Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/639

 

 

 

 

 

 

    2021            07           01                                       2021/ДШМ/639                                                 

 

М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Б-, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Д.Нямбат,

            шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908023800756 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

В овгийн М-ийн Б-, Өвөрхангай аймагт 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 0 дугаар баг, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

 

М.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн авто зогсоол дээр “Цагдаад мэдээлэл өгсөн” гэх шалтгаанаар Ж.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоногийн/ хугацаанд биелүүлэх хугацаа тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 128,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Бтэй үл ялих зүйлээс болж маргалдсан боловч ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах хууль бус үйлдэл гаргаагүй. Шүүхээс гэм буруутайд тооцохдоо хохирогч гэх Ж.Б, гэрч Б.Хатанбаатар, шинжээчийн дүгнэлт, М.Б- миний мэдүүлэгт үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлтэй нийцэхгүй байна. Үүнд:

1. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх “Драгон” төвийн хяналтын камеруудад мөрдөгч нэг ч удаа үзлэг хийгээгүй. Ж.Б болон М.Б- миний бие удаа дараа хяналтын камерийн бичлэгийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг гаргаж байсан.

2. Мөрдөн байцаалтын шатанд Б.Хатанбаатарыг гэрчээр асуусан. Б.Хатанбаатар нь намайг Ж.Бг цохисныг хараагүй ба “Гэмтэл учирсан зүйл харагдаагүй” гэж мэдүүлсэн. Гэрчийн энэхүү мэдүүлэг нь миний гэм бурууг нотлох баримт болж байгаад харамсч байна.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4907 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Бгийн биед тархи доргилт гэмтэл учирсан, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь “Натур” эмнэлгийн КТГ болон тус эмнэлгийн эмчийн дүгнэлт зэрэгт үндэслэсэн бөгөөд тархи доргилт гэмтэл нь баримтуудаас тодорхой харагдана. Гэвч “Натур” эмнэлгийн КТГ болон тус эмнэлгийн эмчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч дээрх баримтыг хохирогч Ж.Бд буцаан өгсөн гэж мэдүүлсэн. Би прокурор болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ж.Бд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дахин шинжээч томилуулах хүсэлтэй байгаа гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Шүүхээс “Гэм буруугийн шүүх хурлаар уг асуудлыг жич шийдвэрлэнэ” гэсэн хариу өгсөн. Тархи доргилт гэмтэл шинээр үүссэн эсэхийг 72 цагийн дотор тогтоох боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

4. Ж.Б нь намайг цохисон гэж худал мэдүүлсэнд гомдолтой байна. Ж.Бгийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй тул мөрдөн байцаалтын шатанд гэрчийн этгээдүүдийг надтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай байсан. Иймд шийтгэх тогтоол нь хуульд заасан нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдлыг болон хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тодруулж чадаагүй тул уг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоолох боломж бүрдэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд өнөөдрийн байдлаар 2 жилийн хугацаа өнгөрч байгаа тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ямар нэг саналгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шинжээч эмч өөрийн биеэр шүүхийн хэлэлцүүлэгт оролцож гаргасан дүгнэлтээ тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Б-ы үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн авто зогсоол дээр “Цагдаад мэдээлэл өгсөн” гэх шалтгаанаар Ж.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Бгийн “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны орой М.Б- “Энэ новшийн хүн шүү, одоо цагдаа дуудна” гэж хэлснээс болж бид маргалдсан. Би ухараад алхах үед М.Б- миний баруун шанаа руу нэг удаа цохьсон. Миний толгой манарч хөл алдаад унах гэж байхад дахин баруун мөр рүү хальт цохьсон...” /хх 33-34/,

            гэрч Б.Х-ын “...М.Б- буцаж ирэхдээ “Ж.Б дургүй хүргээд” гээд надад машины түлхүүрээ өгсөн. Ж.Б ирээд миний гараас машины түлхүүрийг нь булааж аваад “М.Б- намайг зодсон, толгой руу цохьсон” гээд машиныг нь онгойлгож жолоочийн суудал дээр суусан...” /хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ж.Бгийн биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 4907 тоот шинжээчийн дүгнэлт /хх 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хохирогч Ж.Б өөрт учирсан тархи доргилт гэмтлийг шүүгдэгч М.Б- учруулсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байх ба тэдний маргаан дундаас шүүгдэгч М.Б-, хохирогч Ж.Бгийн биед халдсан гэдгийг олж мэдсэн гэрч Б.Хатанбаатарын мэдүүлэг болон тархи доргилт гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд учирсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар батлагдсан болно.

Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг бодит үзлэг болон эмнэлгийн бичиг баримтуудад үндэслэн хийсэн талаар 4907 тоот шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсаны зэрэгцээ уг шинжилгээг хүний их эмч мэргэжилтэй шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн байх тул үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-ы бусдын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Иймд шүүгдэгч М.Б-ы “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрджээ.  

Учир нь, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулсан.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

Иймд шүүгдэгч М.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа хамаарлаар 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч М.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Н.Б-

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН