Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2023/00060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр хороо, 81-17 тоотод байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, ******* ******* констракшн ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр хороо, шинэ төгөл 3-1 тоотод байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, ******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Дулаан хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,637,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: *******,

Хариуцагчийн төлөөлөгч: ******* /цахим/, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК, ******* ХХК-д холбогдуулан Дулаан хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,637,200 төгрөгийг гаргуулах тухай гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дулаан хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,919,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.         ******* ХХК нь дотор засал хийх гэж байна гээд 11 сард халаалт авсан. 2 сар Засгийн газраас аж ахуй нэгжийг хөнгөлж байгаа гээд хөнгөлөгдсөн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газраас хөнгөлөхөө болсон тул халаалтаа үргэлжлүүлнэ гэж хэлэхээр нь тэй гэрээ хийсэн. Тухайн барилга метр кубээрээ 8,900,000 төгрөг гэж гардаг. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 50 хувиар бодож халаана гэж тохиролцсон. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөнгө нэхэмжлээд өгөхгүй болохоор 1 хоног халаалтыг хаасан. Дотор шугам хөлдлөө гэх шалтгаанаар 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл халаасан. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр халаалтыг нь зогсоосон. Гэрээнд зааснаар халаалтын төлбөр 12,000,000 төгрөг нэхэмжилсэн. ******* ХХК анх халаалтын хөлсөнд нүүрс зөөж өгнө гэж хэлсэн. 40,000 төгрөгөөр тохироод 2 удаа нүүрс зөөж өгсөн. 2 сард халаалтын мөнгө гэж 2,000,000 төгрөг өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 01-ны өдөр 1 өдөр халаалтаа хаасан. Энэ өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хаагаагүй. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Л.Бадамцэцэг, ******* бид 3 хамт байж байгаад дулаарсан болохоор халаалтаа хаасан гэж тайлбарлаж байна.

2.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Цэвээндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аж ахуй нэгжийн дулааны төлбөрийг Засгийн газраас хөнгөлөхөө больж *******ийн эхнэр надтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийхээр болж төлбөр 5,000,000 төгрөг болсноос бид тохиролцож 4,500,000 төгрөг болгосон юм. Тэгээд гэрээний хугацаа дуусахад дахин холбогдож доторх засварын ажил дуусгаагүй байна. Дахин 20 хоног сунгах талаар ярьснаар бид зөвшөөрсөн юм. Гэхдээ нэмэлт хоног дуусахаас өмнө гэрээний хугацаа дууссан учир 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2 хоног халаалтыг тасалсан. Нэмж сунгасан халаалтаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон. Тухайн өдөр *******, нар байсан. 12,000,000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч тал манай компаниас авах ёстой гэх нүүрсний тээвэрлэсний хөлс 485,000 төгрөг болон 1,027,200 төгрөг, 1,768,800 төгрөг, кран ашигласны 6 хоногийн хөлс 1,800,000 төгрөг. Мөн халаалтын зардалд төлсөн 2,000,000 төгрөг өгснийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Халаалтын зардалд 12,000,000 төгрөгөөс 7,081,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээ хасаж 4,919,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.     Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний хооронд 2 сарын хугацаагаар ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан уг хугацаанд нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон халаалтын хөлс төлөх талаар гэрээ байгуулаагүй миний бие гарын үсэг зураагүй. *******тэй уулзаж байгаагүй. Дээрх хугацаанд халаалт ирдэг байсан ч маш муу ирдэг ирдэг байсан манай компанийн зүгээс удаа дараа уулзаж эсвэл утсаар үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлсэн боловч ахиц гараагүй 3 дугаар сар 4 дүгээр сард халаалт ирсэн би мэдэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компаниас дараах мөнгийг авах ёстой 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч ******* ******* ХХК Хүрээмарал сумынхаа төвийн халаалтын шугамыг шинэчлэн хийхдээ манай компанийн 5 тонны авто краныг өдрийн 300,000 төгрөгөөр тохирон 6 өдөр ажиллуулсан бөгөөд 6 өдрийн хөлс 1,800,000 төгрөгийг төлөөгүй. Тухайн үед 6 өдөр ажиллахад манай компанийн жолооч ******* ажилласан байдаг. 2020 оны 11 дүгээр сард манай компани өөрийн эзэмшлийн 50 тонны Howo шланзаар 33 тонн нүүрс тээвэрлэж буулгаж өгсөн бөгөөд тухайн үед 1 тонн 45,000 төгрөгөөр тооцон ажлын хөлс 1,485,000 төгрөг авах байснаас миний данс руу 500,000 төгрөг, эхнэр Бадамцэцэгийн данс руу 500,000 төгрөг шилжүүлэн одоо уг мөнгөнөөс 485,000 төгрөг дутуу байгаа. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай компани өөрийн эзэмшлийн РОТОМ авто самосвалаар 17,120 тонн нүүрс буулгасан 1 тонныг 60,000 төгрөгөөр тооцон 1,027,200 төгрөгийн ажлын хөлс болсон бөгөөд уг мөнгийг аваагүй байна. 2022 оны 3 дугаар сарын 20-ны манай компани өөрийн эзэмшлийн Нowo шланзаар 29,480 тонн нүүрс буулгасан 1 тонныг 60,000 төгрөгөөр тооцон 1,768,800 төгрөгийн ажлын хөлс авах байсан боловч одоогоор өгөөгүй нийт 5,081,000 төгрөгийн ажлын хөлсний авлагатай байна. Тус компанид 2,000,000 төгрөг халаалтын төлбөр гэж бэлэн өгсөн байдаг бөгөөд 5,081,000 төгрөгийн ний ажлын хөлс аваагүй тул нийт 7,081,000 төгрөг өгсөн байна. Дээрх ажлыг цаг тухай бүрд нь хийж хугацаанд нь нүүрсийг буулгаж өгдөг байсан. Миний хувьд 1 сарын халаалтын хөлс 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би гэрээ байгуулж халаалтын хөлсийг тохироогүй энэ талаар мэдээгүй, харин нэхэмжлэгч компани бусад байгууллагатай нэг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан байсан гэж маргаж байна.

2.2.     Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд ажиллаж байхад надтай ирж уулзаагүй. Би гэрээний талаар эхнэрээсээ мэдсэн хэдий ч үнийн дүнг мэдээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл халаалтыг өгсөн боловч дунд нь өчнөөн тасалсан гэв.

2.3.     Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 4,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан гэрээг үндэслэж мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэхдээ 2022 оны 3 дугаар сарын 20-ний өдөр хүртэл тооцно 12,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж тодорхойлж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл байна гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл. Шинжээчээр гэрээнд зурагдсан гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас ******* гарын үсэг зураагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир шинжээч томилох хүсэлтээс татгалзсан. Дулаан хангах гэрээнд ******* гарын үсэг зураагүй. Гэрээний үнийн дүнгийн талаар хариуцагч *******эй нэхэмжлэгч ярилцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс улсын бүртгэлийн гэрчилгээгээр гишүүдийн тоо нэг, ******* компанийн захирал ******* гэдэг нь нотлогдож байх тул гэрээ нь *******ийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.   Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* констрашн ХХК-ийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Дулаан хангах гэрээ, ******* ******* констрашн ХХК-ийн Төрийн банкны харилцагчийн дансны хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.   Хариуцагчаас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5.      Шүүхээс гэрч Л.Бадамцэцэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,619,000 төгрөгийг хангаж, үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аж ахуй нэгжийн дулааны төлбөрийг Засгийн газраас хөнгөлөхөө больж *******ийн эхнэр надтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд халаалтын төлбөрийг сарын 4,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн.

2.2. Гэрээний хугацаа дуусахад холбогдож доторх засварын ажил дуусгаагүй байна. Дахин 20 хоног сунгах талаар ярьснаар бид зөвшөөрсөн. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2 хоног халаалтыг тасалсан. Нэмж сунгасан халаалтаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон. Тухайн өдөр *******, нар байсан.

2.3. 12,000,000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч тал манай компаниас авах ёстой гэх нүүрсний тээвэрлэсний хөлс 485,000 төгрөг болон 1,027,200 төгрөг, 1,768,800 төгрөг, кран ашигласны 6 хоногийн хөлс 1,800,000 төгрөг. Мөн халаалтын зардалд төлсөн 2,000,000 төгрөг өгснийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Халаалтын зардалд 12,000,000 төгрөг төлөхөөс 7,081,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр хасаж 4,919,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Би гэрээний талаар эхнэрээсээ мэдсэн хэдий ч үнийн дүнг мэдээгүй байсан.

3.2. Дулаан хангах гэрээнд ******* гарын үсэг зураагүй. ******* компанийн захирал *******ийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн. Иргэний хуулийн 56.1.8-д заасан гэрээ нь ...зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл байна гэх үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК, хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр бичгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-ийн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвд барьж байсан Соёлын төвийн барилгад сарын төлбөр 4,500,000 төгрөгөөр дулаан үйлдвэрлэн нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

  4.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан үйлдвэрлэлээр хангаж, хариуцагч ******* ХХК халаалтын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгчээс нүүрс тээвэрлэсний хөлс 2020 онд 485,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 1,027,200 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 1,768,800 төгрөг, кран ашигласны 6 хоногийн хөлс 1,800,000 төгрөг, нийт 5,081,000 төгрөгийн авлагатай байсан болох зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

5.  Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болон хүчинтэй байдал маргааны зүйл болсон.

6. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, үндэслэлээ компанийг төлөөлөх эрхгүй Л.Бадамцэцэг гэрээг байгуулсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулгаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч гэрээг хүчин бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.1. Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулаанаар хангах гэрээг ******* ХХК-ийг төлөөлж менежер ажилтай Л.Бадамцэцэг гарын үсэг зурж байгуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж хуульчилсан.

6.2. Тухайлбал, ******* ХХК-ийн захирал ******* өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг тус гэрээ хийх үед ******* ******* констракшн ХХК-ийн захирал *******д ...Л.Бадамцэцэг нь өөрийн нөхөр ******* ХХК-ийн захирал *******ийн гарын үсгийн зурж, компанийн тамга дарсан. Менежер Л.Бадамцэцэг гэж бичиж, гарын үсгээ зурсан нөхцөл байдлыг олгосон тул ******* ХХК нь Л.Бадамцэцэгийн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй гэдгийг ашиглаж, компанийн нэрийн өмнөөс хийгдсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дулаанаар хангах гэрээг байгуулагдаагүй буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

6.3. Түүнчлэн, харицагч ******* ХХК-ийн захирал ******* нь ...Би гэрээний талаар эхнэрээсээ мэдсэн хэдий ч үнийн дүнг мэдээгүй байсан. Тус нэхэмжлэгч комнани нь бусад байгууллагатай нэг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

7. Ийнхүү зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь дулаан үйлдвэрлэлээр хангах үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь халаалтын төлбөрийг шаардах эрхтэй.

8. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь гэрээний хугацаанд 2 хоног халаалтыг тасалсан... гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул сарын 4,500,000 төгрөг буюу нэг өдрийн 150,000 төгрөг ба 2 өдрийн халаалтын төлбөр 300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

9. Иймд хариуцагч ******* ХХК-аас дулаанаар хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,619,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 4,619,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,619,000 /дөрвөн сая зургаан зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 88,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* констракшн ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ