Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2022/00456

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Б овогт Э-ын А-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Х ТӨХК-д холбогдох,

      Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч: Э.А,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Э.А нь Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

     1.1. Э овогтой А миний бие 1985 онд төрсөн 37 настай. Би 2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд МУЗГ, ОУ-ын хөрөнгө оруулалттай Тогтвортой амьжиргаа-2 төслийн Улаангом сум хариуцсан зохицуулагчаар ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сард Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2013 оны 11 дүгээр сараас Х захиргаанд анх химийн инженерээр томилогдож байсан ба одоо уг станцад хими ус бэлтгэлийн лаборантаар мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие 2019 оноос тус станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд тэргүүлэгч, 2021 оны 11 дүгээр сараас Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байна. 2022 оны 03 дугаар сард Х ТӨХК-ийн хими ус бэлтгэлийн инженерээр ажиллаж байсан Б өндөр насны тэтгэвэрт гарсан ба би тухайн ажлын байранд орж ажиллах хүсэлттэй байна гэх өргөдлийг удирдлагадаа өгсөн. Би хүсэлтдээ юуны өмнө тухайн ажлын байранд урьд нь ажиллаж байсан туршлагатай, бүрэнхийн харааны бэрхшээлтэй тул шөнийн ээлжид ажиллах хүндрэлтэй байгаа талаараа дурдсан. Гэтэл Х ТӨХК-ийн захирал Б.А надтай зөвшилцөхгүйгээр өөрийн санаачилгаар намайг тус станцын борлуулалтын байцаагчаар шилжүүлэн томилсон. Ингэхдээ миний өргөдлийг судлан үзэж шийдвэрлэсэн гэх мэдэгдлийг надад өгсөн. Би энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь борлуулалтын байцаагч нь ихэнхдээ ажлын цаг дууссаны дараа буюу оройн цагаар айл өрхөөр явж бичилт хийх шаардлагатай болдог ба миний эрүүл мэндийн байдал нь бүрэнхийн харалган гэх оношоор группт байдаг тул надад эрсдэлтэй ажил гэж үзэж байна. Тус станцад химийн инженерийн ажлын байрны сул орон тоо гарсан учир би тухайн ажлын байранд шилжин ажиллуулах боломжтой эсэх талаар хүсэлт өгсөн. Миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол би өмнө нь эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой юм. Учир нь хими ус бэлтгэлийн лаборантын ажиллах орчин нь гэрэлтүүлэгтэй орчин тул миний эрүүл мэндэд харшлахгүй юм. Би хүсэлт гаргах болсон нь шөнийн ээлжид гарахгүйгээр өдрийн 8 цагаар ажиллах, мөн өөрийн мэргэжлээр дэвшин ажиллах зорилготой байсан. Гэтэл тухайн ажлын байранд ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Б.Б-г химийн инженерийн албан тушаалд томилсон. Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд үндэслэсэн. Тухайн тушаалын үндэслэлээс харахад намайг өөр ажилд түр шилжүүлсэн эсхүл сэлгэн ажиллуулсны аль нь болох нь тодорхойгүй байх ба уг хуулийн ерөнхий зохицуулалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Иймд Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь Х ТӨХК-д хими ус бэлтгэлийн лаборантаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Эрүүл мэндийн шалтгааны хувьд бүрэнхийн сохор гэх оноштой ба энэ нь харанхуй, бүрхий үед захын мэдрэлээс шалтгаалж нүд нь хардаггүй, энэ оношоороо хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн алдалттай гэж үздэг. Өдрийн цагаар болон гэрэлтүүлэгтэй орчинд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Э.А нь химийн лаборантын ажилдаа дадлага туршлагатай, мэргэжлийн хүний хувьд тогтвор суурьшилтай ажиллаж байсан, ажлын байран дээрээ дэвшиж ажиллана гэж удирдлагадаа хандан эрүүл мэндийн шалтгаанаа дурдсан өргөдөл гаргахад эрүүл мэндийн шалтгааны улмаас химийн лаборантын ажлын байран дээр тэнцэхгүй учраас борлуулалтын байцаагчаар томиллоо гэх хариу өгсөн. Одоо түүнийг томилсон борлуулалтын байцаагчийн ажил нь айлуудаар явж тоолуурын заалт авдаг ажил. Өдрийн цагаар ихэнх айлууд эзэнгүй байдаг. Ажил, хичээл, сургууль тарсны дараа ажлаа хийх үед харанхуй, бүрэнхий болсон байх учраас нүд нь харахгүй. Тушаалын үндэслэлийн хувьд авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ажил олгогч дараах үндэслэл, хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан боловч тус заалт дахь шилжүүлэн ажиллуулах 6 үндэслэлийн яг аль үндэслэлээр шилжүүлсэн эсэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан ба 4 үндэслэлийн алийг баримталсан нь ойлгомжгүй. Энэ нь тушаалыг гаргахдаа Э.А-г шилжүүлэн ажиллуулсан юм уу, эсвэл сэлгэн ажиллуулсан юм уу? гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг хэрэглэх тохиолдолд ажил олгогч ажилтантайгаа харилцан тохиролцсон байх ёстой, хугацааг тодорхой заах ёстой. Гэтэл Э.А-тай ярилцсан хугацаа тохиролцсон асуудал байдаггүй. Уг тушаалыг гаргахдаа 2 ерөнхий заалтыг барьсан хууль зүйн үндэслэлгүй тушаал учраас маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.А-г Х ТӨХК-ийн хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч Увс аймгийн Х ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.А нь Х ТӨХК-ийн Хими ус бэлтгэлийн лаборантаар ажиллаж байсан албан хаагч юмаа. Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар Химийн лаборант Э.А-г өөр ажилд түр буюу Борлуулалтын байцаагчийн ажилд шилжүүлэн сэлгэн ажиллуулсан юм. Х ТӨХК нь Э.А-г шилжүүлэн ажиллуулах болсон шалтгаан нь:

    1. Э.А-ийн өөрийнх нь тус байгууллагад гаргасан өргөдөлд ...Зөвлөгөөний шийдвэрээр 2012 оноос өнөөг хүртэл Пигментийн диздрофи /харанхуйд юм хардаггүй/ оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авдаг. Шөнийн цагт ажиллаж болохгүй заалттай гэсэн байдаг юм. Мөн шөнийн ээлжид ажиллахад хүндрэлтэй байгаагаа дурдсан байдаг юм.

     2. Х ТӨХК нь ажил чиг үүргийн хувьд улсын онцгой объект юм. Тиймээс энэ салбарт ажиллаж буй ажилтан албан хаагч болон Химийн лаборантын ажил нь 24 цагаар тасралтгүй ажиллагаатай бөгөөд өдөр болон шөнийн хугацаанд ээлжлэн 12 цагийн турш ээлжээр ажилладаг учраас уг албан тушаал дээр тавигдаж буй ажилтан нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эмгэггүй хүн ажиллах ёстой. Мөн түүнчлэн станц дээр ямар нэгэн байгалийн болон дотоод хүчин зүйл гал түймэр, паарнаас халуун ус алдах мөн ажилтан өөрөө хариуцлага алдаж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам зөрчиж байгууллагад их хэмжээний хохирол учруулбал хэн хариуцах вэ? зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийсний үндсэн дээр захиргааны зүгээс томоохон бүтцийн болон ажил үүрэг, албан тушаал, чиг үүргийн өөрчлөлтүүдийг захирлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байгаа.

    3. Түүнчлэн Э.А-ийн өмнө авч байсан үндсэн цалинг дордуулахгүйгээр /812,851 төгрөг/-ийн цалинг одоо эрхэлж буй ажилд нь ажил олгогч олгохоор болж Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлс, нэмэгдэл зэргийг үндэслэн нийгмийн болон эдийн засгийн асуудлыг нь давхар захиргааны зүгээс харж үзэж шийдвэрлэсэн. Тухайлбал: Борлуулалтын байцаагч нар 672,000 төгрөгийн цалинг тухайн сард гар дээрээ авдаг. Харин Э.А-г борлуулалтын байцаагчаар шилжүүлэн сэлгэн ажиллуулсан албан тушаалын цалинг ажил олгогч 812,851 төгрөгөөр бодож олгохоор шийдвэрлэсэн нь ажилтан Э.А-ийн хөдөлмөрийн харилцаан дахь эрх ашгийг нэн тэргүүнд хууль эрх зүйн хүрээнд байгууллага шийдвэрлэсэн.

     4. Э.А-г аль болох өдрийн цагаар Хөдөлмөрлөх ажиллах ая тухтай орчныг бүрдүүлж шөнийн ээлжид гардаг /харааны бэрхшээлтэй ажилтныг/ байсныг захиргааны зүгээс урьдчилан мэдэж зохион байгуулалтын ажил өдрийн цагийн ажил буюу хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллах боломж ая тухтай, тайван ажлаа хийх нөхцөл бололцоог ханган ажиллаж байгаа.

    5. Э.А шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ Борлуулалтын байцаагч нь ихэнхдээ ажлын цаг дууссаны дараа буюу оройн цагаар айл өрхөөр явж бичилт хийх шаардлагатай болдог гэсэн ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.

     6. Захиргааны зүгээс Э.А хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд буюу шөнийн цагаар ээлжийн ажилтай байсныг ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-дэх хэсэгт зааснаар хэвийн ажлын цаг руу оруулж өдрийн цагаар буюу өглөө 08-12 цаг үдээс хойш 13-17 цагийн хооронд /ажлын 8 цаг/ ажлаа хийх бүрэн боломжтой эрх ашгийг нь хангасан ба оройн цагаар айл өрхөөр хэсэж бичилт хийдэг гэсэн ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Яагаад гэвэл борлуулалтын байцаагч нар өдрийн цагаар айл өрхүүдээр явж дулааны төлбөр болон бичилтээ бичих бүрэн боломжтой. Ердийн хэвийн цагаар ажилладаг албан хаагч нар бөгөөд хууль эрх зүйн хэмжээнд тэдгээрийн эрх ашгийг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хууль эрх зүйн хүрээнд эрх ашгийг нь хамгаалан ажиллаж байна.

   7. Мөн Э.А нь Х ТӨХК-ийн захирал Э.А надтай зөвшилцөхгүйгээр өөрийн санаачилгаар станцын борлуулалтын байцаагчаар шилжүүлсэн гэсэн нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм. Хууль тогтоогч хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйл, 59 дүгээр зүйлүүдийг хуульчилсан байгаа юм. Тиймээс ажил олгогч буюу гүйцэтгэх захирал Э.А өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйл /Өөр ажилд түр шилжүүлэх/ гэсэн хуулийн заалтыг үндэслэн Э.А-ийн өргөдөл болон эрүүл мэндийн хувьд Химийн лаборантын ажил албан тушаалд тохирохгүй гэж үзээд уг хуулийн заалтын 58 дугаар зүйл хэсэгт хамаарах 58.1.3 дахь заалт буюу Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл хугацаагаар, Мөн хуулийн 59 дүгээр зүйлд хамаарах /Сэлгэн ажиллуулах/ гэсэн заалтын 59.1.4-дэх заалт нэг ажлын байран дээр хугацаагаар ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урь,: сэргийлэх зорилгоор гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Э.А-г томилсон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр. Мөн Э.А-ийн өмнө хашиж байсан Химийн лаборант ажлын байрны тодорхойлолтод Маршрутын дагуу эргэлт шалгалт хийж эргэх механ анхдагч ба химийн халаагчийн тоноглолуудын ажиллагаа, филтерын түвшин, тогооны усны үзлэг, банкны түвшин, заагч хэмжүүртэй биечлэн танилцаж илэрсэн зөрчлийг шуурхай арилгах, Дараа ээлжийн хүн ирээгүй графикийн зохицуулалт хийгдээгүй тохиолдолд удирдлагын зөвшөөрөлгүй ээлжнээс буухгүй байх зэрэг үүрэгт ажлуудыг хийж гүйцэтгэхэд Э.А-ийн нүдний харааны байдал болон бусад хүчин зүйл сөргөөр нөлөөлөх болов уу гэж ажил олгогчийн зүгээс үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн үзэхэд борлуулалтын ажилтан Э.А-т аль болох ая тухтай, эрүүл тайван орчинд ажлаа хийх нөхцөл бололцоог захиргааны зүгээс ханган ажиллуулж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 362 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хууль-д заасанчлан хөдөлмөрийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх тодорхойлолт, Увс аймаг Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны захирлын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 тоот Ажилд томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Х, төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот Э.А-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Х ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудас /хуулбар/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     5. Хариуцагчаас итгэмжлэл, Увс аймгийн Х, төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот Э.А-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Химийн лаборантын ажлын байрны тодорхойлолт, Х ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.А танаа өргөдөл гаргах учир нь гэх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Э.А-ийн гаргасан өргөдөл, Э.А-ийн хөдөлмөрийн гэрээ, Э.А-ийн цалингийн дэлгэрэнгүй гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Э.А-ийн хариуцагч Увс аймгийн Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э.А-г хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     ... Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд үндэслэсэн. Тухайн тушаалын үндэслэлээс харахад намайг өөр ажилд түр шилжүүлсэн эсхүл сэлгэн ажиллуулсны аль нь болох нь тодорхойгүй байх ба уг хуулийн ерөнхий зохицуулалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Иймд Х ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    ...Х ТӨХК нь ажил чиг үүргийн хувьд улсын онцгой объект юм.Тиймээс энэ салбарт ажиллаж буй ажилтан албан хаагч болон Химийн лаборантын ажил нь 24 цагаар тасралтгүй ажиллагаатай бөгөөд өдөр болон шөнийн хугацаанд ээлжлэн 12 цагийн турш ээлжээр ажилладаг учраас уг албан тушаал дээр тавигдаж буй ажилтан нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эмгэггүй хүн ажиллах ёстой. Мөн түүнчлэн станц дээр ямар нэгэн байгалийн болон дотоод хүчин зүйл гал түймэр, паарнаас халуун ус алдах мөн ажилтан өөрөө хариуцлага алдаж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам зөрчиж байгууллагад их хэмжээний хохирол учруулбал хэн хариуцах вэ? зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийсний үндсэн дээр захиргааны зүгээс томоохон бүтцийн болон ажил үүрэг, албан тушаал, чиг үүргийн өөрчлөлтүүдийг захирлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

    4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.А нь Х ТӨХК-нд хими ус бэлтгэлийн лаборантаар томилогдон ажиллаж байгаад тус станцын гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот Э.А-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар түүнийг Хими ус бэлтгэлийн лаборантын үүрэгт ажлаас нь чөлөөлж борлуулалтын байцаагчаар томилжээ.

     5. Нэхэмжлэгч Э.А-ийн Увс аймгийн Х ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

     6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Э.А нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     7. Мөн Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 362 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан хөдөлмөрийн маргаан зохицуулах комисс одоогоор байгуулагдаагүй болно гэх албан бичгээр тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

   8. Нэхэмжлэгч Э.А-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасныг үндэслэн шилжүүлэн ажиллуулсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд Өөр ажилд түр шилжүүлэх, 59 дүгээр зүйлд Сэлгэн ажиллуулах-ын тус тус зохицуулахаар заасан. Гэтэл энэ хоёр үндэслэлийг баримталсан нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасныг баримтлах тохиолдолд 58.1.1-58.1.6 буюу эдгээр 6 үндэслэлийн аль тохирохыг, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримтлах тохиолдолд 59.1.1-59.1.4 буюу эдгээр 4 үндэслэлийн аль тохирохыг тус тус баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

    9. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Э.А-г үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулсан нь нотлогдож байх тул Увс аймгийн Увс аймгийн Х ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот Э.А-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Увс аймгийн Х ТӨХК-ийн хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар Увс аймгийн Х ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/62 тоот Э.А-г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Э.А-г Увс аймгийн Увс аймгийн Х ТӨХК-ийн хими ус бэлтгэлийн лаборантын ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.БОЛОР