Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 200

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч У.Болд,  түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч Т.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Т.Багахүү  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Уртнасангийн Болд, Тамч овогт Түнжээгийн Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030832 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, Ворлд финанс группийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 17-18 тоотод түр оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- 2002 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн шүүхийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай 130 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тэнсэн суллагдсан,

- 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2009 оны Өршөөл  үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасныг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Боржигон овогт Уртнасангийн Болд /РД: ХЛ65062439/.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага санхүүгийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп Виллаж хотхоны 201-91 тоотод түр оршин суух, улсаас явсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тамч овогт Түнжээгийн Өлзийжаргал /ХА68071301/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.Болд: “...Өлзийжаргалтай уулзахад толгой өвдөөд ханиад хүрсэн гэхээр нь морин спортын цогцолбор барих газраа үзчихээд салхинд гаргахаар болоод Туулын эрэг рүү мод руу орсон. Тэгээд Туул голын эрэг дээр очоод машинаасаа орны бүтээлэг гаргаад газар дэвсээд хэвтэж байхад ...Өлзийжаргал миний толгой өвөөд байна, унтлаа гээд нүүрэн дээрээ алчуур тавиад унтах гэхээр нь би хажуугаар нь хэвтээд бид хоёр нам унтсан байсан. Гэтэл нэг сэрэхэд буугаар буудаж байгаа чимээ гарсан, би босоод гутлаа өмсөөд буун чимээг дагаад алхаж байхад том жижиг биетэй хоёр залуу бай буудаад зогсож байсан. Би тэр хоёр залуу дээр очоод та хоёр буугаар буудаад байгаа юм уу гэхэд тийм гээд зогсож байсан. Би та нар наанаа буудаж болж байгаа юм уу гэж асуухад угаасаа энд цэргийн сургуулилт хийдэг газар гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр залуу ахаа та буудах уу? нэг сум 7000 төгрөг гэхээр нь би нэг сумыг 5000 төгрөгөөр буудаж болох уу гээд ...50.000 төгрөг аваад нөгөө хоёр залуу дээр очтол миний 50.000 төгрөгийг аваад ахаа сум дуусчихсан байна гэхээр нь та хоёрын бууны бичиг баримтыг харъя гэсэн чинь бичиг баримт нь байгаа, аваад ирье гэж хэлээд цаана байсан шар өнгийн мотоцикльоо унаад явсан. Тухайн үед миний гар утас дуугараад утсаар яриад байж байхад нөгөө хоёр залуу модон дундуур явсан. Гэтэл цагдаа нар ирээд Өлзийжаргал бид хоёрыг буугаар буудаад байгаа юм уу гэж асуухаар нь 170-180 метрийн өндөртэй хоёр залуу буудаж байгаад явсан гэдгийг хэлсэн...” гэв.

Шүүгдэгч Т.Өлзийжаргал: “...Би Болдтой салхинд гарах талаар төлөвлөсөн байсан. Болд бид хоёр салхинд Тэрэлж рүү очих зорилготой байсан боловч Болд морин спортын ерөнхийлөгч болсон морин спортын цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, чамд газар үзүүлье гээд Био руу явсан. Бид хоёртой манай ажлын Жимсээ салхинд хамт гарна гэсэн боловч утас руу нь залгаад утсаа авахгүй байсан. Өмнөх өдөр нь манай ажлынхан манай гэрт ирээд ууж байгаад тал виски, 6 ширхэг ундаа үлдсэн байхаар нь салхинд гарахдаа аваад явсан. Тэгээд Туул голын эрэг дээр очоод би вискигээ уугаад согтсон байсан. Тухайн үед би архи уусан болохоор толгой өвдөөд байхаар нь нүүрэн дээрээ алчуур тавиад унтсан. Намайг сэрэхэд Болд цаана хоёр залуутай юм яриад байх шиг байсан. Би өөр юу болсон талаар мэдэхгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзуудын хамт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрээр гарч Туул голын эрэг рүү салхинд гарсан. Манай найз болох Батчулуун, эхнэр Оюунмаа, найз Ганхөлөг, Өлзий-Ундрах, Баяндүүрэн, Цэрмаа, Батболд бид наймуулаа байсан. ...Бид нарыг гол дагаад өгсөж байхад гол дээр жижиг суудлын машин байсан. Машинаас ертөнцийн зүгээр баруун талд 4-5 метр зайнд дээгүүрээ цээж нүцгэн махлагдуу, 50 орчим насны эрэгтэй, түүний дэргэд эмэгтэй хүн хоёр сууж байсан. ...Бид нар тэр хоёр хүний хажуугаар өнгөрч гол өгсөөд 300 метр газар буудалсан. ...Батболд, Оюунмаа хоёр цэвэр ус олж ирэхээр машинтайгаа айл руу явсан. Бид зургуулаа хорхог хийх бэлтгэлээ хангаж байхад гэнэт буун дуу гарсан. Би эхэндээ хийн буу байх гэж бодсон. Гэтэл дахин буу дугарахаар нь чимээ гарсан газар луу харахад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь босоод зогссон дээшээ шувуу руу буудаад байсан. Дараа нь эрэгтэй нь эмэгтэйгийнхээ араас тэврээд бид нар луу биш эсрэг тал руу болон гол руу буудаад байсан. Ус дээшээ цалгиж байсан. Бид нар хоорондоо ярилцаанд тэнсэн суманд оногдож болзошгүй гэж ярилцаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар 30 орчим минутын дараа ирэхэд буугаар буудаад байсан дээгүүрээ нүцгэн махлаг ах босоод ийш тийш яваад байсан. ...Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дээр ямар нэгэн хүн ирээгүй. Ямар ч байсан жижиг гар буугаар буудлага хийсэн. ...Хэрэв буу нь олдохгүй юмаа гэхэд хонгио нь байгаа байх. Зөндөө олон удаа буудсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн болсон асуудлаас болоод миний биед болон найзуудад цочирдсон, бие нь өвдсөн зүйл байхгүй байгаа...” /1хх-ийн 102-103/ гэсэн,

 

Хохирогч Я.Өлзий-Ундрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Оюунмаа эгч, Батчулуун ах хоёр болон тэдний найзуудын хамт ...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван толгойн гүүрний зүүн талын Туул голын эрэг дээр очих гээд явж байхад голын эрэг дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн саарал өнгийн машинтай амарч байсан. Бид нар тэр хоёроос 200-гаад метрийн цаана голынхоо хойд талдаа эрэг дээр байралцгаасан. Хорхог хийхээр чулуугаа бэлдээд гал асаахаар аргал түүж байхад буугаар буудаж байгаа дуу гараад 6-7 удаа буудсан. Гайхаад харахад голын эрэг дээр амарч байсан 50 орчим насны дээгүүрээ нүцгэн доогуураа богино өмдтэй ах гартаа буу барьсан мод руу буудаж байсан. Тэгсэнээ хэсэг байж байгаад эмэгтэйдээ буугаа бариулаад араас нь өөрөө тэвэрч  байгаад тэнгэр лүү буудаад байсан. Тэгээд 5 орчим минут болоод л дахиад гол руу буудаад байсан. Нэлээн их буудсан. Бид нар айгаад тэнсэн суманд оногдуул яана гээд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс 20 орчим минутын дараа цагдаагийн машин ирж яваа харагдсан, тэгсэн нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сандралдаад гүйлдээд байсан. Миний харснаар өөрсдийнхөө байгаа газрын ойролцоох мод руу нилээн хэдэн удаа буудсан. Мөн дээшээ тэнгэр лүү, голын ус руу буудсан. ...Тухайн үед ямар ч мотоцикльтой цэргийн хувцастай хоёр хүн ирээгүй...” /1хх-ийн 105-106/ гэсэн,

 

Хохирогч Г.Оюунмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Батчулуун болон найз нар болох Ганхөлөг, Батболд, Цэрмаа, Баяндүүрэн, Өлзий-Ундрах, Сарантуяа нарын хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд байх туул голын эрэг дээр суугаад тогооны хорхог хийсэн. ...Ойролцоогоор 200 орчим метрийн зайтай газар голын эрэг дээр нэг саарал өнгийн суудлын машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. ...Гэнэт нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрын чигтээ буун дуу гарсан. Босоод тэр хоёрыг харахад эрэгтэй нь буугаар дээшээ болон газар, мод руу буудаад дараа нь эмэгтэйдээ буугаа бариулж өөрөө ард нь гараад буудахыг нь зааж өгч байгаа юм шиг эмэгтэйгээрээ буудуулсан. Тэгтэл бид нарын чигтээ голын ус руу буудсан. Голын ус руу 2-3 удаа буудсан. ...Тэгэхээр нь би “энэ яасан даварсан хүн бэ, хүн байгаа чигтээ буудаад байна” гээд цагдаад дуудлага өг гэхэд нөхрийн найз Батболд утсаараа 102 руу залгаж дуудлага өгсөн. ...Тэр хоёроос өөр буудлага үйлдсэн хүн байгаагүй. ...Тухайн үед тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хүн дээр мотоцикльтой, цэргийн ногоон хувцастай хоёр эрэгтэй хүн ирж уулзаагүй. ...Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” /1хх-ийн 108-109/ гэсэн,

 

Хохирогч Г.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016  оны 06 дугаар сарын 17-ны өдөр орой 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд байрлах Туул голын эрэг дээр өөрийн найз Оюунмаа, Ганхөлөг, Батболд, Цэрмаа, Баяндүүрэн, Өлзийн-Ундрах, Сарантуяа нарын хамт очих гээд явж байхад голын эрэг дээр Ауди маркийн автомашинтай 50 гаруй насны эрэгтэй, мөн 40 гаруй насны эмэгтэй нар газар дэвсгэр дэвсээд суусан байсан. ...Гэнэт буугаар буудах чимээ гарсан. Тухайн үед эхлээд 5-6 удаа буудсан. Юу билээ гээд гайхаад хартал 200-гаад метрийн цаана буюу голын эрэг дээр нөгөө хоёр хүн буугаар буудаж байсан. Тухайн үед эрэгтэй нь дээгүүр болон доогуур хувцасаа тайлсан, цээж нүцгэн, эмэгтэйгийнхээ араас тэврээд гарнаас нь давхар бариад хамт буудаж байсан. Тэр үед бид нар амгалан тайван байдал алдагдууллаа буугаар буудаж суманд нь оногдвол яана гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн эрэгтэй нь дахин буугаараа голын ус руу буудаж ус дээшээ цацраад байсан ба тухайн бууны чиглэл нь бид нарын зүгт байсан болохоор их айж байсан. ...Миний харснаар бид нараас өөр хүн, мал амьтан, иргэдийн машин тээврийн хэрэгсэл байгаагүй. ...Миний харснаар жижиг оврын гар буу байх шиг байсан. Буудах чимээ нь нэг ижил чимээ сонсогдож байсан. Миний харснаар тэр хоёр хүн рүү сүүлд хүн нэмэгдэж ирээгүй. Автомашинтай болон мотоцикльтой ямар ч хүн ирээгүй. Тэр хоёр өөрсдөө буудаж байгаад цагдаад саатуулагдсан...” /1хх-ийн 111-112/ гэсэн,

 

Хохирогч Ц.Цэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Өлзийт хороололд хамт амьдардаг Сарантуяа, Баяндүүрэн, Батчулуун, Оюунмаа, Хөлөгөө нарын хамтаар Био-гийн гол руу салхинд гарахаар явсан. ...Голын нөгөө талд эрэг дээр бид нараас 200 орчим метрийн цаана эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амарч байсан. ...Чулуугаа халаах аргал түүж байхад буугаар буудсан. Тэгэхээр нь юу билээ гээд харахад нөгөө амарч байсан нүцгэн махлаг шар царайтай эрэгтэй нь гартаа буу барьсан дээшээгээ шувуу руу буудаад байсан. ...Тухайн үед тэр эрэгтэй 7-8 удаа дээшээгээ буудаад нөгөө эмэгтэйдээ буугаа бариулаад араас нь өөрөө тэвэрч гарыг нь хамт бариад буудаад байсан. Бид нар амгалан тайван байдал алдагдуулаад байна гээд 102 дугаарын цагдаагийн утас руу дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирэхэд нүцгэн эрэгтэй нь машинаас зүүн тийш арваад алхам гүйгээд буцаад машин дээрээ ирсэн. Цагдаагийн машин ирж байхыг хараад голын эрэг рүү зүүн урд зүгт чиглээд гүйсэн. ...Тухайн үед ямар ч мотоцикльтой, цэргийн хувцастай хүн ирээгүй. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /1хх-ийн 114-115/ гэсэн,

 

Хохирогч Б.Ганхөлөг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ...20 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул голын эрэг дээр очиж байрлацгаасан. ...Гэнэт буугаар буудах чимээ гарсан. Гайхаад харахад 200 орчим метрийн цаана голын эрэг дээр 50 гаруй насны дээгүүрээ нүцгэн эрэгтэй жижиг гар буугаар мод руу буудаж байсан. ...Эрэгтэй нь хэсэг байж байгаад эмэгтэйдээ буугаа өгөөд буудуулж байсан ба нэг хэсэг буудаад тэгээд л хэсэг байж байгаад голын ус руу буудаад байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирж тэр хоёр хүн дээр очиж байсныг харсан. Тийм л үйл явдал болсон. Ойр орчмоор хүн, мал амьтан явж харагдаагүй. ...Бид нарыг голын эрэг дээр очиж байрласнаас хойш тэрүүгээр мотоцикльтой хүн ирээгүй, яваагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-ийн 117-118/ гэсэн,

 

Хохирогч Б.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед Батчулуун, Оюунмаа нарын найзууд болох хэсэг хүмүүс явсан. Ингээд бид нарыг хорхогоо хийж идэхээр бэлдээд чулуугаа халаах аргал түүж байхад гэнэт буугаар буудах чимээ гарсан, тэгэхээр нь гайхаад харахад голын цаана эрэг дээр 50 гаруй насны дээгүүрээ нүцгэн эрэгтэй жижиг гар буугаар мод руу буудж байсан, харин түүний хажууд бас 40 орчим насны эмэгтэй хамт байсан. Тухайн үед бид нар цагдаад дуудлага өгсөн. Тэр эрэгтэй нь хэсэг байж байгаад эмэгтэйдээ буугаа өгөөд буудуулж байсан, нэг хэсэг буудаад тэгээд л хэсэг байж байгаад голын ус руу буудаад байсан, хэсэг хугацааны дараа цагдаа ирж тэр хоёр хүн дээр очиж байсныг харсан...” /4хх-ийн 45-47/ гэсэн,

 

Хохирогч Б.Баяндүүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бид нарыг голын эрэг дээр очиход ауди маркийн автомашинтай 40 орчим насны эрэгтэй болон арай залуухан эмэгтэй хоёр хүн сууж байсан. Эрэгтэй нь дээгүүрээ нүцгэн, харин эмэгтэй нь нимгэн богино хувцастай харагдаж байсан. Ингээд бид нар тэр хоёроос хойш 150-200 орчим метрийн зайд очоод голын эрэг дээр очиж бууцгаагаад хорхогоо хийхээр бэлдэж байхад гэнэт буугаар буудах дуу гарсан, тэгээд бүгд айж сандралдаад харахад нөгөө 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буугаар буудаж байсан. Эхлээд эрэгтэй нь хар өнгийн жижиг гар буу барьсан голын ус руу буудаад тэгээд тэнгэр рүү шувуу руу буудаад байсан. Тэгэж байснаа эмэгтэйгээ урдаа зогсоогоод эрэгтэй нь хойноос нь тэврээд буудуулж байсан. Тэр хоёр хэсэг байж байгаад эрэгтэй нь дахиад буудаад байсан. Тухайн үед бид бүгд айгаад цагдаад дуудлага өгсөн...” /4хх-ийн 49-51/ гэсэн,

 

Шинжээч М.Чинбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг 9х19 мм сум нь 1902 онд анхны загварыг нь гаргасан бөгөөд орчин үед цэрэг, цагдаа, тусгай хүчин, мэргэжлийн буудлага, спортын өндөр зэрэглэлд зориулсан галт зэвсэг буюу гар буу, когал автомат гар буунд хамгийн өргөн хэрэглэгддэг юм. Энэ сум нь хамгийн өндөр нарийвчлалтай хүчтэй болох нь бүтээгдсэн цагаасаа л дэлхийн 1, 2 дугаар дайн болон бусад зэвсэгт мөргөлдөөнүүдэд шалгарсан сум юм. Уг 9 х 19 мм сумаар буудагддаг маш олон төрөл загварын гар буу, автомат гар буунууд байдаг юм. ...Тухайн шинжилгээнд ирүүлсэн сумны хонгионууд  нь ган зүрхэвчгүй хонгионууд байсан. Ган зүрхэвчгүй гэдэг нь хууль сахиулах байгууллагын ажилтан, харуул хамгаалалт, спорт, ан агнуурын зориулалтаар ашиглалтыг зөвшөөрсөн бүтэц юм. Уг 9 х19 мм сумны хүчин чадлын хувьд сумны тусгалын зай нь сумны төрөл, загвар хошууны дарины цэнэгний хэмжээ болон түүнийг ашиглан буудлага үйлдэж байгаа галт зэвсэгтэй, төрөл, загвар, түүний элэгдэл зэргээс шууд хамаарч өөр, өөр байж болно. ...Уг 9 х 19 мм буугаар /сум/ 100-500 метрт буудлага үйлдэхэд ойр орчимдоо маш аюултай, хөнөөх чадвар өндөр байна. Танай хэлтсээс шинжилгээнд ирүүлсэн хонгионууд бүгд нэг буугаар буудсан байсан...” /1хх-ийн 189-190/ гэсэн,

 

Шүүгдэгч У.Болд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ...12 цагийн үед Т.Өлзийжаргал над руу яриад салхинд гарах хэвээрээ юу гэхэд нь би ажил ихтэй байна, үдээс хойш 15 цагийн үед очьё гэж хэлсэн. Би 14 цаг 30 минутын үед Т.Өлзийжаргалын гэрт  очиход Т.Өлзийжаргалын хуучин ажлын газрын хүүхэн хамт явна гэсэн гээд хэсэг хүлээсэн. Тэгсэн тэр хүн нь та хоёр түрүүлээд явж бай гэж хэлэхээр нь Т.Өлзийжаргал бид хоёр Зайсан орох байснаа шууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явж Төв аймаг руу явах замаар орж Өлзийт хороололд тавьсан шинэ замаар яваад шувуун фабрик руу орж гүүрээр гараад цаана нь байх төмөр замын наад талаар нь гол руугаа буугаад машинтайгаа очиж зогссон. Би 76-77 УБ улсын дугаартай ауди маркийн автомашинтай голын эрэг дээр модны сүүдрээр тавьсан. Тухайн үед машиныхаа 4-н хаалгыг онгойлгож дэлгээд машины ард байсан дэвсгэрийг дэвсээд хоёулаа суусан. ...19 цаг өнгөрч байхад салхи салхилахаар нь өмдөө өмсөөд дээгүүрээ цамцаа өмсөхөд Т.Өлзийжаргал унтаад байсан. Би тухайн үед Т.Өлзийжаргалыг чи тийм муу байгаа юм уу гэхэд харин тиймээ гээд нүүрэн дээрээ алчуур тавиад амарч байсан. Тэгсэн гэнэт буугаар буудах чимээ сонсогдохоор Т.Өлзийжаргалд хандаж энд хүн буугаар буудаад байна даа гэж хэлэхэд Т.Өлзийжаргал нэг их анзаараагүй. Тухайн үед 3-4 удаа буун дуу сонсогдсон. Би босоод модны зүг 30-40 м газар алхаж очиход нэг нь хар өнгийн фудволктой, нөгөөдөх нь саарал цамцтай, нүдний шилтэй 40 гаран насны хоёр залуу буугаар буудаад зогсож байсан. Би явж очоод та нар буудаад байгаа юм уу гэхэд тиймээ бай буудаж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр залуу надад хандаж ах буудах уу гэхээр нь энд буудаж болох юм уу гэж би асуусан. Тэгсэн тэр хоёр залуу энд чинь ерөөсөө буудлага хийдэг газар ш дээ цэрэг, цагдаагийнхан бууддаг юм гэж хэлсэн. Тэгээд бас танд уух юм байна уу гэхээр нь Т.Өлзийжаргалын ууж байсан архинаас хоёр хундаганд хийгээд тэр хоёр залууд өгсөн. Тэгээд тэр хоёр залуу намайг мөнгөөр буудуулахаар болоод нэг сумыг 8000 төгрөгөөр буудуулахаар болсон. Би өөрийн сууж байсан газар луу дагуулж очсон. Тэгсэн тэр  хоёр залуу ах ундаа байна уу гэхээр како-кола ундаанаас хийж өгсөн. Тэр хоёр залуу та нэг буудаад үз гээд гар буу өгсөн. Би нэг удаа нэг сумаар буудахдаа газар луу буудсан. Тэр  хоёр залуу ингэж бууддаг юм гээд ундааны лааз, пивоны лааз зэргийг тавиад 6-7 удаа буудсан. Намхан биетэй залуу нь их сайн буудаж байсан. Тэгсэн намхан залуу нь хар цүнхнээсээ дахин сум гаргаж ирээд цэнэглэж байсан, тэр үед нь би Т.Өлзийжаргал дээр очоод чи буудах уу гэхэд Т.Өлзийжаргал босч ирсэнээ буудая гэхээр нь Т.Өлзийжаргалын гар буу барих үед нь овоо харааг нь зааж өгөөд нөгөө хоёр залуутай юм яриад зогсож байсан. Тухайн үед Т.Өлзийжаргал яг хэдэн удаа буудсан эсэхийг мэдэхгүй байна, нэг юм уу хоёр удаа буудах чимээ гарсан. Одоо бодоход нэг удаа буудсан юм байна, би бас нэг удаа буудсан.Тэр хоёр залуу ах хүү юм ярьж болно ш дээ гэхээр нь юу ярих уу гэж асуухад буугаа зарна шүү гэсэн. Би тэр үед нь наад буу чинь бичиг баримттай юм уу гэхэд юу гэж бичиг баримтгүй буу танд зарах вэ гэж хэлсэн. Би тэгвэл бичиг баримтыг нь үзье гэхэд та байж бай гэсэн, тэгээд цаашаагаа мотоцикл руугаа  алхсан. Би тухайн үед утсаар ярьж байсан. Тэгсэн тэр хоёр залуу модон дотроос гэнэт шар өнгийн мотоцикльоо асаагаад яваад өгсөн. Тухайн үед би ямар сонин юм бэ гээд Т.Өлзийжаргалыг хэвтэж байхад нь очсон. Тэгсэн Т.Өлзийжаргал хэрэггүй хэрэггүй буугаар яах гээд байгаа юм бэ гэхээр нь за за гээд бид хоёр хэвтээд өгсөн. Тухайн үед оройн 20 цагийн үед байх гадаа бүрэнхий болж байсан. Гэхдээ гэгээтэй байсан, би босоод машиныхаа хөгжмийг асаагаад видео үзээд буцаад дэвсгэр дээр очиж суусан. Ингээд байж байхад оройн 21 цаг өнгөрч байсан байх цагаа сайн санахгүй байна, цагдаа ирээд энд хүн буугаар буудаад байна гэсэн дуудлагын дагуу ирж байна гэхээр нь энд мотоцикльтой хоёр залуу мөнгөөр буудуулаад яваад өгсөн гэж хэлсэн.

Орой 19 цагийн үед гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нар тэр хавиар машиныг бүрэн шалгаад дараа нь хоёр ширхэг хонгио барьсан явж байсан. Би хаанаас сумны хонгио олсоныг нь мэдэхгүй, тэгснээ машиндаа суучих хамт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс дээр очье гээд явцгаасан...” /1хх-ийн 218-225/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Өлзийжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед У.Болд над руу утсаар яриад би бэлэн болчихлоо чи явахад бэлэн үү гэж хэлсэн. ...16 цагийн үед У.Болдтой өөрийн гэрийн гадаа уулзсан. У.Болд 76-77 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ауди маркийн суудлын автомашинтай ирсэн. Би цүнхэндээ биеэ наранд шарна гээд богино өмд болон майк, нүүр гарын алчуур, жак даниэльс виски талаас доогуур байсныг авч явсан. ...Бид хоёр орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн засмал замаар яваад голын эрэг дээр очиж автомашинаа модны доор тавиад 4-н хаалгыг онгойлгоод өөрсдөө машинаасаа зайтай очиж зүлгэн дээр дэвсгэр дэвсээд суусан. ...У.Болд бид хоёрыг голын эрэг дээр ирсэнээс хойш барагцаагаар 2 цагийн дараа хар подволктой, бараан саарал хувцастай, шар хар холилдсон өнгийн мотоцикльтой үл таних хоёр эрэгтэй хүн модон дундаас гарч ирсэн. Тухайн үед У.Болд надтай хамт сууж байгаад босоод модны хажууд очиж мотоцикльтой хоёр хүнтэй таньдаг ч юм шиг юм яриад зогсоод байсан. Тэгсэнээ У.Болд буцаж ирээд вискинээсээ хоёр хундагандаа хийж авч яваад тэр хоёр эрэгтэйд өгч байсан. ...Орой 19 цаг 30 минутын үед буун дуу гарахаар нь би өндийж босч ирээд харахад У.Болд гартаа жижиг гар буу барьсан модны доод талд пивоны шил, лааз тавьсан буудаж байсан. Харин нөгөө хоёр залуу У.Болдоос 20 метрийн зайтай зогсож байсан. ...Намайг буудах уу гэж асуухаар нь би тэгье гээд очиж 2-3 сумаар буудсан. ...50,000 төгрөг нь 10 сумны мөнгө юм. Нэг ширхэг сумыг 5,000 төгрөгөөр буудуулж байгаа юм гэж хэлсэн. ...У.Болд вискинээс эхний нэг хундагыг уусан, согтолтын зэрэг гайгүй байсан...” /1хх-ийн 233-235/ гэсэн мэдүүлгүүд,   

 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 5, 6/,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 45-52, 54-58/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 59-65/,

- Шүүгдэгч Т.Өлзийжаргалын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Намууны мэдүүлэг /1хх-ийн 1134-135/,

- Шүүгдэгч У.Болдын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 67, 28/,

- Шүүгдэгч Т.Өлзийжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 52, 21/,

 

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4077 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт: - Шинжилгээнд 2008 онд Чех улсын Sellier & Bellot “S & B” сумны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн буудлаганд хэрэглэгдсэн сумны хонгионуудыг ирүүлсэн байна.

- Уг хонгионууд нь 9 х 19 мм калибрийн сумных бөгөөд албаны болон спортын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумных байж болно. Уг хонгионуудын бялт нь цохилтоос тэсэрсэн байна.

- Сумнуудын гадна байдал, таних тэмдэг, номер дугаарыг өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

- Шинжилгээнд 2008 онд Чех улсын Sellier & Bellot “S & B” сумны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн тэмдэглэгээтэй сумны хонгионуудыг ирүүлсэн байна.

- Шинжилгээнд ирүүлсэн хоёр хонгионы бялт дээр үүссэн бууны замагны цохигчийн мөр адил байгаа тул нэг буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна.

- Шинжилгээнд ирүүлсэн хоёр хонгио хэдийд буудагдсаныг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй боловч гадаргууд нь галт зэвсгийн эд ангиудаас буудлагын явцад үүссэн мөрүүдийн хувьд шинэ болон хуучин гэж ялгах шинж тэмдэг илэрэхгүй байна.

- уг хонгионууд галт зэвсгийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хонгионуудтай тохирохгүй байна...” /1хх-ийн 157-159/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4185 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн малгай хэсэгтээ Р14А,31,40 тэмдэглэгээтэй 1 ширхэг сум нь 1940 онд тэр үеийн Чехсловок улсын зэвсгийн үйлдвэрийн 31 дүгээр дамжлагт үйлдвэрлэгдсэн, Р14А загварын 9 х 19 мм калибрийн сум байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Р14А загварын сум нь тухайн үед цэргийн /байлдааны/ зориулалтай үйлдвэрлэгдэж байсан.

Сумны үзүүлэлт:

- анхны хурд 410-435 м/с,

- хошууны энерги /хүч/ 570-678 Дж,

- хошууны жин 5,8-10,2 гр,

3. Сумны гадны байдал, таних тэмдэг, номер дугаарыг өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн суманд хадгалалтын хэвийн бус нөхцлөөс бий болсон буудлаганд саад болохуйц эвдрэл гэмтэл, бохирдлын шинж тэмдэг илрэхгүй байна.

5. Сум нь үйлдвэрийн стандарт хийцийнх байна.

6. Уг Р14А загварын 9 х 19 мм калибрийн сумаар буудлага үйлдэж нэгдсэн санд авсан загвар байхгүй байна...” /1хх-ийн 161-163/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2127 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн сумны хонгионы малгай хэсэгтээ “Р14А 31 40 гэсэн тэмдэглэгээтэй, 9х19 мм калибрийн Р14 А загварын сум нь гол төмрийн сумны байр 9х19 мм калибртай бүх төрлийн ангийн, байлдааны, спортын буунд ашиглаж болно. Энэхүү сумны техникийн үзүүлэлт:

- анхны хурд 410-435 м/с,

- хошууны энерги /хүч/ 570-678 ДЖ,

- хошууны жин 5,8-10,2 гр байна.

2. Шинжилж буй сум нь ган зүрхэвчгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн 9х19 мм калибрийн Р14А загварын сумыг 1944 оноос хойш байлдааны зориулалтаар үйлдвэрлээгүй бөгөөд манай улсад зөвшөөрөгдсөн иргэний зориулалтаар спорт, ан агнуур, харуул хамгаалалт, хууль сахиулах албаны зориулалттай /ган зүрхэвчгүй/ сумны хошуутай бүтцийн хувьд адил байна. Тухайн сумны хошууны бүтэц түүний зориулалтыг тодорхойлдог...” /4хх-ийн 104-105/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4184 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд Чех улсын Sellier & Bellot “S & B” үйлдвэрт:

-2008 онд үйлдвэрлэгдсэн - 5 ширхэг,

-2011 онд үйлдвэрлэгдсэн - 3 ширхэг,

-2015 онд үйлдвэрлэгдсэн - 1 ширхэг,

-2016 онд үйлдвэрлэгдсэн - 2 ширхэг,

-үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй – 2 ширхэг буюу нийт 13 ширхэг 9 х 19 мм калибрийн буудлаганд хэрэгдсэн сумны хонгионууд ирүүлсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь 9 х 19 мм калибрийн гол төмөр бүхий буунуудад зориулагдсан сумны хонгионууд байна. Эдгээр хонгио бүхий сумны хошуу нь ган зүрхэвчгүй /албаны, харуул хамгаалалтын, спортын г.м/ зориулалтай үйлдвэрлэгддэг. Уг 13 ширхэг хонгионууд нь буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн сумных байна.

3. Хонгионуудын хэлбэр хийц, тусгай тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг хонгионуудын бялт дээр үүссэн бууны замагны цохигчийн мөр адил байгаа тул нэг буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна.   

5. Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг хонгионууд нь Чех улсын Sellier & Bellot үйлдвэрт 2008 он, 2011 он, 2015 он, 2016 онуудад үйлдвэрлэгдсэн байна.

6. Дээрх хонгионууд нь нэг төрөл хийцийнх байна. Утаагүй төрлийн дариар цэнэглэгдсэн сумны хонгио байна. Хонгионуудыг дахин цэнэглэсэн шинж тэмдэг илрэхгүй байна. Хонгионуудад ямар нэгэн гэмтэл өөрчлөлт илрэхгүй байна.

7. Шинжилгээнд  ирүүлсэн 13 ширхэг хонгиог буудлаганд хэрэглэсэн /буудагдсан/ цаг хугацааг тогтоох боломжгүй боловч тэдгээрт буудлагын явцад гэлт зэвсгийн эд ангиудаас үүүсэн мөрүүдийн хувьд шинэ болон хуучин гэж ялгах шинж тэмдэг илрэхгүй байна.

8. Усан дотор хир хугацаанд байсныг шүүх баллисткийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

9. Хонгионууд нь галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлтэй хонгионуудтай тохирохгүй байна...” /1хх-ийн 165-168/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4078 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд Чех улсын Sellier & Bellot “S & B” үйлдвэрт:

- 2008 онд үйлдвэрлэгдсэн - 12 ширхэг,

- 2011 онд үйлдвэрлэгдсэн - 9 ширхэг,

- 2015 онд үйлдвэрлэгдсэн - 2 ширхэг,

- 2016 онд үйлдвэрлэгдсэн - 7 ширхэг,

- үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй - 4 ширхэг буюу нийт 34 ширхэг 9 х19 мм калибрийн буудлаганд хэрэглэгдсэн сумны хонгионууд ирүүлсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь 9 х 19 мм калибрийн гол төмөр бүхий буунуудад зориулагдсан сумны хонгионууд байна. Эдгээр хонгио бүхий сумны хошуу нь ган зүрхэвчгүй /албаны, харуул хамгаалалтын, спортын г.м/ зориулалттай үйлдвэрлэгддэг. Уг 34 ширхэг хонгионууд буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн сумных байна.

3. Хонгионуудын хэлбэр хийц, тусгай тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн хонгионууд нь Чех улсын Sellier & Bellot үйлдвэрт 2008 он, 2011 он, 2015 он, 2016 онуудад үйлдвэрлэгдсэн байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн 34 ширхэг хонгионуудын бялт дээр үүссэн бууны замагны цохигчийн мөр адил байгаа тул нэг буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна.

6. Хэргийн газраас олдсон хонгионууд нь хонгионы өндөр 19 мм, хошуу нь 9 мм голчтой сумных байна.

7. Дээрх хонгионууд нь нэг төрөл хийцийнх байна. Утаагүй төрлийн дариар цэнэглэгдсэн сумны хонгио байна. Хонгионуудыг дахин цэнэглэсэн шинж тэмдэг илрэхгүй байна. Хонгионуудад ямар нэгэн гэмтэл өөрчлөлт илрэхгүй байна.

8. Шинжилгээнд ирүүлсэн 34 ширхэг хонгиог буудлаганд хэрэглэсэн /буудагдсан/ цаг хугацааг тогтоох боломжгүй боловч тэдгээрт буудлагын явцад галт зэвсгийн эд ангиудаас үүссэн мөрүүдийн хувьд шинэ болон хуучин гэж ялгах шинж тэмдэг илрэхгүй байна.

9. Уг хонгионууд нь галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлтэй хонгионуудтай тохирохгүй байна...” /1хх-ийн 170-173/ гэсэн дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нар нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд нийтийн хэв журмыг бүлэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг хэрэглэж алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Сарантуяа, Я.Өлзий-Ундрах, Г.Оюунмаа, Г.Батчулуун, Ц.Цэрмаа, Б.Ганхөлөг Б.Батболд, Б.Баяндүүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4077, 4185, 2127, 4078 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч нарын хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

2016 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд У.Болд, Т.Өлзийжаргал нар нь очиж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу буугаар буудлага хийж, Туулын бургасанд амарч байсан М.Сарантуяа, Я.Өлзий-Ундрах, Г.Оюунмаа, Г.Батчулуун, Ц.Цэрмаа, Б.Ганхөлөг Б.Батболд, Б.Баяндүүрэн нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээг “...таваас дээш найман жил хүртэл хугацаагаар...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээг “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүх энэ хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэж, хүндрүүлэх нөхцлийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж заасан ба шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарын үйлдэлд хуульд заасан дээрх шинжүүдээс “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан”, ингэж олон нийтийн амгалан тайван байдлыг буугаар буудаж буюу зэвсэг хэрэглэж алдагдуулж байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, тэднийг нийтийн хэв журмыг бүлэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг хэрэглэж алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.Болд мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон /1-р хх-ийн 197, 200, 203/, мөн шүүхийн шатанд буюу 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс цагдан хоригдсон ба нийт 19 хоног цагдан хоригдсоныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцов.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жак даниэлс гэсэн бичигтэй хар өнгийн тагтай, цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй шил 1 ширхэг, “Coca­-Cola” 330ml гэсэн бичигтэй улаан өнгийн лааз 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шар өнгийн 49 ширхэг хонгио, 1 ширхэг шар хонгиотой сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд шилжүүл, эрүүгийн 201626030832 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Уртнасангийн Болд, Тамч овогт Түнжээгийн Өлзийжаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Уртнасангийн Болд, Тамч овогт Түнжээгийн Өлзийжаргал нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг хэрэглэж алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Болдыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Өлзийжаргалыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Болдын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жак даниэлс /jack daniels/ гэсэн бичигтэй хар өнгийн тагтай, цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй шил 1 ширхэг, “Coca­-Cola” 330ml гэсэн бичигтэй улаан өнгийн лааз 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шар өнгийн 49 ширхэг хонгио, 1 ширхэг шар хонгиотой сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн 201626030832 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Өлзийжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Өлзийжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч У.Болдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР