| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00418/И |
| Дугаар | 152/ШШ2022/00431 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 152/ШШ2022/00431
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овогт Д-ын Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Ерөнхий боловсролын х сургуульд холбогдох,
Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Хариуцагч: Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Д.Д Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуульд багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б /02 тоот тушаалаар сургалтын менежерээр ажиллах болсон. Би ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж ажиллаж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирал Г.Б 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан. Тухайн тушаалыг гаргахдаа Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэжээ. Дээрх ёс зүйн дүрэм зөрчсөн нь надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ёсгүй. Түүнчлэн би багш хүнийхээ хувьд ёс зүйн дүрэм зөрчөөгүй тул Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2022 оны 07 сарын 08-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 1295 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын х сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Улаангом суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо аль аль нь байгуулагдаагүй байх тул дахин шүүхэд хандсан. Иймд Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б /41 тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох тус сургуулийн сургалтын менежерийн ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл ногдуулж тушаал бууруулсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2, 123.3, 123.2.4, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2 в-д заасныг баримталсан байдаг. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлд зааснаар сахилгын зөрчил гаргасанд тооцох тухай тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ яаж биелүүлээгүй тухай заалт байдаггүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасанд тооцох үндэслэл байхгүй байх тул Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын гаргасан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дугаартай тушаалыг зөвшөөрөхгүй байна. Багшийн Ёс зүйн зөвлөлөөс Д.Д-г ёс зүйн зөрчил гаргасан гэж шийдвэр гаргасан. Уг зөвлөл нь ямар статус бүхий, ямар эх хэмжээтэй байгууллага вэ гэдэг нь тодорхойгүй. Гаргасан шийдвэрийн хэлбэр нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт юм уу, эсвэл тушаал юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн сахилгын зөрчил ёс зүйн зөрчил гэдэг нь 2 өөр ойлголт байхад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн атлаа сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын х сургуулийн захирал Г.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 онд захирлын үүрэгт ажлыг хүлээн авсан. 2020 оны 1 дүгээр сард тэтгэвэрт гарсан хүний оронд Д.Д-г менежерээр авч ажиллуулсан. Д.Д нь сургалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж үр дүнтэй ажиллаж байсан боловч, хариуцсан байгалийн ухааны заах аргын нэгдлийн багш нар ёс зүйн зөрчил гаргасан, цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг хэлэлцэж 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарч ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гарсан. Сургалтын менежер Д.Д-д
1. Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № 02 тоот шийдвэрээр ёс зүйн зөрчил гаргасан дүгнэлт
2. Хариуцсан Заах аргын нэгдлийн багш нарын 78,5 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэж гарын үсэг зурсан нь ажлын хэсгийн шалгалтаар баталгаажсан. Эдгээрийг харгалзан үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээг авч багшийн ажилд томилсон. Бидний хооронд ямар нэгэн хувийн зөрчил байхгүй... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 57 тоот Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуульд Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 320 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан хөдөлмөрийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/02 тоот Багшийн ажлаас чөлөөлж Сургалтын менежерээр авч ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/43 тоот Д.Д-г биологийн багшаар томилох тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1295 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас Ерөнхий боловсролын х сургуулийн сургалтын менежер Д.Д-д сонсгох, сонсголын үйл ажиллагааны тэмдэглэл, Ерөнхий боловсролын х сургуулийн ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргах нь гэх баримт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/43 тоот Д.Д-г биологийн багшаар томилох тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/1012 тоот албан бичиг, Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс /нийт 3 хуудас/, Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №02 тоот Ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гэх шийдвэр гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-ийн хариуцагч Увс аймгийн Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Д-г Увс аймгийн Ерөнхий боловсролын х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Миний бие Д.Д Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуульд багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б /02 тоот тушаалаар сургалтын менежерээр ажиллах болсон. Би ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж ажиллаж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирал Г.Б 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан. Тухайн тушаалыг гаргахдаа Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэжээ. Дээрх ёс зүйн дүрэм зөрчсөн нь надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ёсгүй. Түүнчлэн би багш хүнийхээ хувьд ёс зүйн дүрэм зөрчөөгүй тул Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох тус сургуулийн сургалтын менежерийн ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Миний бие 2019 онд захирлын үүрэгт ажлыг хүлээн авсан. 2020 оны 1 дүгээр сард тэтгэвэрт гарсан хүний оронд Д.Д-г менежерээр авч ажиллуулсан. Д.Д нь сургалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж үр дүнтэй ажиллаж байсан боловч, хариуцсан байгалийн ухааны заах аргын нэгдлийн багш нар ёс зүйн зөрчил гаргасан, цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг хэлэлцэж 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарч ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гарсан. Сургалтын менежер Д.Д-д 1. Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № 02 тоот шийдвэрээр ёс зүйн зөрчил гаргасан дүгнэлт, 2. Хариуцсан Заах аргын нэгдлийн багш нарын 78,5 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэж гарын үсэг зурсан нь ажлын хэсгийн шалгалтаар баталгаажсан. Эдгээрийг харгалзан үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээг авч багшийн ажилд томилсон. Бидний хооронд ямар нэгэн хувийн зөрчил байхгүй...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/02 тоот Багшийн ажлаас чөлөөлж Сургалтын менежерээр авч ажиллуулах тухай тушаалаар сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар албан тушаал буурчээ.
5. Нэхэмжлэгч Д.Д-ийн Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирал Г.Б эс зөвшөөрч маргадаг.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Д.Д нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.
7. Мөн Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургууль болон Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 57 тоот Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуульд Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 320 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан хөдөлмөрийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх албан бичгүүдээр тус тус тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэгч Д.Д-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2, 123.3, 123.2.4, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2 в заалтуудыг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана, 123.2.4-т албан тушаал бууруулах гэж заасан гэтэл түүнийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №02 тоот Ёс зүйн дүрэм зөрчсөн тухай шийдвэрийг үндэслэсэн нь бөгөөд сахилгын зөрчил гаргасныг нотлоогүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан нь нотлогдож байх тул Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Д-г Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын х сургуулиас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР