| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2022/04777/И |
| Дугаар | 182/ШШ2023/00189 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2023/00189
| 2023 01 10 | 182/ШШ2023/00189 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: “Ссм” ХХК
ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,
хариуцагчийн төлөөлөгч Ш.Самал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчиж ажилтны эрх зүйн байдлыг дордуулж байгуулсан Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэж, ямар нэгэн тэтгэмж олгохгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн Б-2/1140 дугаар тушаалаар дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын төлөөлөл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг 2022 оны 08-р сарын 30-ны өдөр хүлээж авснаас хойш хариуцагч байгууллагад удаа дараа албан бичгээр мэдэгдэл хүргүүлж хөдөлмөрийн эрхийн маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэх, хэлэлцээр хийх талаар мэдэгдэл хүргүүлэхэд ямар ч хариу өгөөгүй 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан болно.
Иймд нэхэмжлэгч Б.О нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Тухайн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй учир тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шууд шүүхэд хандах зохицуулалттай байгаа тул шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.
Ингэхдээ нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.2 дахь заалтыг баримтлан ажил олгогч болон “От” ХХК-ийн байгуулсан гэрээний хугацаанд үндэслэн гэрээний эхлэх хугацаа: 2021 оны 04 сарын 01-ний өдөр, гэрээний дуусах хугацаа: 2022 оны 03 сарын 31-ний өдөр гэж заасан. 1999 оны хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болно гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-т “Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө” гэж заасны дагуу хэдийгээр хууль 2022 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн ч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл 1999 оны хөдөлмөрийн хуульд нийцүүлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дагаж мөрдсөн. Ингээд нэхэмжлэгчийн хувьд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулсан билээ. Ингэж шинэчлэн байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний 2.9.1-т Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 50.1.6 дахь заалт, Ажил олгогч болон “От” ХХК-ийн хооронд байгуулсан №СW2118459 тоот гэрээний хугацаанд үндэслэн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцов гээд гэрээний эхлэх огноо: 2022 оны 04 сарын 01-ний өдөр, гэрээний дуусах огноо: №СW2118459 тоот гэрээний хугацаа дуусгавар болох өдөр гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулах явцад гэрээний дээрх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй үзүүлээгүй тул гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж талууд дагаж мөрдсөн. Мөн Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь заалттай бүрэн нийцсэн гэж ажил олгогчийн зүгээс үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалтыг хэрэглэх нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд жил л болж байгаа бөгөөд хууль үйлчилж эхлэх хугацаагаа өөртөө заасан, энэ хугацаанаас тоолж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан шиг 2 жил болоогүй билээ.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг дордуулахгүй байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2021 оны хөдөлмөрийн гэрээ ч тэр 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ ч тэр яг адилхан буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа нь “От” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаагаар тодорхойлогдохоор заасан байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдпыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ажилтан дан ганц хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулснаар хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулсан гэж үзэх боломжгүй. Хэрвээ ингэж үзэж байсан бол тухайн үед хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулаагүй бөгөөд 2022 оны шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний 2.6.1-д нэхэмжлэгчийн цалин хөлсийг өмнөх 2021 оны гэрээний 1.5-д заасан цалин хөлснөөс 14,2%-аар нэмэгдүүлж, ажилтны ээлжийн хуваарийг 28/14 байсныг 14/14 болгон өөрчилж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулан гэрээг шинэчлэн байгуулсан.
Мөн үнэхээр хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байсан бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааныг үүсгэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацааг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 01-нээс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ажилласан байдаг. Нэгэнт нэхэмжлэгч уг гэрээг хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн хөдөлмөрийн маргаан үүсгээгүй байсан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн талаар зохицуулсан бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1-т тэтгэмж олгох үндэслэлүүдийг дурьдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлүүдийн аль нь ч үүсээгүй байсан тул тэтгэмж өгөх үндэслэлгүй гэж үзсэн болно. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгосон, үүнтэй холбоотойгоор ямар нэгэн хариуцлага хүлээх үүрэггүй боловч бидний зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаараа 30 хоногийн өмнө мэдэгдсэн, мөн хэдийгээр өөр ажлын байраар хангах үүргийг хуулийн дагуу хүлээхгүй боловч “От” ХХК-тай хэд хэдэн удаагийн хэлэлцээрийг хийж, тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад ажилчдаа шилжүүлэн ажиллуулах тохиролцоог хийж нэхэмжлэгчийг “Уудам говийн гэрэл” ХХК-д ажлын байраар хангаж нэхэмжлэгч одоо тус байгууллагад ажиллаж байгаа. Дээрх үндэслэлээр хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ссм” ХХК-д холбогдуулж ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т энэ хуулийн 50.8.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч энэ шаардлагыг хангасан тул хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байх ёстой, талууд 2022 оны 04-р сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаатай байгуулсан нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт болсон гэж үндэслэж байна.
2.Хариуцагч “Ссм” ХХК нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлзэж байна.
3.“Ссм” ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-2/1140 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.3-ыг үндэслэн Үйлчилгээний ажилтан албан тушаалтай Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа тус компанийн От компанитай байгуулсан CW2118459 тоот Үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор мөн өдрөөр дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна... 50.1.6.санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж, 78 дугаар зүйлийн 78.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл ...78.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус заажээ.
4.Ажил олгогч “Ссм” ХХК нь От компанид нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлэх тендерт шалгарч, түүнтэй “Кемп болон байгууламжийн менежментийн СW2118459 тоот гэрээ”-г 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулж ажилласан ба уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар тохиролцсон байна.
5.“Ссм” ХХК нь нэхэмжлэгч Б.Отай 2021 оны 04 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, компанийн Үйлчилгээний хэлтэс-ийн Үйлчилгээний ажилтан албан тушаалд, 1,056,300 төгрөгийн цалинтайгаар ажиллуулсан байна.
6.Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байсан, мөн түүнчлэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шинэчилж байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна... 50.1.6.санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэсэн заалтыг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээний дуусгавар болох хугацааг, ажил олгогчийн От компанитай байгуулсан “Кемп болон байгууламжийн менежментийн СW2118459 тоот гэрээ”-ний хугацаанд (адил) байхаар тохиролцжээ. Ажилтан компанид мөрдөгдөж буй холбогдох журмуудтай танилцаж гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байна. Энэ гэрээгээр ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулсан байдал харагдахгүй байна.
7.Нэхэмжлэгч нь компанид хугацаатай гэрээгээр тодорхой хугацаанд ажилласан ба Хөдөлмөрийн /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэснийг ажил олгогч хэрэглэсэнгүй гэж тайлбарлах боловч энэ тохиолдолд хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалт хэрэглэгдэхгүй юм. Энэ хоёр жилийн хугацаа нь Хөдөлмөрийн /шинэчилсэн найруулга/ тухай хууль үйлчилж эхэлснээс хойш яригдахаас гадна хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон нөхцөл нь гэрээ байгуулагч талуудаас хамаарахгүй, гуравдагч этгээд болон гадна хүчин зүйлээс шалтгаалсан нөхцөлд, тухайлбал, тендерт ялж ажил үүрэг гүйцэтгэх болсон нөхцөл гэх мэт тохиолдолд дээрх зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй юм. Ажилтны гүйцэтгэж буй ажил үүрэг ажил олгогчийн бусадтай байгуулсан гэрээтэй холбоотой гэдгийг ажилтан мэддэг, хэдийд хугацаа дуусах бол гэдэгт санаа зовж явдаг тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдүүлж байна.
8.Нэхэмжлэгч одоо От компанид нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлэх тендерт шалгарсан “Уудам говийн гэрэл” ХХК-д үйлчилгээний ажилтны ажилдаа ажиллаж, цалин хөлс авч буй нь талуудын тайлбар, “Уудам говийн гэрэл” компанийн захирлын тушаал, цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. “Ссм” ХХК-ийн “Кемп болон байгууламжийн менежментийн СW2118459 тоот гэрээ”-ний дагуу От компанид үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэж байсан ажил үүрэг нь зогссон болох нь түүний гүйцэтгэж байсан ажил үүргийг өөр бусад компани гүйцэтгэж, түүнд нэхэмжлэгч ажиллаж буй байдлаар тогтоогдож байна.
9.Хариуцагч нэхэмжлэгч нар талуудад тодорхой, ойлгомжтой нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, ажил олгогч гэрээний хугацаа дуусаж, цааш сунгагдахгүй болсон үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Оийн “Ссм” ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД