| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2022/00614/И |
| Дугаар | 136/ШШ2023/00049 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 136/ШШ2023/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн ГБХЗХГ-т холбогдох
**** сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ******** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Түвшинжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.А нь ДГА-ийн ГБХЗХГ-т холбогдуулан 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 9,604,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна.
Би Д аймгийн ХГБХХ-ийн даргын 20** оны 0* дугаар сарын 04-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар тус байгууллагад "цахилгаанчин жижүүр-ийн ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 20** оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлын ээлжтэй өдөр байсан бөгөөд 26-нд болох боксын тэмцээний бэлтгэл ажил хийж гэрлийн монтаж янзалж байх үедээ шатнаас унаж, бэртэн тохойн ясны хөдөлгөөн хомсдол, залаа ясны хугарал оношийн улмаас 2020 оны 05 дугаар сард Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, одоог хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группт байгаа болно. Тухайн үед 20**.10.29-ний өдөр үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэж, үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоосон бөгөөд миний бие өчнөөн олон сар, жилээр эмчилгээ хийлгэж, эрүүл мэндээрээ хохирч явахад ажил олгогчийн зүгээс хуульд зааснаар надад олгох ёстой тэтгэмжийн талаар хэлээгүй, би өөрөө хуулийн мэдлэг дутмаг учраас тэтгэмж авах тухайгаа ч мэдэлгүй явсаар өдий хүрсэн байсан. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч 20**.11.01-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бичгээр өргөдөл гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх заалтыг үндэслэн тухайн үед ажиллаж байсан сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг байгууллагаас олгох боломжтой, ингэхдээ уг төлбөрийг 20** оны байгууллагын төсөвт нэмэлт тодотгол оруулах замаар шийдвэрлүүлнэ гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т "Үйлдвэрлэлийн осол, өвчнөөр өвчилсөн....ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, түүний гэр бүлд нэг удаа олгоно", 125.1.1-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол 5 дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол 7 дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол 9 дахин, 70 ба, түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин гэж маш тодорхой заасан байхад миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-70 гэдэгт автоматаар хамруулан ойлгож. 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох боломжтой гэж хуулийг илтэд гуйвуулж, яаж ч сайн эмчлээд хэзээ ч урьдын байдалдаа орохгүйгээр эрүүл мэндээрээ хохирсон иргэн намайг, дахин эдийн засгийн байдлаар маань хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ тодорхойлохдоо Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын 20** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тухайн үед ажиллаж байсан хугацааны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр дараахь байдлаар тооцож нэхэмжилж байна. Дээрх аргачлалаар бодоход миний нэг сарын дундаж цалин 533,568 төгрөг болж байх тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх цалинг 18 сараар тооцож, ****** төгрөгийг Дорноговь аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж өгнө үү.
Би 20** онд ажлаа хийж байгаад унаж бэртсэн. Энэ хугацаад их зүйлийг судалсан. Хариуцагч тал хууль шинэчлэгдсэний дараа энэ асуудлыг гаргаж ирлээ гэж байна. Би тухайн үедээ энэ асуудлын талаар хэлсэн. Энэ байгууллага надад анх маш буруу ойлголт өгсөн. Би 20** он гартал нэхэмжлэгч талын өгсөн ойлголтоор явсан. Надад хэлэхдээ сар бүр тэтгэмж олгосон гэж хэлсэн. Тэгээд намайг юу яриад байгаа юм бараг насаараа залбирч яв гэх зүйл хэлсэн. Тухайн үед надад сар бүр мөнгө ирж байхаар нь энэ байх гэж ойлгосон. Гэтэл 2022 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас шалгалт ирээд намайг тэр үед дуудаад танд нөхөн олговор олгосон зүйл байна уу гэж бүх бичиг баримтыг шалгасан. Тухайн үед маш олон хүмүүс группээс хасагдсан байсан. Тэгэхээр нь би нөхөн олговор авсан уу гэхээр нь авсан гэж хэлсэн. Надаас ямар хэлбэрээр яаж авсан бэ гэхээр нь сар бүр мөнгө авсан гэхэд та энэ насны хүн байж ийм зүйл ойлгохгүй. Танд сар бүр орсон мөнгө бол харьяалалтай газраар дамжуулаад Нийгмийн даатгалаас олгосон мөнгө юм. Энэ мөнгө бол нөхөн олговорт ямар ч хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед би хариуцагч талыг өөрөөр бодсон байсан учраас маш их гомдсон. Тэгээд намайг үүнийг нэхэмжлэх 100 хувь боломж байгаа гэж хэлсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 онд хөдөлмөрийн чадвараа алдаад 20** оны 11 дүгээр сард хандсан байгаа. Түүнээс өмнө нь энэ хүнд хандах боломж байсан боловч хандаагүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт 50-70 хувь хүртэл хөдөлмөрийн чадвараа алдах, 71 хувиас дээш гэж байгаа. Гэтэл одоо хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөгдсөн байгаа. Тиймээс энэ хүн хуулийг судалсан учраас 3 жилийн дараа хандсан гэж үзэж байна.Манай зүгээс тухайн үед ажиллаж байсан сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг байгууллагаас олгох боломжтой гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-5-7/, ДГА-ийн ХГБЗХГ-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 401 дугаартай албан бичиг /хх-8/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-9-10/ зэрэг баримтууд
Хариуцагчаас: Тайлбар /хх-8,20-21/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч: О.А, ДГА-ийн ГБХЗХГ-т холбогдуулан цалин 9,604,224 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч О.А нь 20** оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн ГБХЗХГ-т ээлжийн ажилтнаар ажиллаж байхдаа гэрлийн монтаж янзалж үедээ шатнаас унаж бэртэн тохойн ясны хөдөлгөөний хомсдол,залаа ясны хугарал оноштой, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэж, үйлдвэрлэлийн осол гэж тогтоожээ.
Энэ хугацаанд цалингийн зөрүү олгогдож байсныг нэхэмжлэгч нөхөн төлбөр олгож байна гэж ойлгосон мөн Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас хөл хорионд орсон цаг үе байсан, нийгмийн даатгалаас та нөхөн төлбөр авах ёстой гэж зөвөлсөн цаг хугацаанд нэхэмжлэгч тухайн байгууллагаас нөхөн төлбөр авах ёстой байсан гэж мэдсэн зэрэг шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн түүний гомдол гаргах хугацааг тооцсон болно.
20** оны буюу шинэ Хөдөлмөрийн тухай хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэлээ.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон ...учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурьдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно,
Мөн хуулийн 97.1.1 дэх хэсэгт ...үйлдвэрлэлийн осол...өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэжээ.
Нэхэмжлэгч О.А нь 20** оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн ГБХЗХГ-т ээлжийн ажилтнаар ажиллаж байхдаа гэрлийн монтаж янзлах үедээ шатнаас унаж бэртэн тохойн ясны хөдөлгөөний хомсдол, залаа ясны хугарал оноштой, 20** оны 10 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэж, үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1 дэх хэсэгт ...үйлдвэрлэлийн осол...өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зааснаар Дорноговь аймгийн ГБХЗХГ-аас ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 4,802,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч О.А нь тухайн үед 533,568 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан байна.
Тооцооллыг: Хавтас хэргийн 2-р тал, 9-10 дугаар талд авагдсан нотлох баримтыг үнэлэн тогтоож тооцлоо.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Агийн гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДГА-ийн ГБХЗХГ-аас 4,802,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О А -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,802,112 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ