Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00426

 

 

 

 

 

 

 

                               2023        01          16

                   101/ШШ2023/00426

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “П ББСБ” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Б” ХХК /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 148,547,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч У.П, өмгөөлөгч М.Ж нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Б” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 /тавин сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож талууд зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 451.1 болон 451.2-т заасны дагуу хэлбэрийн шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Улмаар хариуцагч “Б” ХХК, гүйцэтгэх захирал Ц.Ү нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18/47 болон 18/48 дугаартай албан бичгүүдээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор эргэлтийн хөрөнгөд 50,000,000 /тавин сая/ төгрөг шаардлагатай байгаа тул зээл олгож өгөхийг хүссэн хүсэлтүүдийг гаргаж өгсөн. Талууд эргэн төлөх хуваарийг гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр харилцан тохирч 50,000,000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 08 сарын 08-ний өдөр дансаар шилжүүлсэн. Мөн зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн,  хороо, Нийслэл хүрээ Өргөн Чөлөө гудамж  байр,  тоотод байрлах 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2018 оны 08 сарын 07-ний өдөр байгуулагдсан БГ18/08/75 зээлийн барьцааны гэрээний 6.1-т заасны дагуу талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хууль зүйн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл зээлдэгч тал зээлийн гэрээний төлөлтийг огт хийгээгүй бөгөөд гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс хариуцагч “Б” ХХК, гүйцэтгэх захирал Ц.Үаас амаар хэд хэдэн удаа шаардаж бичгээр үүргээ биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлж удаа дараа үүргээ биелүүлэхийг хариуцагч “Б” ХХК, Ц.Ү нараас шаардсан ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой боллоо. Учир нь хариуцагч “Б” ХХК, төлөөлөгч гүйцэтгэх захиралтай холбоо барьж чадахгүй, бидний утсыг авахаа больсон. 2018 оны 08 сарын 07-ний өдөр байгуулагдсан ЗГ18/08/75 дугаартай зээлийн гэрээний 3.1.3-т “Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусмагц зээл, түүний хүүг бэлэн мөнгөөр зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дараах зээлийн үндсэн төлбөр,үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна. Үүнд:

•           Үндсэн зээлийн төлбөрт 50,000,000 /тавин сая/ төгрөг

•           зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 82,893,667 /наян хоёр сая найман зуун ерэн гурван мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг

•           нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,653,333 /арван таван сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг

•           нийт 148,547,000 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөчин долоо мянгаI төгрөг байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 148,547,000 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөчин долоо мянга/ төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн,  хороо, ,,, байр,  тоотод байрлах 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийг тодруулсан байгаа юм. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 148 547 000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 50 саяыг, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээ хэрэгт байгаа бөгөөд хүчин төгөлдөр гэрээ юм. Хариуцагчийн төлөөлөгч нь эргэлтийн хөрөнгөөр зээл олгох хүсэлт гаргаж байсан. Улмаар зээлийг дансаар шилжүүлсэн. Зээлийн барьцаанд 2 өрөө орон сууцыг барьцаалж бүртгүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлөлт огт хийгээгүй. Бид амаар болон бичгээр мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Утсаа авдаггүй тул шүүхэд хандсан. Иргэний хуулийн 453.1-д зааснаар хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулж байгаа үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83.8 юм. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг лавлагаа нь хэрэгт авагдсан байдаг. Гүйцэтгэх удирдлагыг хэрхэн солих талаар журам байдаг. Хэрэгт ажлаас халсан тушаал байгаа гэх боловч Компанийн тухай хуульд ерөнхий захирал гэж ойлголт байхгүй. Иймд энэ тушаал нь хуулийн шаардлага хангахгүй. Хэрэв ажлаас чөлөөлж байгаа бол хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр байх ёстой. Зээл авах үед гарын үсэг зурсан бөгөөд одоо ч захирлаар бүртгэлтэй байх тул хариуцахгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар хуулийн этгээдийг татсан. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар би хохироод байна гэх тайлбар нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийг төлөөлж оролцож байгаа бөгөөд хувь хүний хувьд оролцоогүй. Шийдвэр гүйцэтгэл явагдвал хувь хүнд хамаагүй хуулийн этгээдэд холбогдон явна. Гүйцэтгэх удирдлага солигдвол 1 сарын дотор бүртгүүлэх ёстой байдаг. Ц.Б хувьцаа эзэмшигч юм бол яагаад бүртгэл өөрчлүүлээгүй вэ гэсэн асуудал яригдана. Зээл авсан тул буцаан төлөх үүрэгтэй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017-2019 оны хооронд “Б” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 8-р сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгээгүй болно. Тухайн үед тус зээлийн гэрээ нь “Б” ХХК дээр гарч байсан. Тэр үед ерөнхий захирал Ц.Б нь чи гүйцэтгэх захирал учир зээлийн гэрээнд заавал оролцох хэрэгтэй байна гэж хэлж надаар гарын үсэг зуруулсан. Компанийн санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг ерөнхий захирал Ц.Б өөрөө захиран зарцуулдаг байсан. Миний бие зөвхөн ачаа тээврийг зохион байгуулах ажлыг хийдэг байсан. Улмаар 2019 оноос хойших саруудад цалингүй ажиллуулсан учир ажлаасаа гарах шалтгаан болсон. Ажлаасаа гараад 2019 оны 8-р сард “Таван толгой төмөр зам” ХХК-д инженерээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр одоог хүртэл миний нэр байдаг ба улсын бүртгэлийн газар очиж өөрийн нэрийг хасуулах гэсэн боловч компанийн хувьцааг 100% эзэмшигч ерөнхий захирал Ц.Бын хүсэлтээр таныг хасалт хийнэ гэсэн шалтгаанаар одоог хүртэл нэрээ хасалт хийлгэж чадахгүй хохирогч болоод явж байна. Ц.Б нь 2019 оны 10-р сарын орчимд гадаад уруу гарсан мэдээлэлтэй байдаг. Миний бие тус зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй учир тус зээлийг надаас нэхэмжлэх нь буруу гэж бодож байна. Мөн компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах хууль эрх зүйн үндэслэл надад байхгүй. Ц.Бын хариуцлагагүй үйлдлээс болж хохирогч болоод явж байгаа нь миний болоод манай гэр бүлийн сэтгэл санаанд хүндээр тусаж байгаа учир тус асуудлыг үнэн зөвөөр нь шүүж өгнө үү.

“Б” ХХК-н захирлаар бүртгэлтэй байгаа боловч өөрийн хүсэлтээр хувьцаа 100 хувь эзэмшигчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаал хэрэгт байгаа юм. 2019 оноос би Таван толгой компанид ажиллаж байгаа юм. Би Б-д хувьцаа эзэмшдэггүй. Хувьцаа эзэмшигчтэй тохиролцоод ажиллаж байсан. Ц.Бын урд С.С гээд ээж нь захирал байсан юм. Ц.Б нь гадагшаа гараад явсан гэсэн. Би ээжээс нь сураглаад Малайзад байгаа гэдгийг мэдсэн. Миний нэрийг хасуулахыг хэлсэн. Би хөдөө ажилладаг тул байнга ирэх боломжгүй байсан. Улсын бүртгэлд очиж уулзсан боловч Ц.Б хасалт хийх ёстой гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл нэрээ хасуулж чадахгүй байгаа юм. Ц.Бтой холбогдоход ээждээ итгэмжлэл явуулъя гэж байсан. Улмаар хэрэг танилцаад өмгөөлөгч авна гэж байсан. Би халагдчихсан болохоор энэ хэргийг хариуцах боломжгүй. Миний нэр байгаад байдаг хасалт хийх хүн нь гадагшаа гарчихсан. Компанийн дүрэм гэж байдаг. Нэхэмжлэгч нь 3 жилийн хугацаанд мөнгө хүүлэх сонирхолтой байна. Яагаад тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Ц.Б нь гадаадад байгаа юм. Мэдэгдсэн гэх боловч би мэдээгүй. Би ажлаасаа халагдсан тул хүний хөрөнгийг энд ярих боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ18/08/75 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх8/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх9-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх11/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх13/, зээлийн тооцоолол /хх14/, 19-08-23, 19-10-22, 19-11-30, 2020/05/024, 2020/03/003, 2022/301 дугаар мэдэгдлүүд /хх15-20/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх25/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19947 дугаар захирамжийн хуулбар /хх26/-г нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч нь шүүхэд: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/120 дугаар тушаалын хуулбар /хх37/-г нотлох баримтаар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх56-57/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,547,000 төгрөгт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүд 82,893,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,653,333 төгрөг, нийт 148,547,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ү нь ажлаас халагдсан тул уг асуудалд хамааралгүй, уг зээлийг хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд хариуцагч “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Ү байх тул хариуцагчийн төлөөлөгчийн төлөөлөх эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх56-57/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 50,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан. /хх8/

Зээлийн гэрээний удиртгал хэсэгт дурдсанаар зээлдэгчийг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ү болон Ц.Б гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг Ц.Ү, Ц.Б нар байгуулжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана.

Үүнээс үзэхэд хариуцагч “Б” ХХК нь зээлийн гэрээний оролцогч биш байна.

Улмаар дээрх зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь мөнгө хүлээн авсан эсэх талаар маргаагүй. /хх13/

 

Дээрх үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө олгогдсон тул буцаан төлөх үүрэгтэй.

Харин зээлийн гэрээг хариуцагч “Б” ХХК-тай байгуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Цаашлаад нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдөр Ц.Ү, Ц.Б нартай барьцааны гэрээ байгуулсан байна.

Барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, дугаар байр,  тоот хаягт байрлах  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,, дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц нь хариуцагч “Б” ХХК-ийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх25/

Үүнээс үзэхэд барьцааны гэрээг хариуцагчтай байгуулаагүй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зааж, эд хөрөнгийн өмчлөгчтэй байгуулаагүй байна. Иймд уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Эдгээр үндэслэлээр барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч “Б” ХХК-с 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,547,000 төгрөгт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 970,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД