Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

                                        

 

                                        

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Х.Ундрах-Оргил,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Гүнчинсүрэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б,

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Т холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********** төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Г.Т, регистрийн дугаар *******.

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь 2025 оны 06 дугаар сарын 0З-ны өдөр ******** байранд насанд хүрээгүй хохирогч Б.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Д: “...Би 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 08 цагаас ********* хичээлдээ ирсэн. Тэгээд ангидаа 09 цагийн үед хичээл ороогүй болохоор Т, Т нартай маргааш болох морины уралдаанд явах талаар ярьж байгаад “маргааш морио унаж явж чадахааргүй боллоо, ачаад явна” гэж ярьсан чинь Т уурлаад суудал руугаа яваад өгсөн. Тэгэхээр би араас нь “чи уурлаад байгаа юм уу” гэж хэлсэн чинь босож ирээд барьж аваад толгойгоороо миний амны хэсэгт мөргөөд, мөн нэг удаа гараараа миний зүүн нүдний хэсэгт цохисон. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд амнаас цус гараад нэг шүд хугараад, нэг шүд үзүүр нь сэтэрсэн, нэг шүд угаараа хөдөлсөн байхаар нь би гэртээ ирээд өвөөгөө дагуулаад сумын төвийн эмнэлэгт очсон. Тэгээд мөн ээж рүүгээ утсааp хэлээд ээжтэй хамт цагдаа дээр ирсэн. ...Тэр үед манай ангийн багш Н болон манай ангийн бүх хүүхдүүд ангид хамт сууж байсан. ...Намайг Т нэг удаа толгойгоороо мөргөөд, гараараа нэг удаа цохисон. Өөр бол ямар нэг хүн намайг зодож цохисон зүйл байхгүй. ...Миний үүдэн зүүн дээд талын нэг шүд голоороо хугараад, дээд соёо үзүүр нь сэтэрсэн. Мөн үүдэн дээд том шүд угаараа хөдөлж дээд уруул дотор талдаа язарсан байгаа. Одоо миний зүүн чих угаараа өвдөж байна. Миний бие эрүүл мэндээрээ хохирол учирсан тул гомдолтой байна. Мөн шүдээ эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлыг гэмтэл учруулсан хүнээс гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

- Гэрч Н.Н “...Тэр өдөр би ажил дээрээ ирээд ангийнхаа хүүхдүүдээс сургуулийн номыг хурааж авч өгчхөөд ангидаа орж ирэхэд манай ангийн хүүхдүүд ангийн хойд хэсэгт бөөгнөрсөн байсан. Тэгээд хүүхдүүдээ суудалдаа суугаарай гэхэд хойно бөөгнөрсөн хүүхдүүд тараад суудал руугаа явж байх үед манай ангийн Б.Т Н.Т хамт араас нь явуулсан. Би тэр үед Б.Д Г.Т нар тухайн үед ямар асуудлаас болж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. ...Тэр үед Т толгойгоороо мөргөсөн, мөн нэг удаа гараараа цохиж харагдсан өөр бол цохиж зодсон зүйл харагдаагүй. ...Энэ хоёр хүүхэд хоорондоо зодолдож байсан зүйл бол би мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч О.Х “...Би тэр өглөө сургуульдаа ирээд шалгалтдаа бэлдээд ангидаа сууж байтал Д, Т нар гэнэт босож ирээд Т Д мөргөөд гараараа цохиод авсан. Тэгээд ангийн багш очоод тэд нарыг салгасан. Тэгээд Д ангиас гараад явсан. Тэгээд манай ангийнхан хэсэг байж байгаад шалгалтдаа орсон. ...Тэр үед Д нүүр нь улайгаад шүд нь унасан байсан. Д зодолдоод удалгүй ангиас гараад явсан болохоор өөр гэмтэл байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.П “...Тэр өдөр өглөө хичээлдээ ирээд ангидаа Т, Н бид гурав сууж байтал Т нь Уран мандалын овооны баярт очиж хос морьтон тэмцээнд оролцох гэтэл нэг эмээл дутаад байна гээд ярьж байсан чинь Д гаднаас орж ирээд бид нарын хажууд ирэхэд Т маргааш өглөө эрт явна биз дээ гэхэд Д Тод би морио ачиж явахаар болсон гэж хэлсэн. Тэгсэн Т энэ талаараа эртхэн хэлэхгүй яасан юм бүх юм бэлдүүлчхээд байхад хүний ажлаар тоглолоо би тэр Уран мандал овооны баяр болох газрыг мэдэхгүй гэж хэлээд суудаг суудал руугаа явахад Д энэ пизда уурлаад байгаа юм уу гэж хэлээд Т араас очоод уурлаад байгаа юм уу пизда минь муу лалар чинь гээд заамдаад түлхсэн. Тэгсэн Т босож ирээд Дийг нүүр рүү мөргөөд, гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд ангийн багш ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд Д ангиас гарахдаа цагдаа дээр ирж уулзаарай лалар минь гээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн шүдний эмчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “...Нүүрний тэгш хэм хэвийн, дээд уруул хавдсан хэгзлэгдсэн шархтай, цус шүүрсэн. 1-р шүд хөдөлсөн 2-р зэргийн Д, 2-р шүд буюу хажуугийн үүдэн шүд цөгцөн хэсгээрээ хугархай, тогшилтонд өвдөлттэй” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зав0725/206 дугаартай “...1. Б.Д эрүүл мэндэд хохирол учирсан байна.

2. Б.Д эрүүл мэндэд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт хохирлууд тогтоогдлоо.

3. Учирсан хохирол нь хэрэг гарсан гэх 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна.

4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% нөлөөлнө.

5. Б.Д эрүүл мэндэд учирсан зүүн дээд 2-р шүдний хугарал хохирол нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% нөлөөлөх учир Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний сулрал хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт бусад хохирлууд нь дан дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдохгүй. Тухайн учирсан хохирлууд нь бүгд нийлээд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.

6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Т үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад өсвөр насны яллагдагч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж Г.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Д эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт  нийт 7,377,000 /долоон сая гурван зуун далан долоон мянга/ төгрөгийг төлсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд болон өсвөр насны шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М тайлбар зэргээр тогтоогдож байна. Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдэгдсэн байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д эрүүл мэндэд учирсан тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 78,390 төгрөгийн зардал гарсан байна. Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд дээрх 78,390 төгрөгийн төлбөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 62-р хуудас/ Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Т энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Т шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт тусгайлан журамлаж өгсөн бөгөөд тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байна.

Г.Т нь 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 нас, 13 хоногтой байсан болох нь түүний төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаагаар  тогтоогдож байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Т гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж гэмшиж байгаа байдал, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид элсэн суралцаж байгаа зэргийг харгалзан цаашид өөрийгөө хөгжүүлэн мэргэжил эзэмшиж нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахын тулд түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

            Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд өсвөр насны шүүгдэгчийн өөрийн үйлдлийн гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дугаар зүйл, 192 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

            Түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Ц овогт Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Завхан аймгийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дугаар зүйл, 192 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

          7. Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Өсвөр насны шүүгдэгч Г.Т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ