Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/шш2023/00150

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 03

101/ШШ2023/00150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.У /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү.Э /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.У миний бие 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Ү.Э д 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүй зээлдсэн. Зээлийн зүйл болох мөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд бэлнээр шилжүүлэн өгсөн. Зээлдэгч Ү.Э нь зээлийн зүйл болох 10,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгч надад буцаан өгөх үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүргэж ирлээ. Зээлдүүлэгч миний бие зээлдэгч Ү.Э д 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийн зүйлийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд алданги төлүүлэх, төлөхөөр тохиролцсон. Энэ нь бидний хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар нөхцөлийн 3.7-д тусгагдсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь гэрээт хугацаандаа зээлийн мөнгөө төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэж зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тал болох зээлдэгч Ү.Э нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10,000,000 төгрөгийн 0,1 хувь буюу 10,000 төгрөгөөр алданги төлөх үүрэг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүссэн болно. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 850 хоногийн алдангид 8,500,000 төгрөг үүссэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлдэгч Ү.Э нь зээлдүүлэгч надад 5,000,000 төгрөгийн алданги үндсэн зээл 10,000,000 төгрөгийн хамт төлөх үүрэг үүссэн болно. Иймд, зээлдүүлэгч Т.У миний бие зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар зээлдэгч Ү.Э д холбогдуулан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Э ос 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У , надад олгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ү.Э миний бие нь Т.У аас нэг ч төгрөг аваагүй болно. Гэрээ байгуулсантай холбоотой маргаан байхгүй. Энэ гэрээний дагуу ямар нэгэн мөнгө аваагүй. 2017 онд Шар гэдэг хүнээс 10 сая төгрөг зээлсэн. Шар гэдэг хүний өмгөөлөгч нь Т.У . Би хүүг төлж явж байгаад үндсэн мөнгө 10 сая төгрөгөө төлж чадаагүй, 4 сая төгрөг төлсөн, шийдвэр гүйцэтгэл дээр 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би газрын гэрчилгээгээ барьцаанд тавьсан байсан. Газрын гэрчилгээгээ авъя гэхэд өмгөөлөгч Т.У нь тэгвэл надтай 10 сая төгрөгийн гэрээ байгуул гээд байгуулж байсан. Би Т.У гэдэг хүнээс нэг ч төгрөг аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр Шар гэдэг хүний төлбөрт байгаа 6 сая төгрөгийн талаар ярьж болно гэжээ..

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Т.У ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2020.01.30-ны өдрийн нотариатын бүртгэлийн 32 дугаартай Зээлийн гэрээ /хх-4-5/, 2020.01.30-ны бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх-6/, 2020.01.30-ны өдрийн кассын зарлагын ордер /хх-7/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-33-34/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.21-ний өдрийн 182/ШШ2018/01825 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-41-42/, 2018.11.06-ны өдрийн 923 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-43/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Ү.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.У аас мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

3. Хэрэгт Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ц.М ээр гэрчлүүлсэн, бүртгэлийн 32 дугаартай Зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд тус зээлийн гэрээнд зээлдүүлэгч Т.У нь зээлдэгч Ү.Э д 10,000,000 төгрөгийг хүүгүйгээр 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх талаар дурджээ.

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

5. Хариуцагч Ү.Э нь Т.У тай дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй бөгөөд харин уг зээлийг гэрээг байгуулах болсон шалтгааныг Т.У ын үйлчлүүлэгч Д.Ш д 10,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой барьцаанд байсан газрын гэрчилгээгээ авахын тулд Т.У нь гэрээ байгуулах шаардлагатай гэсний дагуу тус гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01825 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Ш гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ү.Э д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У , хариуцагч Ү.Э нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох явдал юм.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн кассын зарлагын ордер нотлох баримтаар авагдсан, эдгээр баримтад хариуцагч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Т.У аас хариуцагч Ү.Э д зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг бодитой шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд дурдсан 10,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх харилцаа зохигчдын хооронд бодитоор хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч Т.У нь хариуцагчийн тайлбар, татгалзалд дурдсан асуудал болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн талаар шүүхэд тайлбар гаргаагүй бөгөөд хариуцагчийн тайлбар, татгалзлыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ү.Э ос зээлийн гэрээний үүрэгт зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

11. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ү.Э д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР