| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0204/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/221 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/221
2025/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Ч.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ч-ын Л-д холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл .., эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын .. дүгээр баг, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Ч-ын Л /РД:А............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны .... дүгээр сарын ....-ны өдөр Архангай аймгийн Э сумын ... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Л нь бусдад зодуулж, түүний биед тархи доргилт, хуйх, уруулын дотор салст, баруун нүдний нулимсны суваг орчмын язарсан шарх, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Л нь Архангай аймгийн Э сумын ....... хорооны нутаг дэвсгэрт 2025 оны ..... дүгээр сарын ...-ны өдөр хохирогч Л.Л-той үл ойлголцон, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, барьцалдан авч нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйх, уруулын дотор салст, баруун нүдний нулимсны суваг орчмын язарсан шарх, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Л-ийн өгсөн “...би 2025 оны .... дүгээр сарын ...-ны өдөр хадам ах Л-ийн хамт Б аймагт айлын ямаа 10 хоног самнаж өгөөд тэр өдөр 17 цагийн үед гэртээ харих гэж Хоршоолол руу хадам ахын машинтай явсан. Ах бид хоёр гэр рүү дөхөж ирээд Сэнгүр пиво 2,5 литртэйгээр гурвыг аваад хоёулаа хувааж уусан. Тэгээд хадам ахын эхнэр М хамт явж байсан архи уугаагүй машин барьж явсан. Би хадам ах Л-тэй юунаас болж маргалдсан, хаана явж байхдаа зодуулснаа санахгүй байна. Хадам ах Л миний толгой хэсэг хүү 1 удаа цохисон тэгээд л би ухаан алдсан юм шиг байна. Намайг аймгийн төвд Арслан цохионд төрсөн охин Э дээр авч ирсэн байхад ухаан орсон охин маань Л ахын охинтой намайг эмнэлэг дээр хүргэж ирээд яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
Хохирогч Л.Л-ийн дахин өгсөн “...Надад хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад тогтоолгох шаардлага байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/,
Гэрч Ц.М-ийн өгсөн “...манай нөхөр болон Л бид гурав Б аймгийн Х суманд айлд ямаа самнаж байгаад ажлаа дуусгаад 2025 оны .... дүгээр сарын ...-ны өдөр аймаг руугаа буцаж явах замдаа Архангай аймгийн Б сум өнгөрөөд Э сумын ..... багийн нутаг Ө тал руу орж ирж байхад замдаа авсан пиво манай нөхөр Л, Л нар хувааж уугаад хууч хөрөөд явж байсан. Гэтэл хоорондоо хулгай хийдэг хүмүүсийн талаар яриад байсан. Тэгж байгаад манай нөхөр “муу сайн хулгайч нар” гэсэн чинь Л манай нөхөрт хандаж “та намайг хулгайч гэж хэллээ” гээд хэрүүл өдөж эхэлсэн манай нөхөр “ах нь чамайг юу гэж хулгайч” гэж дуудах билээ гэхэд “пиздаа би хулгайч гэж дуудуулчхаад зүгээр явах хүн биш пиздаа бууя” гэсэн тэгээд намайг “машинаа зогсоо” гэж хэлсэн. Би машинаа зогсоосон чинь Л машинаас буугаад “пиздаа минь буугаад ир” гээд манай нөхрийг машинаас буулгасан. Тэгээд хоорондоо хэрүүл хийж байгаад зодолдож эхэлсэн эхлээд Л манай нөхрийн толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгсэн чинь манай нөхөр буцаагаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод барилцаж аваад газар унагаад дээр доороо ороод ноцолдоод зодолдоод байсан. Тэгээд би арай гэж салгаад нөхрөө холдуулсан чинь Л босож ирээд машин руу очоод гар утсаа аваад “би дүү нараа дуудаж чамайг алуулна, нутаг руугаа зүглүүлэхгүй” гээд орилоод байсан. Би нөхрөө холдуулаад тайвшруулаад хэсэг байж байгаад буцаад очоод Л-ийг машиндаа суулгах гэсэн чинь дахиад хоорондоо зодолдоод эхэлсэн би салгах гээд хүч хүрээгүй арай гэж салгасан. Тухайн үед Л-ийн нүүр хэсэг нь цус болоод баруун талын нүд хавдсан нүүр нь хэсэг, хэсэг газар шалбарсан байсан, харин манай нөхрийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй, Л-ийн цус бололтой хувцас нь цус болсон байсан. Би тэр хоёрыг аргадаж байгаад машиндаа суулгаад аймгийн төв рүү явж гэртээ нөхрөө буулгаад охиноо аваад, Лийн охин Э аваад аймгийн эмнэлэгт хүргэж ирээд эмчид үзүүлээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн орой явсаар байгаад орой 20-21 цагийн үе байх. Тийм зүйл байхгүй хоёулаа нийлж пиво уугаад согтоод хорондоо зодолдсон. Би Л-ийг зодсон зүйл байхгүй хөдөө хээр гурвуулаа явж байсан. Хоёр эрэгтэй хүн согтуу зодолдож байхад би эмэгтэй хүн салгах гэж зөндөө оролдсон болохоос биш нөхөртэйгөө нийлж зодно гэж юу байх вэ дээ, ганцаараа машин барьж явах хэцүү байсан аль болох тайвшруулах, эвлэрүүлэх гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,
Гэрч Л.У-ийн өгсөн “...тухайн өдөр намайг гэртээ байж байхад 22 цаг болж байсан байх аав, ээж Л ах гурав ирсэн. Аав, Л хоёр согтуу байсан ээж хэлэхдээ “замдаа хоорондоо зодолдсон” гэж хэлсэн, Лийн баруун нүд нь хавдсан, нүүр хэсэг нь шалбарсан байдалтай байсан. Харин аавын хувцас нь цус болсон байдалтай ил харагдах гэмтсэн зүйл байхгүй байсан. Тэгээд ээж бид хоёр аавыг гэрт унтуулаад, Л түүний охин Э-г дагуулаад нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн эмч үзээд өвчин намдаах тариа хийсэн. Тухайн шөнө эмнэлэгт хоноод маргаашаас нь эмнэлэгт хэвтсэн юм. Замдаа яг юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн өгсөн “...Л.Л нь 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс 2025 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа 1,435,104 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 1,435,104 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ... тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Ч.Л-гийн яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2025 оны ..... дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай “1. Л.Л-ийн биед тархи доргилт, хуйх, уруулын дотор салст, баруун нүдний нулимсны суваг орчмын язарсан шарх, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Л нь хохирогч Л.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Л.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 1,435,104 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийн төлбөр гарсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм.
Энэ төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ч.Л нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Ч.Л нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Ч.Л нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ч-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Лгээс 1,435,104 /нэг сая дөрвөн зуун гучин таван мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 1009000020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч (иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт) нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР