Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 994

 

                           “Б” ХХК, Ж.Б, М.Б нарын

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 183/ШШ2019/00775 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, М.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч М.Б, Ж.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу иргэн Ж.Б, М.Б нараас 0 000 000 000 төгрөгийг гаргуулж “Ц.Т.Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг хурааж, битүүмжилсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 18290282/02, 18290282/03 тоот тогтоол, 12 дугаар сарын 11-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай” 18290282/04, 18290282/05 тоот тогтоолуудыг тус тус үйлдэн улмаар битүүмжилж, хураасан эд хөрөнгүүдэд шинжээч томилон үнэлүүлээд байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Б, М.Б нарын нэр дээр хилээр бараа бүтээгдэхүүн импортолсон эсэх талаарх лавлагааг авсан бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 03-2/1470 тоот албан бичигт хариу өгч хавсралт ирүүлсэн байна. Хавсралтаас харахад төлбөр төлөгч иргэн М.Б-ийн нэр дээр хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж Иран Исламын бүгд найрамдах улсаас тодорхой тооны буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл импортлон оруулж ирж байсан. Төлбөр төлөгч М.Б-ийн 2017 оны 10 дугаар сард оруулж ирсэн тавилгууд нь худалдан борлогдсоноос гадна “И-ББСБ”-д төлөх төлбөртөө нийт хоёр удаагийн нийлүүлэлтээр 117 ширхэг буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг өгч эд хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь дээр дурдсанаар М.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тавилгууд биш бөгөөд харин “Б” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 8 дугаар сарын 25-ны өдрийн гаалийн бүрдүүлэлт хийн импортолж оруулж ирсэн тавилгууд юм. Уг эд хөрөнгө тавилгууд нь “Б” ХХК-ний өмч болох талаар тайлбар, холбогдох бүх баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөөр байтал манай компанийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 4, 8 дугаар сард “Б” ХХК-ийн нэр дээр орж ирсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Тиймээс гуравдагч этгээдийн өмчид халдсан хууль бус ажиллагааг хүчингүйд тооцож, уг эд хөрөнгийг үнэлэхээр томилсон шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгох буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн хөрөнгө битүүмжилсэнтэй холбоотой тогтоолууд нь хууль бус шинжтэй байна. Гуравдагч этгээд төлбөр төлөх үүрэгтэй этгээд биш учир түүний хөрөнгөнд нь халдаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 01270 дугаар шийдвэрээр М.Б болон Б нараас 0 000 000 000 төгрөг гаргуулж “Ц.Т.Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаар тогтоолоор үүсгээд, төлбөр төлөгч нарын эзэмшил буюу өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа ирж, бүртгэлтэй хөрөнгүүд нь гуравдагч этгээд буюу “ББСБ” болон банкны барьцаанд бүртгэлтэй байсан нь тогтоогдсон. Төлбөр төлөгч М.Б, Б нар Монгол улсын хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн эсэх талаар гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1470 дугаар албан бичгээр тогтоогдсон байдаг. Уг лавлагааны дагуу дээрх оруулж ирсэн тавилга, гэрлийн бүрхүүлийг битүүмжлэн, хураах ажиллагааг 2018 оны 11, 12 дугаар саруудад хийж гүйцэтгэсэн. Төлбөр төлөгч М.Б-ийн хилээр оруулж ирсэн буюу гаалийн байгууллагын лавлагааг үндэслэж эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шүүх шийдвэр гаргасан тохиолдолд үнэлгээ дагаад хүчингүй болно. Энэ тогтоолоор хийгдсэн ажиллагаа нь Б-ийн хөрөнгө юм гэж нэхэмжлэгч тал өөрсдөө бараг хүлээн зөвшөөрөөд байна. Шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс эрх бүхий байгууллага буюу гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Шийдвэр гүйцэтгэгч тухайн үед өөрийн нүдээрээ үзэж битүүмжилсэн, лавлагаатай тулгалт хийсэн байдаг учир энэ нь ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдийн хөрөнгө байх боломжгүй. М.Б-ийн Монгол улсын хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байгаа. Гуравдагч этгээд нь өөрийнх нь өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар битүүмжилсэн тогтоолоос эд хөрөнгийг хасуулахаар тусдаа хүсэлт гаргах эрхтэй. Маргаад байгаа энэ хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ц.Т.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс оролцож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу тухайн битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах буюу чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргана гэж тодорхой заасан байхад нэхэмжлэлийн зүгээс тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол битүүмжилсэн тогтоол, хураасан тогтоол, эд хөрөнгөнд шинжээч томилуулан үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18290282 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн “Б” ХХК, Ж овогт Ж.Б /ХЖ00000000/, Б овогт М.Б /ЧТ70042207 нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421.200 /дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч М.Б, Ж.Б нар давж заалдах гомдолдоо: ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Алтаргана хотхонд байрлах Перс тавилгын дэлгүүрт зарагдаж байсан.

  1. Хүүхдийн толгойны хийцтэй гэрлийн бүрхүүл 2 ш
  2. Дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл 4 ш
  3. Лааны суурийн гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл 3 ш
  4. Шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл 2 ш
  5. Голдоо хар ангийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй бүрхүүл 1 ш
  6. Улаан хүрэн өнгийн 8 ширхэг сандалтай хоолны ширээ 1 ширхэг
  7. Цагаан шаргал өнгийн 8 ширхэг сандалтай хоолны ширээ 1 ширхэг зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг битүүмжилж, хураан улмаар албадан дуудлага худалдаагаар борлуулах зорилгоор шинжээч томилон үнэлүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан билээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаар шийдвэрийн дагуу иргэн Ж.Б, М.Б нараас 0 000 000 000 төгрөгийг гаргуулж “Ц.Т.Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг хурааж битүүмжилсэн юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Б, М.Б нарын нэр дээр хилээр бараа бүтээгдэхүүн импортолсон эсэх талаарх лавлагааг тус тус авсан байдаг бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 03-2/1470 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт хариу өгч хавсралт ирүүлж байжээ. Хавсралтаас харахад төлбөр төлөгч иргэн М.Б-ийн нэр дээр хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж Иран /Исламын Бүгд Найрамдах/ улсаас тодорхой тооны буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл импортлон оруулж ирж байсан байна.

Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/18627 тоот албан бичгийн хариу Гаалийн ерөнхий газар одоог болтол өгөөгүй байдаг. Төлбөр төлөгч М.Б-ийн 2017 оны 10 дугаар сард оруулж ирсэн тавилгууд нь худалдан борлогдсоноос гадна "И" ББСБ-д төлөх төлбөртөө нийт 2 удаагийн нийлүүлэлтээр нийт 117 ширхэг буйдан, кресло, түшлэгтэй сандал, ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг өгч түүний нэр дээр орж ирсэн түүний өмчлөлийн эд хөрөнгийн үлдэгдэлгүй болсон талаарх баримтыг гаргаж өгсөн.

Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилж хураасан эд хөрөнгө нь дээр дурдсанаар М.Б-ийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж оруулж ирсэн тавилгууд биш бөгөөд харин "Б" ХХК-ны 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болон мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гаалийн бүрдүүлэлт хийн импортолж оруулж ирсэн тавилгууд юм. М.Б-ийн нэр дээр орж ирсэн түүний өмчлөлийн тавилга эд хөрөнгүүд нь худалдан борлогдсон, бусдад төлбөрт тооцон өгсөн талаарх, мөн хурааж битүүмжлээд байгаа хөрөнгө нь төлбөр төлөгч бидний хөрөнгө бус харин "Б" ХХК-ны өмч болох талаарх тайлбар, холбогдох бүх баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчид өгсөөр байтал ийнхүү манай компанийн өмчлөлийн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Шүүхийн шийдвэрт төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь иргэн Ж.Б, М.Б нар байхаар тодорхой заасан байтал төлбөр төлөгч биш этгээд болох "Б" ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөнд халдах эрхгүй юм.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ" гэж заасан бол Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ" гэж заажээ.

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй" гэж заасан байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу "Б" ХХК нь хувьцаа эзэмшигч М.Б-ийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д "Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно" гээд мөн хуулийн 122.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 44.3, 63,4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй" гэж тус тус заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18290282/02, 18290282/03 тоот тогтоол болон 12 дугаар сарын 11-ны Эд хөрөнгө хураах тухай 18290282/04 18290282/05 тоот тогтоолууд, мөн дээрх эд хөрөнгүүдийг шинжээч томилуулан үнэлүүлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэх үндэстэй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК, Ж.Б, М.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 183/ШШ2017/01270 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б, М.Б нараас 0 000 000 000 төгрөгийг “Ц.Т.Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18290282/03 дугаартай, 18290282/02 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18290282/04 дугаартай, 18290282/05 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ж.Б, М.Б нарын эд хөрөнгийг битүүмжилж, хураажээ.

 /хх 113-116, 119-122 дугаар тал/

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй байх тул 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 16 дугаар тогтоолоор “Х.Э” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг гаргуулсан байна. /хх 140 дүгээр тал/

 

“Х.Э” ХХК нь дээрх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, А.хотхон, П.тавилгын дэлгүүрт байрлах хүүхдийн толгойн хийцтэй гэрлийн бүрхүүл-2ш, дээрээ 8 ширхэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл-4ш, лааны суурин гэрлийн чийдэнтэй гэрлийн бүрхүүл-3ш, шар өнгийн шилэн хүрээтэй гэрлийн бүрхүүл-2ш, голдоо хар өнгийн сийлбэртэй тойроод 8 ширхэг гэрлийн чийдэнтэй-1ш, хоолны ширээ /улаан хүрэн өнгөтэй, 8 ширхэг сандалтай/-1 ком, хоолны ширээ /цагаан шаргал өнгөтэй, 8 ширхэг сандалтай/ 1 ком нийт долоон эд хөрөнгийн үнийг 000 000 000 төгрөг болохыг тогтоосон байна.

 /хх-ийн 141-150 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 8 дугаар сарын 25-ны өдөр бичигдсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт хүлээн авагч нь “Б” ХХК, Ж.Б гээд 23 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн бүртгэгдсэн байх бөгөөд тухайн эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б” ХХК нь нэг гишүүнтэй байх бөгөөд гүйцэтгэх захирлаар М.Б-г томилсон бүртгэл 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн, компанийн дүрмийн 1.3-д үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр нь М.Б гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгч “Б” ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь М.Б байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа дээрх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “Б” ХХК тухайн эд хөрөнгүүдийг компанийн орлогод бүртгэж тайлан болон дансандаа тусгасан, өөрийн хөрөнгө болохыг нотолсон, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 183/ШШ2019/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО