Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2023/00012

 

2023        01         17                                         157/ШШ2023/00012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ХААН банк” ХХК-ийн Х салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Гр сум, 3 дугаар баг Б багт оршин суух, У овогт Ч-ийн Л /РД:СИ............/-д холбогдох

“6,690,855.52 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж,                                                                хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г /цахим/, хариуцагч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х салбарын захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч Ч.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг Х аймаг дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй малчны зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд Х аймаг Г сум 3 дугаар баг Б хаягт байрлах 4 ханатай гэр 1 ширхэг, өөрийн нэр дээрх А данс бүхий 448 толгой мал зэрэг зүйлсийг барьцаалсан. Ч.Л нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 50,169.64 төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд зээлдэгч Ч.Л-с 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 665,096.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,759.40 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

1.1.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХААН банкны Төв тооцооны төв нь 2022.01.10-ны өдөр Ч.Л-д 6,000,000 төгрөгийн малчны зээлийг харилцагчийн хүсэлтийн дагуу судалж, зээлийн гэрээнд харилцагчийн өөрийн гарын үсгээр баталгаажуулан зээлийг олгосон. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлдэгдсэн нь шүүхэд гаргаж өгсөн материалаар нотлогдоно. /Өргөдөл дээр байгаа 2021 онд олгоогүй болно/. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу малчны зээл болгож 448 толгой мал, 4 ханатай гэр барьцаалж, 6 сая төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн гэрээг удирдах албан тушаалтнууд хянасны үндсэн дээр зээл олгодог. Ч.Л гуайн өөрийнх нь хүсэлтийн дагуу олгосон зээл юм. Ч.Л гуайн зээл хүссэн өргөдлийг түүний охин бичиж байсан. Харин зээлийн гэрээнд Ч.Л гуай өөрөө миний хажууд суугаад хэний ч шахалтгүйгээр, сайн дураараа  гарын үсэг зурсан. Банк зээлсэн 6 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Ч.Л нь зээл 6 сая төгрөг авсанаа, хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд байгаа хэрнээ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлан зээлийг төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу 8 дугаар сард мэдэгдэл өгч байсан, төлнө л гэдэг байсан боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ч.Л нь шүүхэд тайлбар гаргахдаа 2017 онд шүүхэд хашааны хэргээр хандаж байсан талаар тайлбар бичиж, шүүхийн шийдвэр хавсарган өгсөн байдаг боловч энэ нь банктай ямар ч хамааралгүй бөгөөд Ч.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 10-наас өмнө манай банкнаас зээл авч байгаагүй юм... гэв.   

 

2.Хариуцагч Ч.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2021 онд Ч.Л миний дансанд 6 сая төгрөг орж, би ХААН банкинд очиж хэлсэн, би гэрээнд гарын үсэг зураагүй, энэ мөнгөнд би ямар ч хамааралгүй. ...Ч.Л миний бие Х аймгийн шүүхэд /өргөө 1-17/ хашааны хэргээр хандаж байсан. ...Би зээл аваагүй, гарын үсэг зураагүй. Дансанд 6 сая төгрөг ороод ирлээ, яах уу гэхэд ХААН банкныхан дуугараагүй, тэгэхээр нь би 6 сая төгрөгийг хэрэглэсэн нь үнэн. Би гарын үсгээ “Л” гэж хоёр “а” үсэгтэй зурдаг, зээлийн гэрээнд “Л” гэж нэг “а” үсэгтэй зурагдсан, харин ХААН банкнаас өгсөн мэдэгдэлд “Л” гэж хоёр “а” үсэгтэй гарын үсгээ зурсан байгаа. Би 6 сая төгрөгийг хэрэглэсэн нь үнэн боловч гэрээнд гарын үсэг зураагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм...” гэв.   

 

3.Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас:

-ХААН банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ-1 хуудас /хх-ийн 5 дугаар хуудас/

-2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ/202147183506 дугаартай зээлийн гэрээ-3 хуудас /хх-ийн 10-12 дугаар хуудас/ 

-мөн өдрийн №БГХ/202147183506 дугаартай барьцааны гэрээ-2 хуудас /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

-ХААН банкны зээлийн дансны далгэрэнгүй хуулга-1 хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/,

-зээлийн өргөдөл, харилцагийн иргэний үнэмлэхний мэдээлэл-2 хуудас /хх-ийн 16-17 дугаар хуудас/

-2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01/263 дугаартай “Мэдэгдэл”-1 хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/

-Нийт малын задаргаа болон үнэ, барьцааны дэлгэрэнгүй нийт 3 хуудас /хх-ийн 19-21 дүгээр хуудас/ зэргийг, 

Хариуцагчаас:

-Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 156/ШШ2017/00535 дугаартай шийдвэр-3 хуудас /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

-Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/17057 дугаартай албан бичиг-1 хуудас /хх-ийн 49, 58 дугаар хуудас/

-Х аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай хариу мэдэгдэх хуудас-2 хуудас /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд тус тус гаргасан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х салбарын Төв тооцооны төв нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Ч.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийн малчны зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ огт төлөлгүй 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 665,096.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 25,759.40 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

3.Хариуцагч Ч.Л нь “Би ХААН банкнаас зээл аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй учраас зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж мэтгэлцэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зээлдүүлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, төв тооцооны төв болон зээлдэгч У овогт Ч-ийн Л /цаашид “зохигч” гэх/ нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/202147183506 дугаартай “Зээлийн гэрээ” /Хэрэглээний зээл, малчны зээл/ байгуулагдаж, 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд хэсэгчлэн гүйцэтгэхээр байгуулсан.

4.2.Мөн өдрийн №БГХ/202147183506  дугаартай барьцааны гэрээ байгуулан,  барьцааны гэрээгээр Х аймаг, Г сум, 3 дугаар баг Б хаягт байрлах 4 ханатай гэр 1 ширхэг, өөрийн нэр дээрх А данс бүхий 448 толгой мал зэргийг барьцаалсан.

4.3.Ч-ийн Л-н 59353538... тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17:25 цагт “зээл олголт шилжүүлгээр” гэсэн агуулгаар 6,000,000  төгрөгийг шилжүүлсэн.

4.4. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 04:31 цагт “зээлийн хүүгийн автомат төлөлт” гэсэн агуулгаар 50,169.64 төгрөгийн “зарлага” гарсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээ байгуулаагүй гэх маргаан байх бөгөөд 6,000,000 /зургаан сая/ төгрөг дансанд шилжүүлсэн болон барьцааны зүйлийн талаар маргаагүй, хариуцагч Ч.Л нь тухайн 6,000,000 төгрөгийг хэрэглэсэн болохоо зөвшөөрч тайлбарлав.

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.2.Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, төв тооцооны төв нь У овогт Ч-ийн Л-д 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ/202147183506 дугаартай “Зээлийн гэрээ” /Хэрэглээний зээл, малчны зээл/ байгуулан 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаанд хэсэгчлэн гүйцэтгүүлэхээр, зээлийн барьцаанд Ч.Л-ийн малын “А” дансанд бүртгэлтэй 448 толгой мал, 4 ханатай гэр зэргийг барьцаалан зээл олгосон болох нь хэргийн материалд авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, барьцааны мэдэгдлийн дэлгэрэнгүй лавлагаа, мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6.3.Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 2,855,375.34 төгрөг, зээлийн хүүнд 444,624.66 төгрөг,  нийт 3,300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 3,144,624.66 төгрөг, зээлийн хүүнд 264,872.17 төгрөг, нийт 3,409,496.82 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна. /12 дугаар хуудасны ар талд/

6.4.Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, төв тооцооны төв нь мөнгөн хөрөнгийг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид буюу Ч.Л-д шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

6.5.Харин зээлдэгч буюу хариуцагч Ч.Л нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

6.6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20% байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч банк нь хариуцагч Ч.Л-с үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 665,096.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,759.40 төгрөг, нийт 6,690,855.52 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

6.7.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, барьцааны зүйлийн талаар ямар нэгэн маргаангүй байх тул  зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

6.8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

6.9.Нэхэмжлэгч тал нь хариуцагч Ч.Л-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн малчны зээл олгосон байдлаа зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлосон, харин хариуцагч Ч.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.  

Тодруулбал: Хариуцагч Ч.Л нь “би гэрээнд гарын үсэг зураагүй, харин ХААН банкны “Мэдэгдэл”-д гарын үсэг зурсан, би гарын үсгээ “Л” гэж хоёр “а” үсэгтэй зурдаг. Гэрээнд “Л” гэж нэг “а” үсэгтэй гарын үсэг зурагдсан...”  гэх татгалзаж буй тайлбараа бичгийн нотлох баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Ч.Л нь нотлох баримтаар Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 156/ШШ2017/00535 дугаартай Э.Амарсайханы нэхэмжлэлтэй Ч.Л-д холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/17057 дугаартай “Иргэн Ч.Л-с ирүүлсэн өргөдлийг хянан үзэхэд ...Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах харъяалалтай байх тул шилжүүлэв.” гэх албан бичиг, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай “...Иргэн Ч.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х аймаг дахь ХААН банкинд зээл хүссэн өргөдлийг гаргасан, ...тогтоогдож буй үйл баримтад дүгнэлт өгөхөд гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье.” гэх хариу мэдэгдэх хуудас зэргийг гаргасан боловч эдгээр баримт нь уг иргэний хэрэгт буюу маргааны зүйлтэй хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч У овогт Ч-ийн Л-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт  6,690,855.52 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 192,203 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 6,690,855.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 122,003 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарлав.

7.1.Зээлийн гэрээний үүрэг 6,690,855.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцоолоход 122,003 төгрөг болж байх ба зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хамтад нь шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид нэмж 70,200 төгрөг төлөх шаардлагагүй байна.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, Төв тооцооны төвд олгох нь зүйтэй.

7.2.Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,003 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Л-с улсын тэмдэгтийн хураамжид 122,003 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, Төв тооцооны төвд олгож шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Л-с зээлийн гэрээний үүрэгт 6,690,855.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, Төв тооцооны төвд олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Л нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн барьцааны гэрээний дагуу 448 толгой мал, дөрвөн ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,003 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Л-с улсын тэмдэгтийн хураамжид 122,003 төгрөг гаргуулан, төрийн сангийн данснаас  70,200 төгрөгийг буцаан гаргуулан тус тус нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн Х аймаг дахь салбар, Төв тооцооны төвд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ