Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2022/00477

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

  Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч: Б.Ч,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 6, 7, 8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар сарын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ур чадварын нэмэгдэл 2,550,093 төгрөг, нийт 3,296,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11,3 жил ажиллаж байна. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Надад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй болно. Уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Б.Ч миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд дордуулсан шийдвэр гаргаж байна. Иймд 2022 оны 6-8 сарын үндсэн цалин 895,945 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /5 хувь/ 44,797 төгрөг, нийт 134,391 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирал үндсэн цалин 784,647 төгрөг, үр дүнгийн урамшуулал 306,012 төгрөг, нийт 612,024 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 13 сарын үндсэн цалин 784,647 төгрөг, ур чадвар /25 хувь/ 196,161 төгрөг, нийт 2,250,093 төгрөг, бүгд 3,296,508 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү... гэжээ.

  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Б овогтой Ч-ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал тооцож, ур чадварын нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

    1. Б овогтой Ч нь нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна гэжээ. Уг тушаалын хоёрдугаар хавсралтаар нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудын нэмэгдлийг тусгасан байх бөгөөд Б.Ч-д төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5% олгох шийдвэр гарч сар бүрийн үндсэн цалинтай хамт олгогдсон байна. Тодруулбал 2022 оны 6 дугаар сард алба хаасан хугацааны нэмэгдэл 5% буюу 44,797 төгрөг, 7 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд ажлын өдөрт ноогдох 30,798 төгрөг, 8 дугаар сард ээлжийн амралтын дуусгаад ажилд орсон өдөрт ноогдох 11,686 төгрөг тус тус олгогдсон нь санхүүгийн баримтад байна. Мөн Засгийн газрын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Журам батлах тухай Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгоход ээлжийн хуваариар ажил үүрэг гүйцэтгэсэн байх гэж нэмсэн бөгөөд Б.Ч-ийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хамаарахгүй байна.

     2. Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.2-т чиг үүргийн дагуу нэгжийн төлөвлөгөө боловсруулан тухайн оны 1 дүгээр сарын 05-ны дотор батлуулах, 2.3-т улирал бүр төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж тайлагнах, 2.4-т төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн ажилтнуудад журмын дагуу улирал бүр урамшуулал олгоно гэж заасан байдаг бөгөөд Б.Ч нь 2022 онд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, 2022 оны эхний 1, 2 дугаар улирлын ажлын тайлан гаргаж өгөөгүй тул гэрээг дүгнэх боломжгүй журамд зааснаар урамшуулал тооцогдоогүй байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан байдаг бөгөөд ажилтны ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах, олгохгүй байх тухай зохицуулалттай. Б.Ч нь удирдлагын зүгээс өгч байсан аливаа үүрэг, даалгавар, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал улирал бүр тайлагнаагүй, ажлын үр дүн буурсан тул үр дүнгийн урамшуулал тооцогдоогүй байдаг... гэжээ.

    3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 621 тоот Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №А/52 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     4. Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 6, 7, 8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар сарын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ур чадварын нэмэгдэл 2,550,093 төгрөг, нийт 3,296,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    2.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11,3 жил ажиллаж байна. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байдаг. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 11-15 жилд /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Иймд 2022 оны 6-8 дугаар саруудын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг гаргуулах,

     2.2. Надад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй болно. Уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Иймд 2022 оны 1, 2 дугаар сарын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах,

     2.3. Б.Ч миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд дордуулсан шийдвэр гаргасан. Ажлаас халагдахаас өмнө 25 хувиар ур чадварын нэмэгдлийг тогтмол авч байсан. Иймд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 13 сарын үндсэн цалин 784,647 төгрөг, ур чадвар /25 хувь/ 196,161 төгрөг, нийт 2,250,093 төгрөг, нийт 3,296,508 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

     3.1. Б.Ч нь нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2022 оны 6 сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан гэсэн ба уг тушаалын хоёрдугаар хавсралтаар нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудын нэмэгдлийг тусгасан байх бөгөөд Б.Ч-д төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5% олгох шийдвэр гарч сар бүрийн үндсэн цалинтай хамт олгогдсон байна. Тодруулбал 2022 оны 6 дугаар сард алба хаасан хугацааны нэмэгдэл 5% буюу 44,797 төгрөг, 7 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд ажлын өдөрт ноогдох 30,798 төгрөг, 8 дугаар сард ээлжийн амралтын дуусгаад ажилд орсон өдөрт ноогдох 11,686 төгрөг тус тус олгогдсон нь санхүүгийн баримтад байдаг. Мөн Засгийн газрын 2020 оны 4 сарын 29-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Журам батлах тухай Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан бөгөөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгоход ээлжийн хуваариар ажил үүрэг гүйцэтгэсэн байх гэж нэмсэн бөгөөд Б.Ч-ийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хамаарахгүй.

    3.2. Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 2.2-т чиг үүргийн дагуу нэгжийн төлөвлөгөө боловсруулан тухайн оны 1 дүгээр сарын 05-ны дотор батлуулах, 2.3-т улирал бүр төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж тайлагнах, 2.4-т төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн ажилтнуудад журмын дагуу улирал бүр урамшуулал олгоно гэж заасан байдаг бөгөөд Б.Ч нь 2022 онд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, 2022 оны эхний 1, 2 дугаар улирлын ажлын тайлан гаргаж өгөөгүй тул гэрээг дүгнэх боломжгүй журамд зааснаар урамшуулал тооцогдоогүй.

     3.3. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан байдаг бөгөөд ажилтны ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах, олгохгүй байх тухай зохицуулалттай. Б.Ч нь удирдлагын зүгээс өгч байсан аливаа үүрэг, даалгавар, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал улирал бүр тайлагнаагүй, ажлын үр дүн буурсан тул үр дүнгийн урамшуулал тооцогдоогүй гэжээ.

     4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 621 тоот Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №А/52 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     5. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2022/00128 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтыг: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаартай, Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэг Б.Ч-ийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд

     6. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 13 сарын үндсэн цалин 784,647 төгрөг, ур чадвар /25 хувь/ 196,161 төгрөг, нийт 2,250,093 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгох нь зүйтэй.

     7. Харин нэхэмжлэгч Б.Ч-ийн 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй, мөн 2022 оны 6-8 дугаар саруудын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг гаргуулах шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №А/52 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувь гэж тогтоон олгож тушаал гарчээ.

     Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны ур чадвар 2,250,093 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, 2022 оны 6-8 дугаар саруудын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг, нийт 746,415 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

    8. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 67,694 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,751 төгрөг гаргуулан улсын орлогод буюу төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны / 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ур чадварын нэмэгдэл 2,550,093 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134,391 төгрөг, нийт 746,415 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 67,694 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,751 төгрөг гаргуулан улсын орлогод буюу төрийн сангийн 150000941 тоот оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БОЛОР