Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00427

 

 

 

 

 

 

 

 

                              2023        01          16

            101/ШШ2023/00427

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Э” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  “М” ХХК /рд:/-д холбогдох,

242,495,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ж, хариуцагчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч П.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” компани нь “М” ХХК-ийн захирал Д.Мтай харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах “Булгантамирын барилгын гадна ханын лед дэлгэцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №04 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч “М” компани нь Булгантамирын барилгын гадна ханын лед дэлгэцийн барилга угсралтын ажлын зургийг манай компанийн буюу захиалагчийн даалгаврын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэж зохиогчоор баталгаажуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэрийн материалыг нийлүүлэн ханын лед дэлгэцээ угсарч суурилуулан ашиглалтад оруулах ажлаа гэрээнд заасан хугацаанд чанар стандартын өндөр түвшинд гүйцэтгэн 2020 оны 08 сарын 23-нд дуусган Захиалагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.

“Э” компани нь тус гэрээнд заасанчлан хөлс мөнгөө цаг хугацаанд нь төлж, ковидын цаг үеийн хүндрэл бэрхшээл, олон нийтийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болохуйц цахилгаан тоног төхөөрөмж суурилуулж буй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгааг бодолцон уян хатан байдлаар хандаж, хангалттай цаг хугацаа өгсөн боловч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлснөөс удаа дараа урьдчилгаа хэлбэрээр 242,495,500 /Хоёр зуун дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга таван зуун/ төгрөг авсныхаа дараа тохиргоо суурилуулалт таарахгүй эвдрэл хэмхрэлтэй тоног төхөөрөмж суулгаснаас ханын лед дэлгэц нь анхнаасаа ажиллахгүй жил хагасын хугацаа өнгөрсөн тул бидний зүгээс гэрээнд заасанчлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэрийн эвдрэл хэмхрэлгүй чанартай тоног төхөөрөмжөөр ханын лед дэлгэцээ угсарч суурилуулан ажлын алдаа доголдлоо засан захиалагч талд хүлээлгэж өгөх ёстой тухай удаа дараа албан шаардлага тавьж байсан.

“Э” компанийн хуулийн зөвлөх П.Ж миний бие хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 25, 30, 31-нд “М” компанийн захирал Д.Мтай утсаар ярихад алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч “Гэрээт ажлаа долоо хоногийн дотор дуусгана. “Э” компанийг хохиролгүй болгоно.” хэмээн хариу өгч байгаад сүүлдээ утсаа авалгүй алга болсон тул бид 2022 оны 09-р сарын 02-ны өдөр "М” компанийн албан ёсных нь хаягаар “М” ХХК нь гэрээгээ ноцтой зөрчсөнөөс гэрээгээ цуцалсан, алданги, хохирлоо төлүүлэх” талаарх албан бичгийг шуудангаар явуултал шуудангаас “М” ХХК нь хариу бичиг ирүүлээгүй, манайхаас өгсөн урьдчилгаа төлбөрийг өгөхгүй нь нэгэнт тодорхой болсон.

Иймээс хариуцагч “М” ХХК-ийн захирал Д.Маас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн 242,495,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож барилгын гадна лед дэлгэцийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд 2020 оны 8 сард дуусгах байсан. Нэхэмжлэгч нь ковидын үеийг бодолцож хангалттай хугацаа өгсөн. Хариуцагч нь лед дэлгэцийг суурилуулах хүртэл 80 хувийн урьдчилгаа авна гэсэн. Үүний дагуу 242 495 500 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг ажлыг шалгаж өгөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч нь дэлгэцээ суурилуулах гэж их хугацаа хэтэрсэн. Дэлгэцийг шалгах гэтэл нэг зүйл нь шатсан. Бид сайн чанарын дэлгэц хийлгэхээр тохирсон боловч энэ шаардлага биелэгдээгүй. Ерөнхий захиалагч нь сургуулийн сурталчилгаа явуулах зорилготой байсан. Хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс бид ерөнхий захиалагчаас мөнгөө авч чадаагүй. Бид мөнгийг нь төлөхийн тулд банкнаас зээл авч хохирсон. Бид дэлгэцтэй нь хамт улсын комисст хүлээлгэж өгөх болсон. Хариуцагчийн захирал Мтай утсаар ярихад ажлаа хийнэ гэсэн боловч алга болсон. Улсын комисс авах үед дэлгэцээ хүлээлгэж өгч чадаагүй. Иймд бид уг эвдэрхий дэлгэцийг буулгаад өөр газраар хийлгэх болоод байна. Хариуцагчаас шилжүүлсэн мөнгө 242 495 500 төгрөгийг буцаан гаргуулна. Компаниар гэрээ байгуулсан гээд байгаа боловч гэрээг хэрэгт өгсөн. Хариуцагч нь амаараа л яриад байна. Актаар хүлээлцэх ёстой. Нэг удаа асаагаад тэр нь шатсан. Хариуцагч нь хариу тайлбар баримт гаргаагүй. Бүхлээр нь солихоос өөр аргагүй байгаа юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020.7.7-ны гэрээг хувь хүнээр гэрээ хийх болсон. Иргэнээр гэрээ хийж баталгаажуулсан. Урьдчилгаа төлбөрүүд нь удааширч төлсөн. Миний хувийн данс уруу хийсэн. 70 хувийн төлбөрийг төлсөн. Манайх ажлаа 8 сард дуусгасан. Нэхэмжлэгч нь цахилгаанаар хангахгүй жил болсон. Бид харин байнга шаардаж утсаар ярьж авахгүй болохоор мессеж явуулдаг байсан. Нэхэмжлэгчийн захирал нь удахгүй л гэдэг байсан. Дэлгэцээ угсарсны дараа өөр гүйцэтгэгч нар дэлгэцийн дээвэр дээгүүр явсан байсан. Улмаар силкон нь хууларсан. Дараа нь аадар бороо ороод дэлгэцийн ихэнх хэсгийг шатаасныг бид зассан. Дахиад хийе гэхээр хөрөнгө мөнгөгүй болсон. Утсаар ярих гэхээр болдоггүй тул очиж уулздаг байсан. Дэлгэцээ асаасан бичлэгүүд байдаг. Эсрэгээрээ би нэхэмжлэгчийг шаарддаг байсан. Одоо асаахад жижиг жижиг цэг л үлдсэн. Бид 100 хувь ажлаа дуусгасан байсан. Бид 2 жил шахуу араас нь хөөцөлдсөн. 2022 онд барилга хүлээлгэж өгөх гээд би бүх бичиг баримтаа нягтланд нь хүлээлгэж өгсөн. Захиралдаа танилцуулаад буцааж өгнө гэсэн боловч хариу өгөөгүй. Дотор дулаалгыг гэрээгээр хийхээр заагаагүй боловч бид хийсэн бөгөөд ажлын хөлс өгөөгүй. Бүх бараа материал нь нэхэмжлэгчийн нэрээр хилээр орж ирсэн байдаг. Би захиалгыг хийж тээврийг төлсөн. Нэхэмжлэгч нь гаалийн татвараа төлсөн. Бид хүрээг нь хийгээд дэлгэцийг угсарсан. Мөн миний хувийн данс уруу орж ирээд би урагшаагаа төлсөн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: “Э” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаар албан тоот /хх7/, урьдчилгаа төлбөрийн тооцоо /хх9/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 15 ширхэг /хх10-13, 28-38/, кассын орлогын ордерын хуулбар 7 ширхэг /хх14, 16, 19, 21, 23, 25, 26/, нэхэмжлэхийн хуулбар 7 ширхэг /хх15, 17, 18, 20, 22, 24, 27/, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх40-42/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх51-55/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 242,495,500 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гүйцэтгэл буюу урьдчилгаа хөлс 242,495,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн эс зөвшөөрч, ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж маргасан.

 

Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 04 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх40-42, 51-55/

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн гэрээнд ажлын хөлс төлөх данс бичигдсэн бөгөөд энэхүү данс нь Хаан банк дахь хариуцагчийн төлөөлөгч Д.Мы данс болох нь тус банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх10-13, 28-38/

 

Хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээг “М” ХХК биш хувь хүн байгуулсан гэж маргасан боловч хэрэгт байгаа 2 гэрээ аль алинаас үзэхэд гэрээ нь нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч “М” ХХК нарын хооронд байгуулагдсан байна.

Тодруулбал, ажлын хөлсийг хувь хүний дансанд шилжүүлсэн нь гэрээний оролцогчийг тодорхойлохгүй. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан дансанд хөлсийг төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хөлс төлсөн талаар Хаан банкны мөнгөн шилжүүлсэн баримт, кассын орлогын ордерыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь давхардсан байна. /хх10-13, 28-38, 14, 16, 19, 21, 23, 25, 26/

Улмаар нэхэмжлэгч нь ажлын хөлсний урьдчилгаанд нийт 242,495,500 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохыг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийг гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээний 2.1-т зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Хариуцагч нь дэлгэцийг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэсэн.

Хэдийгээр дэлгэц барилгын хананд суурилагдсан боловч туршилт хийх үед шатсан болох нь зохигчдын төлөөлөгч хэн алины шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч нь дэлгэцийг засварласан гэх боловч өөрийн тайлбарыг дээрх хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

Гэрээний 6 дугаар зүйлд ажлыг хэрхэн хүлээлцэх талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь үүний дагуу ажлыг хүлээлцсэн гэх баримтгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Цаашлаад нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл болох урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг буцаан гаргуулсан тул хариуцагч нь барилгын хананд бэхэлсэн дэлгэцийг буцаан авах эрх нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-с 242,495,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,370,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,370,428 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД