| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2010000170445 |
| Дугаар | 2021/ДШМ/640 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/640
2021 07 01 2021/ДШМ/640 № Т M № 546 МАЛАЛ
Г.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганчимэг,
шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Н.Буянжаргал,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2010000170445 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ийн С, Ховд аймагт 1972 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “-” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Медас” ресторанаар үйлчлүүлж байхдаа “Тооцоо нэхлээ” гэх шалтгаанаар зөөгч А.У-ын нүүр рүү карт уншигч “ПОС” төхөөрөмжийг шидэж тархи доргилт, зүүн хацрын шонтон, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.С- давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэргийг шалгах явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж заасан. Гэтэл 3 эмч дүгнэлт гаргасан байна. Дөрвөн асуулт тавьсанаас С буюу учирсан гэмтлүүд нь шалтгаант холбоотой эсэх гэсэн асуултанд хариулаагүй. Энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ гэвэл хохирогч Уянга нь 2 өөрөөр мэдүүлэг өгдөг. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Миний зүүн шанаа руу гараараа пос машин нэг удаа шидсэн, мөн зүүн мөр рүү пос машин 1 удаа шидсэн” гэдэг. Харин хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Пос машин шидсэн нь зүүн шанаа руу оноод зүүн мөрөн дээр унасан” гэж өөрөөр мэдүүлсэн. Прокурор уг байдлыг тодруулах зорилгоор гэмтлүүд хоорондын шалтгаант холбоог тогтоох асуулт шинжээчдийн багт тавьсан. Гэтэл шинжээч нар энэ асуултад хариулаагүй. Мөн В асуултын хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бэ? гэсэн асуултанд хариулаагүй. Прокурорын хувьд ач холбогдолтой гэж үзсэн учраас эдгээр асуултуудыг тогтоолдоо оруулж байхад шинжээч нар үл тоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчиж байна. Шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа шинжээчийн дүгнэлтийг баримталбал шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тул хэргийг прокурорт буцааж прокурорын тогтоолын биелэлтийг нэг бүрчлэн биелүүлснээр шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц дүгнэлт гаргах ёстой байсан.
Хууль буруу хэрэглэсэн. Намайг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгадаг. Энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн тул мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг баримтлах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалтад заасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль тогтоогчоос баталсан хуулийн үзэл баримтлалд хамаарах юм. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдааны 12 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн. Гэтэл шүүх уг хуулийн 3 дугаар зүйлийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Энэ хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэж тооцдог байсан. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн заалтыг барих юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Медас” ресторанаар үйлчлүүлж байхдаа “Тооцоо нэхлээ” гэх шалтгаанаар зөөгч А.У-ын нүүр рүү карт уншигч “ПОС” төхөөрөмжийг шидэж тархи доргилт, зүүн хацрын шонтон, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч А.У-ын “...үйлчлүүлэгч текнээс цэвэр ус захиалсан. Би цэвэр ус авч өгөөд “Тооцоо хийнэ үү” гэхэд “Хийчихнэ шүү дээ, чи одоо ямар сүртэй юм” гээд цааш яваад өгсөн. Манай хамгаалагч “Тооцоо хий” гэж хэлэхэд бүжиглэж байгаад буцаж ирээд картаа гаргаж өгсөн. Би картыг нь уншуулаад “Пин кодоо хий” гээд карт уншдаг машинаа өгөхөд миний нүүр рүү шидсэн...” /хх 13, 15-16/,
гэрч Ц.И-гийн “... арга хэмжээ тарах гэж байтал нэг эрэгтэй текнээс ус аваад тооцоо хийхгүй явсан. Хамгаалагч араас нь очоод тэр эрэгтэйг дагуулж ирсэн. Бармен Уянга карт уншигч машинаа өгсөн чинь тэр ах Пос машиныг Уянга руу шидсэн. Пос машин Уянгын нүүрэнд оноод мөрөн дээр нь унасан. Уянгын нүүрний зүүн талд хавдаж хөхөрсөн, мөн зүүн мөр хөхөрсөн байсан...” /хх 19-20/,
шүүгдэгч Г.С-н “... “Та мөнгөө төлөхгүй зугтсан” гэхээр нь “Чи наад мөнгөө ав” гээд карт уншигч Пос машиныг тэр охин руу шидсэн. Миний шидсэн карт уншигч машин тэр охины зүүн шанаа хэсэгт оноод газар унасан ...” /хх 67-68/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч А.У-ын биед тархи доргилт, зүүн хацрын шонтон, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 555 тоот шинжээчийн дүгнэлт /хх 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.С-н карт уншигч төхөөрөмж шидсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.С-н гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзлээ.
Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж зааснаас үзвэл бүрэлдэхүүнтэй шинжилгээнд хоёр ба түүнээс дээш тооны шинжээч оролцох бөгөөд заавал шинжээч томилсон тогтоолд заасан тооны бүрэлдэхүүнээр шинжилгээ хийх шаардлагагүй байна. Мөн шинжилгээгээр тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь дангаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг тул толгой, мөрөнд учирсан гэмтлүүд хоорондоо холбоотой эсэхийг тогтоох нь шүүгдэгчийн гэм бурууг цагаатгах нөхцөл болж чадахгүй.
Хохирогч А.У-ын өөрт учирсан гэмтлийг шүүгдэгч Г.С- хэрхэн учруулсан талаар тодорхой өгсөн мэдүүлсэн нь энэ хэргийг нүдээр харсан гэрч Ц.Идэртэмүүжингийн мэдүүлэг болон “... карт уншигч Пос машиныг тэр охин руу шидэхэд зүүн шанааг нь оносон...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Г.С-н мэдүүлэг /хх 67-68/-ээр давхар батлагдаж байх тул “... хэрэг хангалттай нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох ...”-ыг хүссэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрджээ.
Учир нь, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулсан.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.
Иймд шүүгдэгч Г.С-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа хамаарлаар 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.С-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН