| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2022/00532/И |
| Дугаар | 133/ШШ2022/00589 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2022/00589
| 2022 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 133/ШШ2022/00589 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.Э-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Х.Б-д холбогдох
ноосны үнэ 2,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Ноосны үнэ 2,270,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: 2021 оны 07 сарын 16-ны үед 1 тонн 120 кг *2,000=2,240,000 төгрөгийн ноосыг Х.Б-д зээлээр өгч явуулсан. Тухайн үед Х.Б нь ноос цуглуулан Жаргалан сумаар явж байсан. Мөнгийг нь удаалгүй, сүлжээн дээр гараад шилжүүлнэ гэж хэлж байсан. Ноосны үнэ 2,240,000 төгрөгийг авъя гэж удаа дараа хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад авсан ноосны килограмм, тонн дээр маргалдаж, зөрүүтэй гэж тайлбар өгсөн. Иймд Х.Б-с ноосны үнийн 2,240,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад 30,000 төгрөг төлсөн. Нийт 2,270,000 төгрөг гаргуулна. 143,000 төгрөгийн тухайд цагаан сарын өмнө ирж уулзаад шатахууны мөнгө 143,000 төгрөг бэлнээр өгсөн. 194,000 төгрөг нь Х.Б-г ноос авах гээд ирэхээр нь авсан барааны үнэ, 200,000 төгрөгийг 06 сарын 01-нд орж ирээд Х.Б-н гэрт очоод мөнгөө авъя гэхэд байгаа нь энэ гэж хэлээд 200,000 төгрөгийг өгсөн. Эвлэрүүлэн зуулчлах төвд хандахдаа 30,000 төгрөг тушаасан, ноосыг аваад явахдаа Тайширт очиж буулгуулсан. Очоод ямар ч мөнгөгүй болчихлоо гэж хэлээд 100,000 төгрөг бэлэн өгсөн. Шатахууны мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 50,450 төгрөг тушаасан, хүнээс зээж авсан мөнгөний хүүг нэхэмжилж байгаа гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч С.Э-н нөхөр Н гэдэг хүнээс 1 тонн 120 килограмм ноосыг 2000 төгрөгөөр бодож авсан байгаа. Ноосыг очиж авахдаа 194.000 төгрөгийн бараа материал авч очсон. Үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сард 143.000 төгрөг, 200.000 төгрөгийн Н-д өгсөн. Н-д ноосны үнийн үлдэгдэл 1.699.000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан. Иймээс нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Ноос авахдаа Н гэдэг хүнээс худалдаж авсан. С.Э нь тухайн үед хамт байлцаж байсан. Бүх асуудлыг Н-тэй хийсэн. 2,240,000 төгрөгийн ноос аваад 540,000 төгрөгийг буцааж өгсөн. 1,699,000 төгрөгийн тооцоо байгаа. Үлдэгдэл дээр маргах зүйл байхгүй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа нь Н, Х.Б-н хооронд болсон. Хэрэгт авагдсан баримт дээр С.Э-н нэр байхгүй. С.Э Х.Б-д холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй юу, шүүх хуралдаанд гэрчээр оролцох байсан байх. Шүүх үүн дэр тодорхой дүгнэлт хийж өгнө үү. Нийт үнийн дүн дээр 1,700,000 төгрөгийн үлдэгдлийг өгөх болно гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 211 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
-2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хонины ноос бэлтгэлийн орлогын падааны хуулбар.
5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Х.Б-н Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл,
-Х.Б-н тооцооны дэвтэр.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ноосны үнэ 1,700,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 570,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Х.Б-д холбогдуулан ноосны үнэ 2,270,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 1,120 кг *2,000=2,240,000 төгрөгийн ноосыг Х.Б-д зээлээр өгч явуулсан. Эвлэрүүлэн зуулчлах төвд хандахдаа 30,000 төгрөг тушаасан тул нийт 2,270,000 төгрөг гаргуулна гэжээ.
8. Хариуцагч нь нэхэмжлэгч С.Э-н нөхөр н.Н гэдэг хүнээс 1,120 килограмм ноосыг 2000 төгрөгөөр бодож авсан. Ноосыг очиж авахдаа 194,000 төгрөгийн бараа материал авч очсон. Үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сард 143,000 төгрөг, 200,000 төгрөгийн Н-д өгсөн. Иймээс нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй. Харин 1,700,000 төгрөгийн үлдэгдлийг өгөх болно гэж маргажээ.
9. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
10. Нэхэмжлэгч С.Э, түүний нөхөр н.Н, хариуцагч Х.Б нар нь 2021 оны 07 дугаар сард 1 тонн 120 килограмм ноосыг 1 килограммыг нь 2,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож нийт 2,240,000 төгрөгийн ноосыг Х.Б нь хүлээн авсан болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
11. Харин хариуцагч Х.Б нь ноосыг очиж авахдаа 194,000 төгрөгийн бараа материал өгсөн, мөн 2022 оны 01 дүгээр сард 143,000 төгрөг, дараа нь 2022 оны 06 сард 200,000 төгрөгийг Н-д өгсөн. Одоо тооцооны үлдэгдэл 1,699,000 төгрөг байгаа гэж маргажээ.
12. Нэхэмжлэгч С.Э нь шүүх хуралдаанд 143,000 төгрөгийн тухайд цагаан сарын өмнө ирж уулзаад шатахууны мөнгө 143,000 төгрөг бэлнээр өгсөн. 194,000 төгрөг нь Х.Б-г ноос авах гээд ирэхээр нь авсан барааны үнэ, 200,000 төгрөгийг 06 сарын 01-нд орж ирээд Х.Б-н гэрт очоод мөнгөө авъя гэхэд байгаа нь энэ гэж хэлээд 200,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж нийт 537,000 төгрөгийг Х.Б-с хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
13. Эндээс дүгнэхэд Х.Б нь ноосны үнэ нийт 2,240,000 төгрөгөөс 537,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын харилцан зөрүүгүй тайлбар болон Х.Б-н тооцооны дэвтрээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч Х.Б нь ноосны үнийн үлдэгдэл 1,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
13. Нэхэмжлэгч С.Э нь нийт 2,270,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ 1,120 кг нооосны үнэ 2,240,000 төгрөг, эвлэрүүлэн зуулчлах төвд хандсан 30,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан бол шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Эвлэрүүлэн зуучлах төвд хандахдаа 30,000 төгрөг тушаасан, шатахууны мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 50,450 төгрөг тушаасан, хүнээс зээлж авсан мөнгөний хүүг нэхэмжилж байгаа гэж зөрүүтэй тайлбарлажээ.
14. Нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлах төвд хандсан 30,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн шатахууны мөнгө, хүнээс зээж авсан мөнгөний хүүг нэхэмжилж байгаа гэх боловч хэдэн төгрөгийн шатахууны зардлыг ямар үндэслэлээр шаардаж байгаагаа тайлбарлаж чадаагүй, мөн Х.Б болон С.Э нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул С.Э нь дээрх үндэслэлээр Х.Б-с мөнгө шаардах эрхгүй байна.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Э нь шатахууны үнэ, зээлийн хүү, эвлэрүүлэн зуучлах төвд тушаасан 30,000 төгрөг нийт 570,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу татгалзлын үндэслэлээ нотлож чадсангүй.
16. Дээрх үндэслэлээр шүүх хэрэгт ирүүлсэн нотлох баримт, болон талуудын харилцан зөрүүгүй тайлбараар тогтоогдож байгаа хэмжээгээр буюу ноосны үнийн үлдэгдэл 1,700,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүх тооцоог түүний нөхөр н.Н-тэй хийж байсан тул С.Э нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж,
126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:
126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө... гэж тус тус заажээ.
Тодруулбал гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө болох ноос нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх бөгөөд үүнтэй холбогдон үүссэн эрх зүйн харилцаанд гэр бүлийн гишүүд адил тэнцүү оролцох эрхтэй тул С.Э нь Х.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
18. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-с ноосны үнэ 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С. Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 570,000 /таван зуун далан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 1,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-с ноосны үнэ 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 570,000 /таван зуун далан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 1,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ