| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
2025 04 07 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч У.Гантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн
Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц.А-д холбогдох 2526000000035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ** сумын 1 дүгээр баг ** 304 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ц-А РД:** /
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ** зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-г зодож биед нь тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Бэр эгчийг бааранд манай найзууд байгаа, очъё гээд хамт очсон. Манай бэр эгчтэй 8 хүн байсан. Тэнд танихгүй 3 залуу байсан. Орсон чинь манай бэр эгчийг юун хүн дагуулчихсан явж байгаа юм, наад хүнээрээ пиво авхуулаадах гэхээр нь 2 том пиво авч ирж өгсөн. Тэрийгээ ууж дуусчхаад дахиад аваад ир гэхээр нь очоод авах гэсэн чинь интернэт банкныхаа кодыг блоклоод хаячихсан. Тэгээд намайг гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Тэгээд гараад ирэхэд араас П дагаад гараад ирсэн. Тэгээд би П-той маргалдаж тийм зүйл болсон. Миний буруу, намайг уучлаарай гэв.
Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 12-ны 12 цагийн үед манай найз Хбид хоёр уулзаад ** буудлын 1 давхарт байрлах караоке орж 3 ширхэг 2.5 литрийн савтай пиво хувааж уугаад сууж байсан юм. Би согтоод тасарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг, цагдаа болчихсон байсан. Юу ч санахгүй байна. Би найзтайгаа хоёулаа уусан. А намайг тасарсны дараа орж ирээд хамт суусан гэсэн. Юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. Х байсан. Сүүлд А орж ирсэн гэсэн. Нүд хөхөрсөн толгой халцарсан гэмтэл байна. Гэхдээ надад гомдол санал байхгүй. Би А-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 4-5 хуудас/,
Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:.. 2024 оны 12 дугаар сарын 12 цагийн үед манай найз Х бид хоёр уулзаад ** буудлын 1 давхарт байрлах караоке орж 3 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво хувааж сууж байсан юм. Би согтоод тасарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л эмнэлэг, цагдаа болчихсон байсан. Юу ч санахгүй байна. Би найз Х-тай хамт уусан юм. Намайг тасарсны дараа А манай ширээнд ирж суугаад ууцгаасан юм шиг байна лээ. Юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. Бүгдээрээ л согтуу байсан. Одоо миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл ч байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчилгээ хийлгээгүй, эмнэлгийн тусламж аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/ ,
Гэрч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Тухайн өдөр 16 цагийн үед манай нөхөр Х намайг “** ” бааранд хүрээд ир гэж дуудсан. Очиход П, Х, П-йиг зодсон залуу, бас танихгүй ганц нэг хүн байсан. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би нөхрөөсөө банкны картыг нь аваад зах руу орчхоод ирсэн чинь “** ” баарны бармен эгч “хүүе гадаа та нарын нэг чинь уначхаж” гэж хэлсэн. Би гараад харсан чинь П газар байсан. Бармен эгчээс хэн зодчихов оо? гэж асуусан чинь та нарын хамт байгаа залуу чинь цохиод унагачихсан шүү гэж хэлсэн. Манай нөхөр Х анхны тусламж үзүүлээд цагдаа дуудсан. А-г танихгүй. Пүрэвдоржийг зодсоныхоо дараа тэнд байсан. Цагдаа ирээд аваад явсан. Манай нөхөр Ходоо Ө аймгийн Г суманд ажил дээрээ байгаа 2 сар дөхүүлээд ирэх байх. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Би зах руу орчхоод ирэхэд л тийм асуудал гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Тухайн өдөр тэдгээр хүмүүс манайд орж ирэхдээ согтуу орж ирсэн. Дөрөв тавуулаа явсан юм. Караокед дуулна гээд цаг хийлгэсэн юм. Орж ирээд нэлээн хэдэн цаг болсны дараа хоёр залуу нь гадагшаа гарсан юм. Гэтэл гадаа гарсан хойноо хоорондоо муудалцаад махлаг залуу нь туранхай залуугаа зодчихсон байсан. Намайг дотор үйлчилж байхад гаднаас махлаг залуу нь орж ирээд П-г гадаа зодчихлоо гэхээр нь гарсан юм. Гараад очиход П газар хэвтэж байсан. Хамт явсан хүмүүс нь араас гарч ирж хараад дуудсан. А-г танихгүй. П зодсоныхоо дараа тэнд байсан. П-г зодсоныхоо дараа орж ирчхээд “Би П-г зодчихлоо” гээд хувцсаа тайлж шидээд агсраад байсан. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. Би ойртож хараагүй, сайн мэдэхгүй байна. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Би дотор өөр хүмүүст үйлчилгээ үзүүлээд явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ:... Г.П-ийн биед тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдсон /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.А-ын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 34 хуудас/, Өвөрхангай аймгийн ** сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаартай тодорхойлолт /хх-ийн 30 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 31 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/,
Хохирогч Г.П нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн шүүхэд хүсэлт ирүүлсэн.
2025 оны 01 дугаар сарын 21-ны өдрийн 2526000000035 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 22 хуудас/ зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:... Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “** ” зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-ийн биед халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн гэсэн зүйл тогтоогдоогүй. Шүүгдэгч Ц.А-ын хохирогч Г.П-ийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас хүч үүсгэсэн хэсэгт шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Ц.А нь:... Дүгнэлт гаргахгүй гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.А холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ** зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-г зодож биед нь тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ** зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-г зодож биед нь тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.П-ийн 2024 оны 12 дугаар сарын 12 цагийн үед манай найз Х бид хоёр уулзаад ** буудлын 1 давхарт байрлах караоке орж 3 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво хувааж сууж байсан юм. Би согтоод тасарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л эмнэлэг, цагдаа болчихсон байсан. Юу ч санахгүй байна. Би найз Х-тай хамт уусан юм. Намайг тасарсны дараа А манай ширээнд ирж суугаад ууцгаасан юм шиг байна лээ. Юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. Бүгдээрээ л согтуу байсан. Одоо миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл ч байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчилгээ хийлгээгүй, эмнэлгийн тусламж аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, гэрч Ш.Ч-ийн тухайн өдөр 16 цагийн үед манай нөхөр Х намайг ** бааранд хүрээд ир гэж дуудсан. Очиход П, Х, П-йиг зодсон залуу, бас танихгүй ганц нэг хүн байсан. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ** баарны бармен эгч хүүе гадаа та нарын нэг чинь уначхаж гэж хэлсэн. Би гараад харсан чинь П газар байсан. Бармен эгчээс хэн зодчихов оо? гэж асуусан чинь та нарын хамт байгаа залуу чинь цохиод унагачихсан шүү гэж хэлсэн. Манай нөхөр Х анхны тусламж үзүүлээд цагдаа дуудсан /хх-ийн 6 хуудас/, гэрч Б.Б-ын тухайн өдөр тэдгээр хүмүүс манайд орж ирэхдээ согтуу орж ирсэн. Дөрөв тавуулаа явсан юм. Караокед дуулна гээд цаг хийлгэсэн юм. Орж ирээд нэлээн хэдэн цаг болсны дараа хоёр залуу нь гадагшаа гарсан. Гэтэл гадаа гарсан хойноо хоорондоо муудалцаад махлаг залуу нь туранхай залуугаа зодчихсон байсан. Намайг дотор үйлчилж байхад гаднаас махлаг залуу нь орж ирээд П-г гадаа зодчихлоо гэхээр нь гарсан юм. Гараад очиход П газар хэвтэж байсан /хх-ийн 7 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, Хохирогч Г.П нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, 2025 оны 01 дугаар сарын 21-ны өдрийн 2526000000035 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 22 хуудас/, шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.А нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.А нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ** зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-г зодож биед нь тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овгийн Ц-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.А-ын дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Г.П-ийн биед тархи доргилт, зүүн бугуйнд шарх, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн зулгаралт бүхий гэмтлүүд учирсан.
Хохирогч Г.П нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
3. Бусад:
Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар:... 280 цагийг торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:...Байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч Ц.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Б овгийн Ц-ын А-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.А-ын өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.А-д мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.П нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц-ын А-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.А-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.П гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ