| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00450/И |
| Дугаар | 152/ШШ2022/00486 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2022/00486
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э овогт Б-ийн Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 27,563,756 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байгаад Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажпаас халах тухай” хууль бус захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаар бүхий магадлал, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дугаар бүхий тогтоолоор намайг ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл, мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д хүргүүлсэн боловч одоо хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Захиргааны шүүхээс 2 сар, 13 хоногийн цалин гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Иймд зохих хууль тогтоолын дагуу хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-с 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Г-ын нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалин, цолны нэмэгдэл нийт 29,720,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбар гаргаж байна Б.Г нь нэхэмжлээд байгаа цалин хөлсөө аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамж гарснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу нийт 21 сараар бодож нэхэмжилсэн байна. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар 17-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай” Ажлаас халах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг үндэслэн Б.Г-д ял оноосон шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс эхлэн ажилласанд тооцох тухай ойлголт байхгүй болох учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж тус тус заасныг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдөж байгаа тул Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 29,720,336 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 337 тоот магадлал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ниы өдрийн 04 тоот гүйцэтгэх хуудас, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 тоот хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Г-ын цалингийн хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 27,563,756 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байгаад Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажпаас халах тухай” хууль бус захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаар бүхий магадлал, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 дугаар бүхий тогтоолоор намайг ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл, мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д хүргүүлсэн боловч одоо хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Миний сарын цалин 1,415,254 төгрөг байсан. Иймд хариуцагч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ээс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлээд байгаа цалин хөлсөө аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамж гарснаас хойш 2022 оны 10 дугаар сарыг дуустал нэхэмжилсэн байна. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар 17-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай” Ажлаас халах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг үндэслэн Б.Г-д ял оноосон шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс эхлэн ажилласанд тооцох тухай ойлголт байхгүй болох учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж тус тус заасныг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдөж байгаа тул Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
3.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 337 тоот магадлал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ниы өдрийн 04 тоот гүйцэтгэх хуудас, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 304 тоот хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Г-ын цалингийн хүснэгт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжаар Увс аймгийн х газрын даргын албан тушаалаас халсаныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Г нь эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн х газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д хүргүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас олгосон атал хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан нь ажил олгогчид үүрэг болгосон, нөгөө талаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэж байх шинжийг агуулсан зохицуулалт болно. Иймд хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар үндэслэлгүй юм.
6. Иймд нэхэмжлэгч Б.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
7. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,563,756 төгрөг төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгох нь зүйтэй байна.
8. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Г-ын ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 295,769 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
10. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоол нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны / 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,563,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 295,769 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР