| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2107000000064 |
| Дугаар | 2021/ДШМ/619 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ДШМ/619
2021 06 24 2021/ДШМ/619
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Дэндэвдорж,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2107000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн А-ийн А-, Улаанбаатар хотод 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, “Талс” блокны үйлдвэрт ээлжийн оператор ажилтай гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дүгээр хороо, 000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000000/
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллаагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жил хорих ялыг өршөөн хассан,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
А.А- нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 29 дүгээр гудамжны 12 тоот хашааны гадна халаахаар асаалттай орхисон Э.О-ийн эзэмшлийн 43-98УНЗ улсын дугаартай “Honda fit” загварын автомашиныг зөвшөөрөлгүй авч явж онхолдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А.А-ыг автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ас 3,442,400 төгрөг гаргуулан хохирогч Э.О-эд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А- давж заалдсан гомдолдоо: “...Би нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлнээс болж эхнэр, хүүхдээ тэжээх, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулах боломжгүй болж байна. Түүнчлэн ослын улмаас ухаан алдаж унадаг болсон. Миний сарын орлого 2,000,000 төгрөг болдог. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Цаг үеийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн зүгээс торгууль төлөх боломжтой гэж байгаа бол ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “... шөнийн 00.30 цагийн үед халаах зорилгоор асааж орхисон автомашин нь алга болсон ...” талаар хохирогч Э.О-ийн өгсөн мэдүүлэг /хх 11-13/, “А.А- “Автомашинаа унагачихлаа, хүргээд өгөөч” гэхээр нь Д.Н-гаар хүргүүлсэн. Сайжруулсан шороон замын хажууд унасан байсан автомашин М.О-ийн автомашин байсан” талаар гэрч А.Д-ий өгсөн мэдүүлэг /хх 25-26/, шүүгдэгч А.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 3-8/, автомашины эвдрэлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 33-34/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.А- нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 29 дүгээр гудамжны 12 тоот хашааны гадна халаах зорилгоор асаалттай орхисон Э.О-ийн эзэмшлийн 43-98УНЗ улсын дугаартай “Honda fit” загварын автомашиныг зөвшөөрөлгүй авч явж онхолдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.А-ын бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явж осолд оруулсан үйлдэл хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, завшиж өөрт ашиг олох гэсэн зорилгогүй, энэ талаар нотлох баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч А.А-ын гэм буруугийн хэлбэр, өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэний зэрэгцээ ял эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН