корпорацид их хэмжээний хохирол учирсан,, 4.1.2.16-д Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад болон өөртөө давуу байдал олгосон, хувийн ашиг хонжоо олох зорилгоор өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлсэн, иргэн хуулийн этгээдэд хууль бус амлалт өгсөн, шууд буюу зуучлагчаар дамжуулан тэднээс авилга, шан харамж хүссэн; гэж тус тус заажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтан Г.А г хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасныг ноцтой зөрчиж албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан нь дотоод аудитын дүгнэлт, ажилтны өөрийн тайлбар зэргээр тогтоогдсон хэмээн үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдлыг буруутгах боломжгүй байна.

Харин дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэсэнд шууд хамаатуулах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Иймд М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Г.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Г.А г Ж.Э тай бүлэглэн С ХХК-ийг иргэн Н.Пүрэвсүрэнгээс худалдан авч компанид өөрсдийн хамаарал бүхий З.Дөлгөөн, А.Б , Д.Тэрбиш нарыг хувьцаа эзэмшигчээр оруулж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр М ХХК-ийг С ХХК-тай ВиСиСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ байгуулж ажил албан тушаалаа ашиглан нөлөөлж гэрээ байгуулж М ХХК-иас ажил гүйцэтгэлийн төлбөр шилжүүлэх үед С ХХК-д хувьцаа эзэмшдэг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас шилжүүлэн авч гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М ХХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй асуудал нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүйг дурдаж байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх боловч уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 836 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.А гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.А гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН