| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-д холбогдох 2524000000081 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********************, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **********************, эрхэлсэн тодорхой ажилгүй, ************************* суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Ш, регистрийн дугаар ************.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ш нь хохирогч Б.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө ********** тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшинд хохирогч Б.Ж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Ж “...Би 2025 оны 07 сарын 17-ны өдрийн орой ****** сургуулийн ойн баярын шоу дээр манай үеэл дүү болох Ш нь С гэх найзтайгаа архи уусан бололтой надтай таарсан. Тэгээд тэнд бид гурав нэг пиво уугаад тэндээсээ Ш гэрт очсон. Тэгээд бас хоёр том пиво авч уусан. Тэгээд Ш бид хоёр юм ярьж байгаад маргалдсан. Тэгсэн Ш нь миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Мөн тэр үед Ш нь намайг боож авч байсан. Тэр үед би жаахан согтуу байсан ба мөн хамраас цус гараад байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд би Ш гэрээс гараад гадаа цусаа гоожуулж байгаа Ш гадаа унтаж байгаад сэрээд өглөө цагдаа дээр ирж болсон зүйлийн талаар хэлсэн. ...Тэр үед Ш нь миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Өөр дахиж цохисон талаар санахгүй байна. Нөгөө хамт байсан С бол цохиж зодсон зүйл байхгүй. ...Тэнд Ш, С бид гурав байсан. Өөр хүн бол байгаагүй. ...Эхлээд надтай таарахад Ш, С хоёр архи уусан бололтой байсан. Дараа нь бид гурав 3 ширхэг том пиво хувааж уусан. ...Би Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлж хамрын рентген зураг авхуулсан. Тэгсэн миний хамрын хянга яс бяцарсан хугаралтай байна гэсэн. Одоо миний хамар өвдөөд амьсгалахад хүндрэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Э “...2025 оны 07 дугаар сарын 17-ны оройхон найз Ш хамт 2 пиво уугаад гэрт нь сууж байтал Ж бид хоёрыг баярын талбай дээр хүрээд ир гээд утсаар дуудахаар нь бид хоёр очсон. Тэгээд Ж, Ш бид гурав баярын талбайн хойно хашааны хажууд мөн 2 том пиво уусан. Тэгээд тэндээс бид нар Ш гэр лүү явсан. Тэгээд замаасаа 2 пиво 0,75 тай нэг шил архи авсан. Тэгээд бид Ш ирээд тэр 2 пивоо уугаад дараа нь архи ууж эхэлж байсан. Тэгээд би согтоод тасраад унтаад өгсөн. Тэгсэн шөнө хүмүүс чанга дугараад байхаар нь сэрсэн чинь Ж хамраас нь цус гарсан байхаар нь цусыг нь тогтоогоод цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэгээд Ш өрөөнд нь оруулж унтуулаад би хажууд нь унтсан. Тэр үед Ж нь гэрийн үүдэнд сууж байсан. Тэгээд өглөө нь сэрсэн чинь цагдаа дуудахаар цагдаа дээр ирж байж байгаад би хөдөө гэр лүүгээ явсан. ...Тэнд Ш, Ж бид гурав байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б.Ж хамрын ясны рентген зураг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Зав0725/271 дугаартай “...1. Б.Ж эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо.
3. Дээрх хохирол нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ хохирол байна.
4. Уг хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Б.Ж эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул баг, Хөгжил хэсгийн задгай тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшинд хохирогч Б.Ж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 165,155 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.Ш дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/
Харин хохирогч Б.Ж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг, тайлбар өгсөн байх бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Ш Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ