Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/05254

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 14 101/ШШ2022/05254

 

 

 

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Д /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А /-д холбогдох,

 

1,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгч: Ж.Д ,

хариуцагч: Б.А ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д миний бие Б.А тай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр агуулах түрээслэх гэрээ хийсэн 2 жилийн хугацаагаар байгуулсан. Эхэндээ мөнгөө өгөөд явж байсан, сард 300,000 төгрөг өгч байсан ч сүүлдээ 200,000 төгрөг өгөөд 100,000 төгрөг дутуу өгөөд яваад байсан. 2021 оны 09 дүгээр сарын түрээсийн мөнгө дутуу өгсөн байсныг би төлсөн, 2022 оны 08 дугаар сарын түрээсийн мөнгө өгөөгүй байсныг би төлсөн. Ковидоос өмнө 300,000 төгрөг өгч байсан, ковидын үед бүр өгөхөө больсон. Энэ хугацаанд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөг дутуу, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг дутуу, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг дутуу, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг дутуу. 2022 оны 06 дугаар сарын 300,000 төгрөг өгөөгүй, 2022 оны 07 дугаар сарын 300,000 төгрөг өгөөгүй. 2022 оны 08 дугаар сарын түрээс 240,000 төгрөг, 2021 оны 09 дугаар сарын түрээс 210,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэхдээ энэрэнгүй хандаад тав арван төгрөгийг хассан ч яахав гэж дотроо бодож байна. Шүүх учрыг нь олж өгөх байх гэж бодож байна гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А нь 2016 онд Н Олон улсын худалдааны төвд тээшний контейнер болох тээш 16-г Ж.Д гаас түрээслэн ажиллуулж эхэлсэн. 2016-2018 он хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2018 онд гэрээний хугацаа дуусгавар болсон. Түүнээс хойш би гэрээний хугацаа дуусгавар болчихлоо, дахиж гэрээ байгуулъя, сунгая гэхэд гэрээ байгуулаагүй, аман гэрээгээр ажиллаж байсан. Хоёр зуу гаран мянган төгрөгний орлоготой контейнер авч түрээсэлж эхэлсэн, цааш үргэлжлүүлэн орлогоо нэмэгдүүлж түрээс тооцоог асуудалгүй өгч явж байсан. Дэлхий нийтэд ковид 19 өвчин гарч хэдэн сар хорионд байж орлогогүй болж авдараа хүмүүс авч явж маш хүнд байдалд орж гурван ширээ, долоо найман авдартай үлдэж долоон зуугаас найман зуун мянган төгрөгийн орлоготой болсон. Энэ үед Ж.Д эмээтэй ярилцаад орлого муу байна, боломж хэцүү байна гэж ярьж тохиролцож сард Н худалдааны төвд 210,000 төгрөг, танд 200,000 төгрөг нийт 410,000 төгрөг төлөөд явъя гэхэд Ж.Д за тэгье, тэг тэг гээд хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ Н худалдааны төвийн түрээс 240,000 төгрөг болоод нийт 440,000 төгрөг төлж байсан. Тэгээд захын ажил овоо жигдэрч авдар олдоц муу олдохгүй байсан учир ширээ нэмж олж хийж эхэлсэн. Биеийн байдал муудаж хагалгаанд орсон учир биедээ амар болгож тэр чигт нь ширээ хийж үнийг нь нэмж овоо гайгүй болж байтал 2022 оны 06 дугаар сард контейнероо авъя, суллаж өг гэж залгасан. Ж.Д д учраа тайлбарлаад жаахан хүлээж болохгүй юм уу гэж хэлэхэд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр контейнер суллаж өгөөрэй гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр контейнерыг суллаж өгсөн. Контейнерыг 07 дугаар сарын 20-ны өдөр суллаж өгөөрэй гэсэн ч авахгүй байж байгаад 08 дугаар сарын 05-ны өдөр авсан. 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөө ажил явдал гараад би Хөвсгөл аймаг руу явчихсан. Контейнерыг хаяж явсан зүйл байхгүй. 2022 оны 08 дугаар сард ажиллуулаагүй. Өдий олон жил охин ээж шиг бие биедээ тус болж явсан ч одоо надаас ийм мөнгө нэхээд шүүхэд өгч байгаад нь гомдож байна. Би жаран мянга хийдэг гурван ширээний хүн, тавин мянгаар хийдэг хоёр авдартай нийт хоёр зуу гаран мянган төгрөгийг орлоготой авсан контейнерыг есөн ширээний газартай хоёр сая төгрөгийн орлоготой болгож өгсөн болно. Би одоо ажилгүй дөрвөн хүүхдээ харан өвчтэй ээжийгээ асран хүүхдийн мөнгөөрөө амьдарч орлогогүй болж банкны өрөө төлж чадахгүй болж маш хэцүү хүнд байдалд байгаа, би энэ нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрч төлж чадахгүй. Ийм сайн орлоготой болсон, ингээд цааш үргэлжлүүлээд ажиллуулаад яв, миний хүртээгүй ашгийг та хүртээд яв, надаас ямар мөнгө нэхнэ вэ эгч минь, дүү нь ажилгүй болсон хүн юугаа төлөх вэ дээ гэж ярьж гуйсан. Утсаар ярьж тохиролцож ярьсны үүднээс ингэж төлж явсан болно. Засгийн газраас түрээсийн төлбөрийг хөнгөлөх чиглэл өгөөд Н худалдааны төв ч гэсэн 30 хувийн хөнгөлөлт олгож байсан. Ж.Д тай аман гэрээгээр тохиролцсон, гэрээ хийе гэхээр огт хийхгүй байсан. Н тай байгуулсан гэрээнд дамжуулан түрээслэхийг хориглосон заалт байхад Ж.Д нь бусдад түрээсэлж байсан байна. Би Ж.Д тай ойлголцож чаддаггүй, дандаа охинтой нь харьцдаг, түрээсийн мөнгийг дандаа охиных нь данс руу шилжүүлдэг. Би 2021 оны 09 дүгээр сард ажиллуулж байсан болохоор түрээсийн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 240,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2016.10.21-ний өдрийн Түрээсийн гэрээ /хх-3-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, ХААН банкны 5065164037 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-14/, тайлбар,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, хариу тайлбар /хх-23-24/, банкны орлогын мэдүүлэг /хх-31-49/, 2016.10.21-ний өдрийн Түрээсийн гэрээ /хх-50-51/, 2018.01.01-ний өдрийн 16 дугаартай Н худалдааны төвд Чингэлэг байршуулж, тээш хадгалах талбайг түрээслэх гэрээ /хх-52-53/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Б.А д холбогдуулан контейнер буюу чингэлэг түрээслүүлэх гэрээний түрээсийн төлбөрт 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь түрээсийн гэрээний сарын төлбөрийг 100,000 төгрөгөөр багасгахаар харилцан тохиролцсоны дагуу төлбөрийг төлсөн тул төлбөрийн зөрүү гэж шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Ж.Д нь Н олон улсын худалдааны төвтэй Н худалдааны төвд чингэлэг байршуулж, тээш хадгалах талбайг түрээслэх гэрээг байгуулж, улмаар өөрийн эзэмшлийн контейнер буюу чингэлгийг түрээслэх гэрээг хариуцагч Б.А гийн нөхөр Л.О тай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.

4.2. Дээр дурдсан түрээсийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар байгуулсан ба гэрээний хугацаа дуусахад дахин гэрээ байгуулалгүй чингэлгийг үргэлжлүүлэн түрээслэсэн.

4.3. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээнд нэг сарын түрээсийн төлбөрийг 510,000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд уг гэрээнд тусгагдаагүй боловч түрээслэгч нь тухайн мөнгөн дүнгийн 300,000 төгрөгийг түрээслүүлэгчид, 210,000 төгрөгийг Н худалдааны төвд сар болгон төлөхөөр харилцан тохиролцож гэрээний төлбөр тооцоог хийж байсан.

 

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Нэхэмжлэгч нь түрээслэгч болох Б.А нь сарын түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг төлөхөөс 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хугцааанд төлбөл зохих төлбөрийг бүрэн төлөлгүй 200,000 төгрөг төлж байсан тул төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, мөн Н худалдааны төвд төлөх түрээсийн төлбөрийг түрээслэгч төлөх үүргийг хүлээсэн боловч 2021 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 210,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр 240,000 төгрөгийг төлөөгүй байсныг түрээслүүлэгч тал буюу нэхэмжлэгч өөрөө төлсөн тул эдгээр төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

7. Хариуцагч Б.А нь түрээсийн гэрээг түүний нөхөр Л.О байгуулсан ч контейнер буюу чингэлгийг өөрөө түрээслэн ажиллуулсан тул түрээсийн гэрээг байгуулсан болон гэрээний хугацаа дууссанаас хойш түрээсийн гэрээгээр тохиролцсоны дагуу чингэлгийг үргэлжлүүлэн түрээслэсэн талаар маргаагүй боловч Ковид-19 халдварт цар тахлын улмаас Н худалдааны төвийн үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан нэхэмжлэгчтэй түрээсийн төлбөрийг сард 200,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсны дагуу төлбөрийг төлсөн, 2022 оны 08 дугаар сард чингэлгийг хүлээлгэн өгсөн тул түрээсийн төлбөрийг хариуцахгүй гэж маргаж, харин 2021 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 210,000 төгрөгийг төлөөгүйг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан бөгөөд зохигчид 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ бичгээр байгуулсан, гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч гэрээний хугацаа дууссанаас хойш 2022 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд хариуцагч Б.А нь чингэлгийг түрээслэн ашигласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

9. Түрээсийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулсан байхыг шаардах бөгөөд 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй үйл баримт тогтоогдож байх боловч энэ хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн контейнер буюу чингэлэг хариуцагч талын эзэмшилд байсан тул хариуцагч нь чингэлгийг ашигласны төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

 

10. Хариуцагч нь Ковид-19 халдварт цар тахлын улмаас чингэлгийг ашиглах боломжгүй болж орлого муудсан, нэхэмжлэгч нь Н худалдааны төвтэй байгуулсан гэрээнд дамжуулан түрээслэхийг хориглосон заалт байхад бусдад түрээсэлсэн тул төлбөрийг төлөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нь бусдын эзэмшлийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглах ёсгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Д болон Н олон улсын худалдааны төвийн хооронд байгуулсан түрээслэх гэрээнд чингэлгийг бусдад давхар түрээслэхийг хориглосон заалт байгаа боловч хариуцагч Б.А нь өөрөө нэхэмжлэгчийн эзэмшлийн контейнер буюу чингэлгийг ашиглах хугацаандаа бусдад давхар түрээслэн орлого олдог байсан үйл баримт тогтоогдож байх тул тэрээр бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй учраас ашигласан хугацааны төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл чингэлгийг ашигласан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч нь контейнерийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сулласан боловч авахгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсан гэсэн хариуцагчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшлийн контейнер буюу чингэлгийг ашигласан гэж үзэх үндэстэй байна.

 

12. Хариуцагч нь Ковид-19 халдварт цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, орлого муудсан, чингэлгийн сарын түрээсийн төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцохоор нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

13. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50,000 төгрөг, 06 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 100,000 төгрөгөөр тооцон, 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 300,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд 2022 оны 05, 06 дугаар сарын төлбөрийг давхардуулан тооцож нэхэмжилсэн байх тул 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөрт нийт 1,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу Н худалдааны төвд 2021 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 210,000 төгрөгийг шаардсаныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул 210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн контейнер буюу чингэлгийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан гэж дээр дүгнэсэн тул нэхэмжлэгчийн Н худалдааны төвд 2022 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт төлсөн гэх 240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

14. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Б.А гаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 1,150,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөр 210,000 төгрөг, нийт 1,360,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 36,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А гаас 1,360,000 /нэг сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,000 /таван зуун дөчин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 36,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР