| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/05753/И |
| Дугаар | 101/ШШ2022/05287 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/05287
2022 12 15 101/ШШ2022/05287
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э сөх /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э /-д холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 488,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
хариуцагч Д.Э ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э хотхон сөх нь БЗД хотхон ы .... дүгээр байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, дундын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, харуул, сөх ны ажилчид айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган, хог хаягдлыг цуглуулж ачуулах зэргээр нийтийн эрх ашигт нийцсэн ажил үүргийг хариуцан ажиллаж байна. .. дугаар байрны ..... тоотын оршин суугч Д.Э нь сөх ны төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлдэггүй, удаа дараа шаардаад ч төлөхгүй, нийтийн эрх ашигт хохирол учруулж байна. Тухайлбал 2021 оны 09 дүгээр сар 39,764 төгрөг, 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх төлбөр нэг сарын төлбөр 40,764 төгрөг, нийт 488,168 төгрөг төлөөгүй байна. Иймд нийт 488,168 төгрөгийг хариуцагч Д.Э гаас гаргуулж сөх г хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э хотхон сөх ны нэхэмжлэлд тус хотхоны 4 байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, дундын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, харуул, сөх ны ажилчид айл өрхийн аюулгүй байдлыг ханган, хог хаягдлыг цуглуулж ачуулах зэргээр нийтийн эрх ашигт нийцсэн ажил үүргийг хариуцан ажиллаж байхад оршин суугч нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлдэггүй, удаа дараа шаардаад ч төлөхгүй, нийтийн эрх ашигт хохирол учруулж байна гээд 2021 оны 09 дүгээр сард 39,764, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх 1 сарын төлбөр 40,764 төгрөг, нийт 488,168 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ. сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэж, дээрх хуулиудад сөх хэрхэн эрх, үүргээ хэрэгжүүлж оршин суугчидтай нэгдэн хамтын үйл ажиллагааг ашгийн бус хэлбэрээр, эрх ашгийг нь хөндөхгүй, нийтийн эрх ашигт нөлөөлөхгүй зохион байгуулахыг, оршин суугч, сууц эзэмшигч, сууц өмчлөгч гэж хэн бэ гэх зэрэг тодорхой эрх үүргийн харилцааг зохицуулж өгсөн. Хуулийн 4.1.3-т нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог сөх гэж тодорхойлсон. Энэхүү үүргийг тус сөх хэрэгжүүлээгүй тухайд. 1. Нэхэмжлэлд хавсаргасан төлбөрийн задаргаа, сөх байгуулах бүх гишүүдийн хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоол нь сөх ны бүх гишүүдтэй үнэ тарифын талаар хэлэлцэж, санал авсан, санал хураасан баримт байхгүй, оршин суугчтай хийсэн гэрээ байхгүй байна. Оршин суугч миний бие сөх ны тарифын талаар хэлэлцэх болон гэрээ байгуулах талаарх мэдэгдлийг нэхэмжлэлд дурдсан хамрагдах хугацаанд, мөн түүний дараагаар ч сөх ны хөтөлдөг олон нийтийн сүлжээний цахим хаягаар, оршин суугчийн хаалганд зар наах, утасны дугаарт ирүүлэх мэдээлэл хүлээж аваагүй болно. 2. Энэ хотхонд 900 өрх айл, аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг 2 эмийн сан, 6 хүнсний дэлгүүр, 1 ресторан, 1 банк, 1 орон сууцны борлуулалтын алба, үсчин гоо сайхны үйлчилгээ 5, барилгын дэлгүүр 1, цэцэрлэг 2, 3 сургалтын бүжиг, ёог, хөгжим, хувцасны дэлгүүр, байрны харуул хамгаалалт, орон сууцны үйлчилгээний ажилчдын өрөө, зогсоол эзэмшигчдийн талбайн төлбөр төлөгч нар гишүүд байхаар хуульчилсан байхад, тус хуулийн 10 дугаар зүйлд удирдах зөвлөлийн эдлэх эрх, үүргийг хуульчлан тогтоосныг удирдах зөвлөл нь дагаж мөрдөөгүй, сөх ны нийт гишүүд буюу оршин суугчид зөвшөөрөх үндэслэлгүй иргэн хувь хүний зах зээлийн үнээр метр кв тутмыг тооцож авсан хувийн өмч хөрөнгөд хууль бусаар халдан м кв бүрээс 200 төгрөг тооцож хуримтлал үүсгэж байгаа нь эрх хэмжээгээ хэтрүүлж, хуулийг гажуудуулсан тул энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь тухайн нийтийн орон сууцанд амьдарч байгаа айл өрх бүр дундын эзэмшлийн талбайг ашиглаж байна. сөх ны төлбөрийг тэгш эрхийн зарчим дээр төлөх үүргийг хүлээх нь хуульд нийцэх бөгөөд сөх нь Иргэний хуулийн 147.3. Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээш бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны нийтийн зориулалттай байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, ..болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргаснаар сөх ны нийт гишүүдийн тоонд хувааснаар төлөх хуулийн заалтыг гуйвуулан хэрэглэж байна. Тодруулбал Иргэний хуулийн 147.4. Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ гэдгийг Элизабет сөх доорх задаргаагаар төлбөр нэхэж оршин суугчийн эрх ашгийг хөндөж байна. 1/ Цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөг нэхэмжилсэн нь гадна цэвэрлэгээ 2,000 төгрөгтэй давхцсан зардал нэхэмжилж байна. 2/ Лифт 6,000 төгрөгийг төлнө. 3/ Дундын өмчлөлийн ашиглалтын зардал 5,000 төгрөгийг төлнө. Гэхдээ зардлын зарцуулалтын тайлан нэхэмжлэлд хавсаргаагүй хэрхэн зарцуулсныг тайлагнах үүрэгтэй боловч тайлан сонсоогүй. 4/ Хуримтлал 62,07м.кв*200 төгрөг сар бүр 12,414 төгрөг. Барилгын компаниас худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж авдаг хувийн өмч буюу одоо амьдран сууж буй 62,07 метр квадратад ногдох 12,414 төгрөгийг сар бүр төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар 2022 оны 3-4 дүгээр сард үйлчлэгч эмэгтэй сөх ны дэвтэр дээр гарын үсэг зуруулах гээд ирэхэд нь татгалзаж, тайлбарласан. Дараагийн удаа сөх төлбөр нэхэмжилдэг программд цахим зурвас үлдээсэн, 2022 оны 06 сарын 03-нд сөх нд СӨХЭЗБНЗОСБДӨЭХ-ийн тухай хуулийг үзүүлж, м.кв тутмаас 200 төгрөг тооцож буй эрх зүйн зохицуулалт бүхий бичиг баримтыг асуухад цахим сүлжээний мэдээллийг надад уншиж өгөөд, ямар ч бичиг баримт үзүүлээгүй, үл тоосон басамжилсан байдлаар харьцсан. Иргэний хувийн өмчөөс сар бүр төлбөр нэхэж хуримтлал үүсгэх эрхтэй юу гэж сөх нд удаа дараа асуулт асуухад хуулийн үндэслэлтэй тайлбар өгөөгүй. Энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй. 5/ Харуул 5,000 төгрөгийг төлнө. Харуул хамгаалалтын аюулгүй байдал аюулгүй байдал маш муу цаашид сайжирна гэж найдаж байна. 6/ Гадна цэвэрлэгээ 2,000 төгрөг нь цэвэрлэгээ үйлчилгээний 10,000 төгрөгтэй давхардсан тул энэ зардлыг зөвшөөрөхгүй. 7/ Баримтын үнэ 350 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гарын алганы хэмжээтэй цаас, хаалганд наасан цаасны баримтны үнэ өндөр байна. Цахим шуудан, утасны дугаараар ирж байгаа тул энэ төлбөрийг төлөхгүй. Нэхэмжилж буй зардлаас зөвшөөрсөн зардал 26,000 төгрөгийг 12 сараар тооцоод 312,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Э хотхон сөх ны гишүүд болох нийт айл өрх, аж ахуйн нэгжид хамаарах ам талбайн хэмжээ маш бага, машины зогсоол олддоггүй, харуул хамгаалалт хангалтгүй, машин шүргэсэн зурсан, хулгайд эд хөрөнгөө алдсан, машины цонхоо хагалуулсан гэх зэрэг асуудлууд байнга гардаг, лифт байнга доголддог, амь насанд аюултай байдал үүсэхэд утсаа авдаггүй холбогддоггүй, гал команд, түргэний машиныг урьдчилан зөвшөөрөл авч орохыг шаарддаг, лифтэнд гацаж ажлаасаа хоцорсон, хөлөө хугалаад таягтай явах шат байхгүй, тэргэнцэртэй, таягтай, хүүхдийн тэрэгтэй хүнд зориулсан өгсөх уруудах шатны уялдаа байдаггүй зэрэг хийгдээгүй ажлыг хийх төлөвлөлт танилцуулаагүй. сөх ноос нийтийн эрх ашгийн төлөө хийсэн ажлын талаар тайлан мэдээ, санхүүгийн тооцоолол сонсож байгаагүй. Хариуцагч би бүх гишүүдийн хурлаар тогтоосон зардлыг хуульд зааснаар батлагдсаны дараа, сөх той гэрээ байгуулсны үндсэн дээр Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу үүргээ биелүүлж төлбөрөө төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хуульд нийцээгүй төлбөрийг зөвшөөрөхгүй гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлбөрийн нэхэмжлэх /хх-3/, Э хотхон СӨХ-ны гэрчилгээ /хх-4, 79/, итгэмжлэл /хх-62/, 2021.06.06-ны өдрийн 01 дугаартай Э хотхон СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын тогтоол /хх-81/, Э хотхон СӨХ-ны үлгэрчилсэн дүрэм /хх-82-84/, 2021.08.01-ний өдрийн 2 дугаартай Э хотхон СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-85-86/,
3.2.Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-17-19/, тайлбарт хавсаргасан баримт /хх-20-60/,
3.4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2021.08.01-ний өдрийн Э хотхон СӨХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл /хх-109-110/.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э хотхон сөх нь .. дугаар байрны ..... тоотод оршин суугч Д.Э д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөрт нийт 488,168 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 312,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
4. БЗД Э хотхоны 214, 215, .. , 221 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолоор Э хотхон сөх г байгуулж, Баянзүрх дүүргийн сөх ны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0001 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-79/
5. Хариуцагч Д.Э нь БЗД Э хотхон, .. дугаар байр, ..... тоотод оршин суудаг бөгөөд тухайн орон сууцны өмчлөгчийн асуудлаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сөх нд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан.
7. Нэхэмжлэгч Э хотхон сөх нь тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор баталсан тарифаар тооцон орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлын төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын төлбөр 39,764 төгрөг, 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх төлбөр нэг сарын төлбөр 40,764 төгрөг, нийт 488,168 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Уг тогтоолоор сард нэг айл өрхөд ногдох зардлыг цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөг, лифт давхраас хамааран 4000, 6000, 8000 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалтын зардал 5000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал м.кв тутамд 200 төгрөг, гаражтай бол 10,000 төгрөг, харуул 5000 төгрөг, гадна талбайн цэвэрлэгээ 2000 төгрөг, баримтын үнэ 350 төгрөг гэж тогтоожээ. /хх-85-86/
8. Хариуцагч нь Э хотхон сөх нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, сөх ны бүх гишүүдтэй үнэ тарифын талаар хэлэлцэж, санал авсан, санал хураасан баримт байхгүй, оршин суугчтай хийсэн гэрээ байхгүй, хувийн өмч хөрөнгөд хууль бусаар халдан м.кв бүрээс 200 төгрөг тооцож хуримтлал үүсгэх төлбөр шаардсан нь үндэслэлгүй тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 12,141 төгрөгийг төлөхгүй, гадна талбайн цэвэрлэгээ 2000 төгрөг нь цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөгтэй давхцсан тул төлөхгүй, баримтын үнэ 350 төгрөг нь бодитой байдалтай ницэхгүй зардал тул төлөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
9. сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугар зүйлд сууц өмчлөгчийн эрх, үүргийн талаар зохицуулсан. Хуульд зааснаар сууц өмчлөгч нь бүх гишүүдийн хуралд өмчилж буй орон сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох, дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт ногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, засвар, үйлчилгээний хөлс, зардал, үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
Хариуцагч Д.Э нь Э хотхон сөх ны Удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор баталсан тариф нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 147.4-т заасныг зөрчиж байна гэж үзвэл оршин суугчийн хувьд хуульд заасан эрхийн хүрээнд уг асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх боломжтой боловч тэрээр энэ талаар хандсан эсэхийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар ийм үйл баримт тогтоогдоогүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
10. Э хотхон сөх ны Удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор орон сууцны сард нэг айл өрхөд ногдох зардлыг цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөг, лифт давхраас хамааран 4000, 6000, 8000 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалтын зардал 5000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал м.кв тутамд 200 төгрөг, гаражтай бол 10,000 төгрөг, харуул 5000 төгрөг, гадна талбайн цэвэрлэгээ 2000 төгрөг, баримтын үнэ 350 төгрөг тогтоосон нь сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д зааснаар Удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгджээ.
11. сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар сууц өмчлөгч нь бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Д.Э болон .. дугаар байрны ..... тоотод оршин суугчид нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Э хотхон ы .. дугаар байрны ..... тоот орон сууцны өмчлөгчийн хувьд нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй. Э хотхон сөх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэх асуудал нь оршин суугч орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм.
Хариуцагчийг орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх талаар хуулиар ногдуулсан үүргээс чөлөөлөх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлд дурдсан хугацааны засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.
12. Нэхэмжлэгч нь тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаартай тогтоолоор баталсан тарифаар тооцон орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлын төлбөрийг шаардах эрхтэй ба хариуцагчийн нэг сард төлбөл зохих төлбөр 40,764 төгрөг байх тул хариуцагчаас нэг сарын төлбөрийг уг дүнгээр тооцон гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын төлбөрийг 39,764 төгрөгөөр тооцон шаардсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцож, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх төлбөр нэг сарын төлбөр 40,764 төгрөг, нийт 488,168 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Э гаас 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөрт нийт 488,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э хотхон сөх нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,905 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 15,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
15. Хариуцагч нь шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах, Э хотхон сөх ны цахим хуудас болон Smart Mongol app сайтад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж хэлэлцүүлсэн боловч тухайн хүсэлтүүдээс татгалзаж хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э гаас 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөрт нийт 488,168 /дөрвөн зуун наян найман мянга нэг зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э хотхон сөх нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,905 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Д.Э гаас улсын тэмдэгтийн хураамжид 15,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э хотхон сөх нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР