| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Ц-д холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, ... настай, ......, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, Архангай аймаг дахь О Б газарт А ажилтай, ам бүл ..., Э .... хүүхдийн хамт, Архангай аймгийн Э сум, ..... дугаар баг, Б хорооллын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт Э-ын Ц /РД: ........./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс ... оны .... дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А" баарны гадаа иргэн Ж.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү нь гараагаа цохиж, мөргөж эрүүл мэндэд нь биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, зовхи, уруулын дотор салстад язарсан шарх, дээд, доод үүдэн 4 шүдний сулрал, уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс 2024 оны .... дугаар сарын ..-нд шилжих шөнө Архангай аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадаа иргэн Ж.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү нь гараагаа цохиж, мөргөж эрүүл мэндэд нь биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, зовхи, уруулын дотор салстад язарсан шарх, дээд, доод үүдэн 4 шүдний сулрал, уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Ж.Д-ын мэдүүлсэн “...Эхлээд миний нүд рүү Э.Ц гараа атгаж байгаад цохисон. Э.Ц-ийг миний нүд хэрэг рүү цохиход би нүдээ бариад байж байтал намайг мөргөсөн. Намайг мөргөсөн хүн нь хэн байсныг би харж чадаагүй. Мөргөсний дараа би газар унасан тэгэхэд намайг нүүр хэсэг 1 удаа өшиглөсөн. Тухайн өшиглөсөн хүнийг бас хэн гэдгийг мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад хохирол мөнгөн төлбөртэй холбоотой гомдол байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
гэрч Я.Ц-ын мэдүүлсэн “...2024 оны ... дүгээр сарын ....-ны 20 цагийн үед заалнаас гараад А баарны гадаа очоод машиндаа 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво уучхаад А бааранд орсон. Бааранд ороод 0.75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи, 4 шил Сэнгүр нэртэй пиво авч уусан. Тэгээд жоохон бүжиглэж байгаад баар хаах дөхөхөөр нь М ах бид хоёр гарсан. А баарны үүдэнд би тамхи татаад зогсож байтал дотроос үл таних 2 залуу гарч ирээд энгэрээс нь 0.75 литр шиг санаж байна Агар нэртэй 1 шил архи унасан. Тэгтэл нөгөө архи нь өнхөрч явсаар байгаад М ах бид хоёрын урд хүрээд ирсэн тэгтэл нөгөө хоёр залуу бид хоёр луу хараад аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрсдөө ирээд авчих гэж хэлэхэд аваад өгөөч та нар яасан сүртэй юм гэж нөгөө хоёр залуу хэлсэн. Тэгээд тухайн үл таних хоёр залуутай М ах бид хоёр маргалдаад байж байтал дотроос Ц, Ж хоёр гарч ирсэн. Гарч ирээд “юу болов яасан бэ” гэхэд М ах “зүгээрээ яагаа ч үгүй” гэж хэлээд тухайн хоёр залууд архийг нь авч өгсөн. Тэгээд аваад өгтөл тухайн хоёр залуугийн нэг нь “дүү нар аль түрүүнээс хойш аваад өгчихгүй ахыгаа танихгүй байн уу” гэж хэлээд байж байтал дотроос Д гэх хүн гарч ирээд бид нарын дундуур яваад ороод ирсэн. Тэгэхэд Ц Д ахыг “сайн уу ахаа хоёулаа уулзаадахъя” гэж хэлээд гудамж руу аваад явсан. Тэр хооронд өмнө маргалдаж байсан үл таних хоёр залуутай маргалдсан маргаан дуусаагүй М ах бид хоёр А баарны үүдэнд байсан. Тэгээд булан эргээд гудамж руу ортол Д нь доошоо тонгойчихсон Ц хоёр мөрнөөс нь барьчихсан байдалтай байсан. М ах бид хоёр одоо больцгоо гээд салгасан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагаас алба хаагч нар ирэхээр нь би зугтаагаад удалгүй нөгөө цуг явж байсан хэд дээрээ очиход эмнэлгийн машин ирчихсэн байсан. Д-ын биед учирсан тухайн гэмтлүүдийг хэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна. Ц тухайн Д гэх хүнийг авч явсан Ц-ийг учруулсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
гэрч Я.Ц-ын дахин мэдүүлсэн “...Намайг баарны үүдэнд бусадтай маргалдаж байхад Д-ын нүүр зүгээр байсан тэгээд Ц дуудаад дагуулаад булан тойроод явсан би хэсэг хугацааны дараа Ц-ийн явсан зүгт араас нь очиход Д доош тонгойсон нүүр хэсэг нь цус болсон байсан. Би Ц-ийг Д-ын биед гэмтэл үүсгэсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 хуу/
гэрч М.Р-гийн мэдүүлсэн “...Би 2024 оны ... дугаар сарын ..-ноос ...-нд шилжих шөнө үүрийн 03 цаг өнгөрч байхад Б болон үеэл ах С хамт Н бааранд түүний ангийн хүүхдүүдтэй ирсэн. ...бид 2 Ихтамир сум руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
гэрч Б.М-ийн мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны шөнийн 02 цагийн үед А баарнаас хамт явж байсан Ц, Ц, Ж нарын хамт баарнаас гараад үүдэнд зогсож батал үл таних хоёр залуу гарж ирээд нэг залуу нь Агар нэртэй 0.5 литрийн архи куртикнийхэн энгэрийн хармаанаас унагаачихсан. Унагаасан архийг нь би авч өгтөл тухайн хоёр залуу нь "архиар яах гээд байгаа юм бэ? Архи авлаа” гээд надтай маргаад барьцалдаж авсан тухайн хоёр залуутай учраа олоод салцгаасан. Тэгээд байж байтал Д гэх хүн гарч ирсэн. Бид нар тухайн үед А-ын үүдэн дээр зогсож байсан. Тэгээд бид нарын хажуугаар гараад явах гэж байхад нь хамт явж байсан Ц "5 дугаар багийн засаг дарга мөн биз дээ" гэж хэлээд Д гэх хүнийг нүд рүү нь гараараа цохичихсоныг бол санаж байна. Тэрнээс цааш зодоон болоод бужигналдаад зодоон болсон гэх газар оччихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,
гэрч Б.Мийн дахин мэдүүлсэн: “...Тэгээд байж байхдаа Ц, Д гэх хүнтэй маргалдаад Д-ыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад Ц нь Д-ыг А баарны хажууд байх харанхуй хэсэг рүү чирээд явсан араас нь Ж, Ц бид 3 очоод салгаад харахад Дорждагвын нүүр цус болчихсон байсан. Удалгүй цагдаагийн машин ирсэн. ... Д-ыг Ц-ээс өөр зодсон хүн байхгүй. Ц Д-ыг доороо оруулаад унагаасан байхад би түрүүлж очоод салгаад араас Ж, Ц нар ирэхээр нь хол гээд буцаагаад түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/,
гэрч Г.Ж-ын мэдүүлсэн “...Тэгээд баар хааж байсан бид 4 гараад А баарны үүдэнд харих гээд зогсож байтал 2 залуу гарч ирээд нэг залуу нь өврөөсөө Агар нэртэй нэг шил архи унагаачихсан. Тэгээд нэг залуу нь М луу хараад энэ унасан архийг аваад өг гээд байсан тэгтэл М нэг мэдэхэд нэг залуутай барьцалдаж аваад муудалцаад нэг цохиж аваад өшиглөөд байсан. Тэгэхээр нь тухайн үед санаж байгаагаар Ц бид хоёр больцгоо гээд салгаж байсан. Тухайн үед Ц харагдахгүй байсан. Тэгээд А баарны цаашаа гудамж руу булан тойроход хэдэн хүмүүс хоорондоо барьцалдаж аваад муудалцаад байсан. Тэгэхээр нь явж очоод баарны гадна М-тэй муудалцаж байсан залуус дахиад надтай цуг явж байсан хүмүүстэй муудалцаж байна гэж бодоод яваад очсон. Очоод салгах гээд зууралдаа л байж байтал цагдаагийн байгууллагаас хүмүүс ирэхэд Д гэх хүн газар хэвтэж байсан цуг байсан хүмүүс зугтаагаад байх шиг байсан. Би ганцаараа үлдчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... оны .... дугаар сарын ерөнхий Архангай аймгийн шүүх 04-ний өдрийн ..... дугаартай шинжээч Б.Отгонжаргалын дүгнэлтэд “1.Ж.Д-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, зовхи, уруулын дотор салстад язарсан шарх, дээд, доод үүдэн 4 шүдний сулрал, уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал зовхинд зөөлөн эдийн няцрал, зовхи, уруулын дотор салстад язарсан шарх, дээд, доод, үүдэн 4 шүдний сулрал гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/,
иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн мэдүүлсэн “...Ж.Д нь ... оны .... дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны .... дугаар сарын ....-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 155,786 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 хуу/,
яллагдагч Э.Ц-ийн мэдүүлсэн “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Ж.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ж.Д нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд баримтгүйгээр 12,000,000 төгрөг төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Ж.Д нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 155,786 төгрөгийг шүүгдэгч Э.Ц нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул түүнээс 155,786 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.Ц нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Э.Ц нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Цээс 155,786 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай
5. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР