| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0205/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/223 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/223
2025/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э-ын Э холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны .... дүгээр сарын ...-ны үед Архангай аймгийн Ө сумын Д багийн У гэх газраас 30 ширхэг, 1,9036 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг бэлтгэж, ойн санд 376,090 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны .... дүгээр сарын ...-ны үед Архангай аймгийн Ө сумын Д багийн У гэх газраас хууль бусаар 30 ширхэг, 1,9036 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 376,090 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Э.Н-гийн өгсөн “...манай нөхөр Э нь гэрийн урд талын мод буюу Д багийн Угэх газраас өвөлжөөний хашаагаа сэлбэх зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Мод бэлтгэхээр хөрөөгөө аваад явсан. Ганцаараа мод бэлтгэсэн. Гэрийнхээ гадаа мод авчраагүй бэлтгэсэн газраа орхиод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Б.Э-ийн өгсөн “...Мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар биш. Манай багт Ар борт гэх газар талбай тусгаарлалттай” гэсэн мэдүүлэг/хх-ийн 59-60 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн өгсөн “...тус газар талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100010500988 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/,
Яллагдагч Э.Э-ын өгсөн “...Манай өвөлжөөний малын хашааны дээвэр шургааг муудаж өмгөрч хугарсан байсан учраас засах сэлбэх гээд 2025 оны ... дүгээр сарын ...-ны үед Ө сум Д баг У гэх газраас өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөгөөр зарим нь үндсээрээ унасан зарим нь босоо мод 30 ширхгийг тайрч бэлдсэн уг моднуудыг бэлдсэн газраа үлдээсэн тээвэрлэж зөөгөөгүй би тухайн модыг ганцаараа бэлтгэсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны ... дугаар сарын 21- ний өдрийн ....... дугаартай “1. Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 30 ширхэг мод нь 1.9036м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 376,090 төгрөг байна. 2. "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix siburuca-Сибирь шинэс байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32 хуу/,
Дамно ХХК-н 2025 оны 05 дугаар сарын ....-ны өдрийн “...Хууль бусаар бэлтгэсэн мод 190,360 төгрөг, хуучин цахилгаан хөрөө 88,000 төгрөг нийт 278.360 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны .... дүгээр сарын ...-ны үед Архангай аймгийн Ө сумын Д багийн У гэх газраас 30 ширхэг, 1,9036 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай босоо модыг бэлтгэж, ойн санд 376,090 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ыг мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Э-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 376.090 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 376,090 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 376,090 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1,128,270 /нэг сая нэг зуун хорин найман мянга хоёр зуун дал/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч Э.Эоос гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Э.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн шүүгдэгч Э.Э-д оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шинэс төрлийн хуурай босоо мод 1 метр 50 см урттай, 1,9036 м3 хэмжээтэй 30 ширхэг босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таг нь ногоон өнгөтэй цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э-с 1.128.270 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-с шинэс төрлийн 1 метр 50 см урттай, 1,9036 м3 хэмжээтэй 30 ширхэг босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таг нь ногоон өнгөтэй 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан авч, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар 1,128,270 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР