Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох 252400000084 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, ****************** төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******** тоотод оршин суух хаягтай,

урьд **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Б овогт Б.А, регистрийн дугаар *********.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ***************** багийн нутагт согтуурсан үедээ ************* улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “**************” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ***************** багийн нутагт согтуурсан үедээ ************* улсын дугаартай, мөнгөлөг өнгийн ************** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ахлах ахлагч Х.Ганчулууны Б.А согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.А 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 36 минутад Alcotest багаж ашиглан шалгахад 2.04 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Д “...Би 2025 оны 07 дугаар сарын 09-ний 09 цагаас 2025 оны 07 дугаар сарын 10-ны 09 цагийн хооронд Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагаар гарч ажилласан. Тэгээд тухайн өдрийн буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний 21 цаг 30 минутын үед иргэнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт зоогийн газрын үүдэнд согтуу хүн машин барьж ирчхээд хэрүүл маргаан үүсгээд байна гэж дуудлага ирсэн. Тухайн иргэн хэсэг байж байгаад тухайн хүнийг манай үүднээс явсан. Тэгээд дуудлага мэдээллээ буцаасан. Тухайн дуудлага өгсөн гэх хүн дахин залгаад ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Тосонцэнгэл гэх нэртэй дэлгүүрээс юм авч байхад нь дэлгүүрийн гадаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн нь машинтайгаа ирж зогссон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус дэлгүүрийн гадаа алаг машинтайгаа очих үед ****** улсын дугаартай ****** маркийн саарал өнгийн машин зогсоод жолоочийн үрүүл хэсгийн хаалганаас нэг эрэгтэй хүн гарч ирээд “Агар” гэх нэртэй архинаас балгаж байгаа харагдсан. Тэгээд тухайн хүн машинаасаа буусан. Тэр үед нь алаг машины хажуугаар нэг машин орж ирсэн. Тэгээд тухайн машинаас буусан гэх хүнийг хаашаагаа явсныг нь харж амжаагүй юм. Тэгэхээр нь тухайн машины дэргэд очиход машин асаалттай байсан. Тухайн машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр Агар гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй тал архи суудал дээр байхыг нь харсан. Тэгж байтал Гандирс гэх нэртэй дэлгүүрийн үүднээс уг машинаас буусан гэх эрэгтэй нь нэг шил хараа нэртэй архи бариад гарч ирж байгаа харагдсан. Тухайн хүнтэй М Б буюу Б гэх хүн цуг явж байгаа харагдсан юм. Мөн уг машины өөдөөс алхаж байгаа харагдахаар нь өөдөөс нь очтол тухайн хүн нь түрүүн надтай хэрэлдээд байсан тарган шар залуу дуудлага өгсөн юм уу, том залуу байсан, би саяхан жолооны эрхээ хасуулсан ирээд 2 хоног машин барьж байна гэж тухайн залуу хэлсэн. Тэгэхээр нь би тухайн иргэнийг машин руу нь суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчран согтуурал шалгах багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгахад 2,04%-ийн согтолттой байсан. Тухайн хүний регистрийн дугаарыг нь шалгахад Б.А гэх нэртэй хүн байсан ба тухайн хүн өмнө нь эрхээ хасуулсан байсан. Тэгээд би уг хүнийг найз А гэх нэртэй хүнд хүлээлгэн өгсөн. Машиныг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийж журамласан. ...Дуудлага мэдээлэл өгсөн яриагаар бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах зоогийн газраас ********* багийн нутаг дэвсгэрт байрлах Тосонцэнгэл гэх нэртэй хүнсний дэлгүүр хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай “...2.1 Б ургийн овогт Б.А нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэх заалтыг зөрчсөн байна.” гэх магадалгаа /хавтаст хэргийн /48-50-р хуудас/,

- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЗШ/3135 дугаартай Б.Ад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн иргэн Б.А жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.

Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн…” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Б.А нь 2025 оны 07 дугаар сарын 09-нд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.А согтолтыг “Аlcоtest” багаж ашиглан шалгахад 2.04% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Б.А нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЗШ/3135 дугаартай шийтгэврийн хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж 2025 оны 07 дугаар сарын 09-нд Завхан аймгийн *************** багийн нутагт согтуурсан үедээ *********** улсын дугаартай “**********” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.  

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Б.Амартүвшинг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй бөгөөд холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

              Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.А оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж,

            түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ