Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/620

 

 

 

 

 2021               06            24                                        2021/ДШМ/620                        

                                       

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

            яллагдагч Б.Уын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ут холбогдох 1807006100059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Е овгийн Б-ын У, Улаанбаатар хотод 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Б.У нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Света” эмийн сан дотор гар утасны худалдаа эрхэлдэг Ш.Б-ээс “LG X-5008” загварын 2 ширхэг гар утас, “Nokia загварын 1 ширхэг гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 356,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Б.У нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид эдэлж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, хорих ял эдэлж байгаа ялтныг шилжүүлэн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр шууд хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, яллагдагч, шүүгдэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ... шийтгэх тогтоол гарсны дараа өмнөх өөр гэмт хэрэг нь тогтоогдвол ялыг нэмж нэгтгэх тухай зохицуулжээ. Иймд хорих ял эдэлж байгаа ялтан Б.Ут тохирох таслан сэргийлэх арга хэмжээг авч, ялын тооцоог гаргуулах нь түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэхэд шууд хамааралтай байна...” гэсэн дүгнэлт хийж Б.Ут холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэлдээ: “... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаартай тушаалаар баталсан “Хорих ангиас ялтныг шилжүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй бөгөөд шүүх хуралдаанд ялтныг оролцуулах боломжтой бол ялтныг шилжүүлэн авахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно” гэжээ. Дээрх журмын дагуу Б.Ут холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад ямар нэгэн саад учруулахуйц нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн яллагдагч Б.Уыг цахимаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулсан болно. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд яллагдагчийг оролцуулсан нь яллагдагч Б.Уыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг хязгаарлаагүй, цаашид гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд цахимаар болон биеэр оролцуулах бүрэн боломжтой. “Хорих ангиас ялтныг шилжүүлэх журам”-д заасны дагуу ялтан Б.Уыг хорих ангиас аваагүй тул түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй. Шүүхийн урьчилсан хэлэлцүүлгийн үед прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.9 дэх заалтад зааснаар яллагдагч Б.Ут таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар санал, хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Яллагдагч Б.Ут шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялаас ямар хугацааны ялыг биечлэн эдэлсэн болон эдлээгүй үлдсэн ялын тооцоог тус хорих ангийн эрх бүхий албан тушаалтнаар гаргуулан хэрэгт хавсаргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зөв тооцож тогтоох бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

            Яллагдагч Б.Уын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэр гаргасан тул шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Б.У нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсний дараа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн гэх залилах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс, яллагдагч Б.Ут мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн байхад эдлээгүй үлдсэн ялыг тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялыг нэмж нэгтгэх хууль зүйн боломжийг бүрдүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэж, 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараахь асуудлыг тусгана/-ийн 1.5 дэх заалтад “яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх;” гэж тус тус зааснаас үзвэл мөрдөн шалгах болон шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгч таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заасан. Мөн яллагдагч, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй танилцах, мэдээлэл авах, гомдол, хүсэлт гаргах эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон. Гэтэл прокуророос яллагдагч Б.Уын эдлэх ялыг тасалбар болгон, шилжүүлэн цагдан хорих асуудлыг шийдвэрлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрт хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүйд хүргэсэн, нөгөө талаар яллагдагчид өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, гомдол хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласан байна.

Түүнчлэн, шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол хэд хэдэн тогтоолоор ял оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тодорхойлсон байна. Тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан “... эдлээгүй үлдсэн ял ...” гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ялыг тасалбар болгож, биеэр эдэлсэн болон эдлээгүй үлдсэн ялын хэмжээг тооцож тогтоосон байвал зохино.

Прокурор эсэргүүцлийн үндэслэлээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаартай тушаалаар баталсан “Хорих ангиас ялтныг шилжүүлэх журам”-ыг иш татаж тайлбарлаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах эрх зүйн эх сурвалжтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан Хорих ангиас ялтныг шилжүүлэх журмыг шүүхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байна.   

Харин яллагдагч Б.Ут Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хугацаа удахгүй дуусч байгаагаас шалтгаалан одоо хэргийг прокурорт буцааж ялын тооцоог хийж ирүүлэх нь ач холбогдолгүй, цаг хугацаа, хөрөнгө үр дүнгүй зарцуулсан явдал болохоор байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг эцэслэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагч Б.У нь хорих ял эдэлж байгаа учир түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүйг дурьдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ут холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч Б.Ут таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурьдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН