| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч М.А,
Шүүгдэгч Ж.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Ж-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Баруун бүсийн эрчим хүчний засварчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, .... овогт Ж.Ж.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Ж нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээр эхнэр Б.Б, тэдний охин ... нас, ... сартай Ж.А, хүү ... настай Ж.А, 5 настай Ж.А болон иргэн Ю.Ө нарын хамт ... хотоос ... хотын чиглэлд явж байхдаа 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 07 цагийн үед ... аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэх газарт хатуу хучилттай зам дээр зам тээврийн осол гаргаж, үүний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Ж.Ж нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээр эхнэр Б.Б, тэдний охин ... нас, 3 сартай Ж.А, хүү 3 настай Ж.А, 5 настай Ж.А болон иргэн Ю.Ө нарын хамт ... хотоос ... хотын чиглэлд явж байхдаа 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 07 цагийн үед ... аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэх газарт хатуу хучилттай зам дээр зам тээврийн осол гаргаж, үүний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь
Гэрч Ю.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ... хот руу хамаатны хүнийхээ хуримд оролцохоор автобусанд суугаад очсон. Тэгээд хуримын үйл ажиллагаанд оролцоод өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед байх гэж бодож байна хамаатны Ж-ын приус 30 маркийн хар өнгийн машинд суугаад ... аймаг руу хөдөлсөн. Машины манай хамаатны дүү Ж жолоодоод түүний хажууд эхнэр болох Б.Б бага хүүхдээ тэврээд суусан. Машины арын суудал дээр би Ж-ын 2 хүүхэдтэй хамт суугаад явж байсан. Би хойд суудал дээр суугаад явж байхдаа суудлын бүсээ зүүгээгүй байсан. Ж ... хотоос гараад осол болох газар хүртэл унталгүйгээр машины жолоодож явсан. Бид нар Элсэн тасархайн орчимд хоол идээд хөдөлсөн. Ж шөнөжин машин жолоодсон болохоор замдаа уг нь зогсоод нойроо сэргээгээд яваад байсан. Ж 90 км цагийн хурдтай яваад байхаар нь түүнийг хурдаа хасаад аажуухан яваач, нойр чинь хүрээд байвал би жолоодъё гэхэд гайгүй гайгүй гэж хэлсэн. Би Солонготын даваа даваад явж байхад унтаагүй байсан. Тэгээд даваа уруудаад явж байхад нь унтсан. Намайг унтаж байхад машины юм дайраад үсэрч байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь сэрэхэд онхолдсон. Машинаас хамгийн түрүүлж Ж гараад дараа нь би гарахад машины зүүн талд Б ёолоод хүүхэдтэй хамт хэвтэж байсан. Б зүүн бариад хөл өвдөөд байна гэсэн. Хөлийг нь үзэхэд хавдсан байдалтай байсан. өөр бусад хүмүүсийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Б хүүхдээ хөхүүлэх гээд бүсээ тайлсан байж магадгүй байхаа. Ийм л зүйл болсон. Миний биед одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй. ... аймагтаа очоод үзүүлнэ. Миний хувьд өөр нэмж ярих зүйл байхгүй. Манай жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би осол болох үед унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Ж нойрмоглосноос болоод л онхолдсон байхаа. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх 35-36),
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “....1. Ж.А-ын эрүүл мэндэд зүүн чихний дэлбээнд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. 2.Учирсан хохирол нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой хохирол байна. Учирсан хохирлууд нь дан дангаараа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 3.Ж.А-ын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна. 4.Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5.Ж.А-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 39-40),
... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “...1.Б.Б-ийн биед зүүн талын дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй, далд хугарал, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04:08 цагт үүсчихсэн талаар ... нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн №... дугаартай өвчний түүхэнд бичигдсэн байна. 4.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Зүүн талын дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй, далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам" -ын 3.1.2-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 49-51),
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “...1.Ж.А-ын эрүүл мэндэд хохирол тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 111-112 ),
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “....1.Ж.А-ийн эрүүл мэндэд хохирол тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 117-118),
... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “....1.Ю.Ө-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 126 ),
... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай “...2.Ж.Ж-ын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 133-134),
Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “....2.1. ... ургийн овогт Ж.Ж нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/, мөн дүрмийн 3.4.Б заалтад /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/, мөн дүрмийн 12.4 заалтад /Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно/ гэх заалтуудыг зөрчсөн байна. 2.2Уг осолд зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 2.3 ... улсын дугаартай Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ... ургийн овогт Ж.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа (хх 136-139)
2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-11/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Ж.Ж-ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Ж.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Ж.Ж нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээр эхнэр Б.Б, тэдний охин ... нас, ... сартай Ж.А, хүү ... настай Ж.А, ... настай Ж.А болон иргэн Ю.Ө нарын хамт ... хотоос ... хотын чиглэлд явж байхдаа 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 07 цагийн үед ... аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэх газарт хатуу хучилттай зам дээр зам тээврийн осол гаргаж, үүний улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Ж-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
хохирогч Б.Б нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн “...Нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй...” гэсэн хүсэлт тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Ж нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ж.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Ж-д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ