Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2023/00026

 

  

  

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2023/00026

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ....... сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: Л.Ц-д холбогдох

байгууллагад учирсан хохирол 3,006,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ц.А нь шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, зохигчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3,006,200 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Говь-Алтай аймгийн .... сумын засаг дарга Л.Ц нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар тамгын газрын даргаар ажиллаж байсан Ж.Г-г төрийн жинхэнэ албанаас халсан байна. Ж.Г нь Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд нэхэмжпэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр .... сумын засаг дарга Л.Ц-н 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжпэгч Ж.Г-г .... сумын засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг даалгажээ.Улмаар .... сумын засаг даргын тамгын газраас Ж.Г-д ажилгүй байсан хугацааны цалин 3,006,200 төгрөгийг олгосон болох нь тус сумын засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/36 дугаартай Ажилгүй байсан хугацааны олговор олгох тухай захирамж, тус сумын засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/143, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/256 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлтүүд, цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан тул захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хариуцагч төрийн албан хаагч Л.Ц нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжпэгч шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагджээ. Л.Ц нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г-н хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Ж.Г-д олгосон ажилгүй байсан хугацааны цалинг Л.Ц-с гаргуулж .... сумын засаг даргын тамгын газарт олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Төрийн албан хаагч Ж.Г-г үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, ажпаас халсан албан тушаалтан Л.Ц-с 3,006,200 төгрөгийг гаргуулж ..... сумын засаг даргын тамгын газарт олгуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Л.Ц нь 2014 онд ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Тамгын газрын дарга Ж.Г-г 2014 оны 05-р сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар ажлаас нь халж улмаар Захиргааны хэргийн 4-р шүүхийн 2015 оны 01-р сарын 20-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр Ж.Г-г ажилд нь эгүүлэн тогтоожээ. Түүнчлэн Ж.Г-д ажилгүй байсан хугацааны цалин 2015 оны 5-р сард олгогдсон болох нотлогдож байна. Төрд учирсан хохиролыг буруутай албан тушаалтнаас гаргах зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрд учирсан хохирлыг Л.Ц-с бүрэн гаргуулах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд гэм хор учуулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар хуульчилсан байдаг бөгөөд Л.Ц-с төрд учирсан гэм хорын хохиролтой холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1168, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/47 дугаар албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар Прокурорын тогтоол,

-Говь-Алтай аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/143 дугаар албан бичиг,

-мөн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/256 дугаар албан бичиг,

-Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

-Говь-Алтай аймгийн ..... сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар захирамж,

-мөн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар захирамж,

-мөн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/36 дугаар захирамж,

-..... сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тайлангийн аудит,

-2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд,

-Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл,

-Цалингийн тооцооны хүснэгт /Ж.Г нөхөн олговор/,

-Ж.Г-н цалингийн тооцоо,

-Говь-Алтай аймгийн .... сумын 4-р багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тодорхойлолт.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/143 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Л.Ц-д холбогдуулан байгууллагад учирсан гэм хорын хохирол 3,006,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хавтаст хэргийн 1-3 дахь тал/

3. Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан тул захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хариуцагч төрийн албан хаагч Л.Ц нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгч шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагджээ. Л.Ц нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Ж.Г-н хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Ж.Г-д олгосон ажилгүй байсан хугацааны цалинг Л.Ц-с гаргуулж ... сумын засаг даргын тамгын газарт олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Төрд учирсан хохиролыг буруутай албан тушаалтнаас гаргах зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрд учирсан хохирлыг Л.Ц-с бүрэн гаргуулах үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгөд гэм хор учуулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар хуульчилсан байдаг бөгөөд Л.Ц-с төрд учирсан гэм хорын хохиролтой холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж татгалзжээ.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

-Хариуцагч Л.Ц нь Говь-Алтай аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар захирамжуудаар Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Г-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү шийдвэрийг Ж.Г нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд хандсанаар тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр ... сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай захирамжинд нэхэмжлэгч Ж.Г-г өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байх боловч хуульд зааснаар чөлөөлөгдөх хүсэлтээ бичгийн хэлбэрээр илэрхийлээгүй, мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар Төрийн жинхэнэ албанаас халах тухай захирамжинд нэхэмжлэгч Ж.Г-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй, .... сумын Засаг даргын гаргасан 2 захирамж нь нэг он сартай, адил дугаартай, 2 өөр утгатай захирамжууд байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Ж.Г-г Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг даалгасан, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид Ж.Г-г ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгосон гэх дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

6. Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газраас Ж.Г-д 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцож, 5,691,984 төгрөг олгосон болох нь Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/05, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/36 дугаар захирамжууд, .... сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тайлангийн аудит, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Ж.Г-н цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 17-23 дахь тал/

7. Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийн хангах, хууль дээдлэх нь төрийн албан хаагчийн үндсэн зарчим гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Сумын засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

Түүнчлэн төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад төрд хохирол учруулбал төр хариуцан арилгах, улмаар уг учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэх эрхийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлэхийг Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 4, 35 дугаар зүйлийн холбогдох заалтаар зохицуулсан байжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч Л.Ц нь Говь-Алтай аймгийн .... сумын Засаг дарга байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий улс төрийн томилгоогоор томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

8. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

 

9.Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэжээ.

Засаг дарга нь захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хувьд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэх үндсэн зарчмын хүрээнд хуулийг нэг мөр сахин биелүүлэх үүрэгтэй, нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд Засаг дарга нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүний үр дагавар, хариуцлагыг хүлээж төрд учирсан хохирлыг барагдуулах нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзнэ.

Засаг даргын энэхүү хуулиар хүлээж буй үүрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д ... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж, хуулийн 103 дугаар зүйлийн 103.1- д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зааж хуульчилснаар тодорхойлогдож байна.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл (эс үйлдэхүй) гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Энэхүү үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зааж мөн зүйлийн 498.2, 498.5-д хохирлыг арилгах дараалал журмыг заажээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж байгаа нь тус албан тушаалтанд хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

Иймд хариуцагч Л.Ц нь Говь-Алтай аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Г-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна. Иймээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин олговорт төсвөөс 5,691,984 төгрөг ажилтанд төлсөн байх тул хариуцагч мөнгийг улсын төсөвт хариуцан буцаан төлөх үүрэгтэй байна.

12. Хэдийгээр хариуцагч нь дээрх үндэслэлүүдээр ажилгүй байсны хугацааны олговорт олгосон мөнгийг улсын төсөвт төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх шаардлагатай.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

13. Говь-Алтай аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ж.Г-д ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон олгосон болох нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд, Ж.Г-н цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байх бөгөөд энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил тул хариуцагч Л.Ц-д холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

14. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 75 дугаар зүйлийн 75.2.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хариуцагч Л.Ц-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3,006,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 75 дугаар зүйлийн 75.2.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хариуцагч Л.Ц-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3,006,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ