Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

   2025         09          29                                     2025/ШЦТ/829

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч П.Болормаа,

           шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэнсэж шийдвэрлэсэн, ....... овогт З.О /РД:*******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:  

Шүүгдэгч З.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч З.О нь 2025 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.М-тай маргалдаж, улмаар зүүн гуя тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуянд сорви, нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дахь хуудас/,

- Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын дунд байсан байхаа нөхөр бид хоёр нэлээн согтуу байсан. Бид хоёр маргалдаад миний зүүн гуя руу нэг удаа хутгалсан. Би өөрөө нөхрөө янз бүрээр доромжилж байгаад өөрийнхөө амнаас болж хутгалуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь хуудас/,

- Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын дундуур байсан байх яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, үдээс хойш байсан байхаа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, .............. тоотод хүүгээ хараад байж байтал, М, О хоёр хоорондоо чанга чанга дуугараад байхаар гэрт нь ороход О, М хоёр согтуу байсан. М орон дээр суучихсан зүүн гуянаас цус гараад сууж байсан. Тэгээд би ороод “юу болсон юм, яасан юм яагаад гуянаас чинь цус гараад байгаа юм” гэхэд яагаа ч үгүй гээд байсан. Би тэгээд хутга шөвгөөр хутгалчихсан юм биш үү гээд гуяных нь цусыг цэвэрлээд боож өгсөн. Тэгээд би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн: “1.Д.М-ийн биед зүүн гуянд сорви, нөсөө гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хуучин байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх хуудас/,

- Хохирогч Д.М-ийн биед үзлэг хийх явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-49 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх хуудас/,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44 дэх хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 59-60 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 61 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат нь гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд З.О-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн зүйл ангид оногдуулах 800,000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, цаашид гаргах гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Прокурорын хяналтад байх хугацаандаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд прокурорын зүгээс тухайн хүсэлтийг хүлээн зөвшөөрч тухайн зүйл ангид зааснаар  800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой. ...... зах дээр хувиараа хөдөлмөр эрхлээд 10-аад жил болж байна. Жижиглэнгийн худалдаа дээр туслах ажилтан хийдэг. Торгох ялыг биелүүлэх боломжтой гэдэг нь хэрэгт авагдсан З.О-ын дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд прокурорын саналыг баталж өгнө үү...” гэв.

Иймд шүүгдэгч З.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар З.О-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, З.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 800,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт З.О /РД:********/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР