Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/169

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,     

Шүүгдэгч Г.Ч,    

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Г-ын Ч-ад холбогдох 2428000000189 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байх хуучин Номин худалдааны төвийн гадна талбайд хохирогч Т.М-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.              

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ч-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн үйлдсэн гэмт хэргийн тухайд нэмж ярих зүйл байхгүй. Харин би Т.М гэдэг хүнд зөрүүлээд өргөдөл өгөөд адилхан харилцан зодолдож 4,000,000 төгрөгийн машины эвдрэлээр би хохироод өргөдөл, гомдол өгчихсөн байхад хөөн хэлэлцэх хугацаагаар Т.М-ы хэргийг хаачихдаг. Тэгээд прокурорт нь би гомдолтой байна. Намайг шүүхээр оруулаад шийтгүүлж байдаг. Т.М хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаалгуулаад явж байгаад би их гомдолтой байна. Яагаад хууль ижил тэгш үйлчилдэггүй юм бол гэсэн ийм л гомдол байна. Бусдаар одоо болох энэ шүүх хурлын хувьд гомдол санал алга гэв.          

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Ч миний биед халдах үед Ч миний хоёр нүдний ухархай хэсэгт хоёр хураагаа хийгээд дарсан байсан. Тэрнээс болоод миний нүд бүрсийгээд юм сайн харахгүй байсан бөгөөд Ч-тай уулзахаар очих үед Ч хүнээ суулгаад явах гэж байсан. Тэгэхээр нь уулзах санаатай урдуур нь орж зогсоод ухрах үйлдэл хийх үедээ машины ухрахын камераа сайн харж чадахгүй нүд бүрсийгээд Ч-ын машины урд талын хэсгийг нь мөргөчихсөн юм. Намайг мөргөх үед Ч-ын машин нь арагшаа гүйсэн. Би тэр үед араагаа сольж амжилгүй хонс алдаад арагшаа машин ухраад дахиад нэг удаа мөргөчихсөн. Тэрнээс надад санаатай мөргөсөн зүйл байхгүй. Тухайн үед би Ланд-200 загварын машинтай очсон байсан бөгөөд миний машин механик хроптой би ихэвчлэн Альпард загварын машинаа унадаг, Альпард машин бол автомат хроптой. Би тэр үед өмнө нь зодуулсан байсан учраас сэтгэл санаа тавгүйрхээд уг ослыг гаргасан. Тэрнээс би санаатай Ч-ын машиныг нь мөргөсөн зүйл байхгүй. Санамсаргүй байдлаар машиныг нь мөргөчихсөн. Тухайн үед Ч-ын машины урд гүпер болон номер нь бага зэрэг хонхойсон байсан, тэрнээс өөр гэмтэл байгаагүй. Миний машинд  ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тэгээд машиныг нь мөргөсний дараа Ч миний машины урд гарч ирээд чулуу бариад зогсохоор нь би урагшаа хөдлөөд зүүн гар тийшээ дараад явсан чинь миний урдуур гүйсэн намайг мөргөх гэж байна гэж бодсон байх, тэгэхээр нь би баруун гар тийшээ дараад явсан чинь миний явсан тал руу дагаад явахаар нь зогссон. Би машинаас буусан чинь Ч миний машины түлхүүрийг булааж аваад яасан овоо юм гээд намайг бас хэдэн удаа цохиж аваад чамайг тал руу гаргаж байгаад амьд голтой үлдээнэ энэ тэр гээд байсан. Тэр үед хүмүүс цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирсэн. Тэгээд бид хоёр тэндээс өөр өөрсдийн машинаа унаад цагдаагийн газарт ирсэн. Би өөрийн үнэтэй цайтай машинаараа хүний машиныг санаатай мөргөөд гэмтээнэ гэж юу байхав. ... Би Ч-ын биед халдсан зүйл байхгүй. Намайг дээрээс дараад цохиж зодоод байхаар нь би урдаас нь жийсэн, тэрнээс цохиж зодоод байсан зүйл байхгүй. Ч өөрөө буруутан болоод ирэхээр намайг цохиж зодсон гээд байгаа, би цохиж зодсон зүйл байхгүй, би урдаас нь жийж өөрөөсөө холдуулах биеэ хамгаалах үйлдэл хийсэн нь үнэн. (хавтаст хэргийн 16-17 дахь тал)        

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр цагаа сайн санахгүй байна. Улаанбаатар хот явахаар хуучин Номин худалдааны төвийн гадаа очсон. Тэгээд би уг газарт очоод Улаанбаатар хот явах хүмүүсээ дуудаад цуглуулаад зогсож байсан. Ч хүмүүс нь бүрдээд хөдлөх гэж байтал хар өнгийн “Ланд-200” загварын тээврийн хэрэгсэл Ч-ын машины урдуур нь ороод зогссон. Би тухайн тээврийн хэрэгслийг хот явах гэж байгаа хүн юм байх гэж бодоод хараад зогсож байтал гэнэт арагшаа ухраад Ч-ын машины урд талаас нь мөргөчихсөн. Тэгээд нөгөө машин урагшаа хөдлөөд эргэж хүч алдаж ухраад дахиад мөргөчихсөн. Тэгээд би цагдаа дуудчихаад машины цаагуур тойроод эргээд гараад иртэл нөгөө хар өнгийн “Ланд-200” загварын тээврийн хэрэгсэл нь урагшаа хөдлөөд Ч урд нь гүйгээд газарт унаж байгаа харагдсан бөгөөд Ч газарт унасан чинь нөгөө машин Ч-ын хажуугаар нь дарж гараад зогссон. Тэгээд тухайн машинаас М буугаад ирсэн бөгөөд Ч машины түлхүүрийг нь булаагаад авчихсан. Тэрнээс болж тэр хоёр маргалдаад М Ч-ыг нэг удаа цохиод авсан чинь Ч М-ыг хэд хэдэн удаа толгой нүүр хэсэгт нь цохиж зодсон. Тэгээд би Ч тэр хоёрыг очиж салгаад байж байтал удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа ирсний дараа тэр хоёр өөр өөрсдийн машинаа унаад цагдаагийн газар руу явсан. Би хүмүүсээ аваад Улаанбаатар хот явсан. ...Тухайн үед “Ланд-200” загварын тээврийн хэрэгсэл ирээд Ч-ын машин урд талд нь зогсонгуутаа ухраад нэг удаа мөргөсөн тэр үед би гайхаад хараад байж байтал нөгөө “Ланд-200” загварын тээврийн хэрэгсэл урагшлаад дахиад ухарч Ч-ын машиныг мөргөсөн. Тэгээд зорчигч нар цагдаа дуудаач гэж хашхиралдаад би цагдаа дуудсан. Тэр үед “Ланд-200” загварын машин явах гээд урагш хөдлөх үед нь Ч явуулахгүй гэх байдлаар, урдуур нь гүйж ороод “Ланд-200” загварын машины жолоочийн цонхоор power товчийг дарж 17 машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авчихсан тэгсэн чинь “Ланд-200” загварын машинаас М бууж ирээд Ч тэр хоёр харилцан зодолдсон тухайн үед би нэлээд зайтай газарт тэр хоёрыг хараад цагдаад дуудлага өгөөд зогсож байсан. Тэгээд уг газарт 20-30 орчим минут өнгөрсөн дараа цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхэд тэр хоёр тамхи татаад зогсож байсан. Мөн тэр зодолдож байхад уг газарт хот явах гэж байсан хүмүүсээс нэг нь салгаж байгаа харагдсан.” (хавтаст хэргийн 19-20, 146-147 дахь тал)

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 08 дугаар сарын 05-ны өдөр хуучин Номин худалдааны төвийн гадаа Улаанбаатар хот явахаар зогсож байсан. Надтай хамт хот явах хүмүүс ирээд машинд суучихсан би хөдлөх гээд байж байтал гэнэт Ч, М хоёр миний машины хажууд маргалдаад барьцалдаад хэн хэнийгээ нэг нэг цохиод авч байгаа харагдсан. Тэр хоёр барьцалдаад авахаар нь би тэр хоёрын дундуур ороод боль та хоёр яах гээд байгаа юм гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Би хот явахаар цугларсан хүмүүсээ аваад яваад өгсөн. Намайг явснаас хойш дахиж маргалдаад зодолдсон юм шиг байсан. Намайг байхад учиргүй зодолдсон хэн нэгнийгээ гэмтээсэн зүйл байгаагүй. Намайг хот руу гараад явсны дараа М эргэж машинтай ирээд маргалдсан юм шиг байсан.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн 88101034 гэсэн дугаар руу Ч гэх хүний утасны дугаар руу холбогдож ярьсан. Би тухайн үед эхлээд Ч гэх хүн рүү залгаад утсаа авахаар нь чи яахаараа хүний нүд ухдаг юм бэ? Манай дүү М-ыг зодсон байна гэж ярьсан. Тэгсэн Ч гэх хүн намайг үл хүндэтгэсэн байдлаар чи хэн бэ гэхээр нь би М-ы эгч нь болох талаар хэлсэн. Тэгсэн Ч гэх хүн намайг хэл амаар доромжлоод намайг үл хүндэтгэж чи хүрээд ир би чамайг шаана гэх мэтчилэн танхай балмад үг хэл хэллэг хэлэхээр нь би чи А-гийн хүүхэд гэсэн тэр А гэх хүн хутга шөвөг барьдаг энэ тэр нь хамаагүй шүү бид нар айна гэж байхгүй шүү чи ингэж хүнийг үл хүндэтгэж хүний биед дураараа халдаж хүн зодож явж байгаад шоронгийн хадаас болох вэ дээ гэж хэлсэн. Тэрнээс би Ч гэх хүнийг айлгаж дарамтлаад байсан зүйл огт байхгүй. Ч гэх хүн надаар тэгж дарамтлуулаад айгаад явж байхаар хүн биш юм шиг байсан. Хүнийг их харааж загнасан үл хүндэтгэсэн харьцаатай хүн байсан. Би уг нь тэр хүнийг уучлал гуйх юм болов уу гэж бодоод холбогдсон юм, тэгсэн хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр маргалдаж утсаар хэрүүл маргаан хийснээс өөр зүйл болоогүй. Би тэр хүнийг айлгаж дарамталсан зүйл байхгүй. Би тийм хүн айлгаж дарамталдаг албан тушаалын хүн ч биш. Би Ч гэх хүнтэй хууль шүүхийн байгууллагад ажилладаг шоронд оруулна энэ тэр гэж айлгаж дарамтлаагүй. Ч гэх хүн намайг хэл амаараа доромжлоод байхаар нь би чи шоронгийн хадаас болох вэ гэж хэлсэн. Тэрнээс айлгаад шоронд оруулна гэж хэлээгүй.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал)       

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би өглөө 09 цагийн үед хуучин Номин худалдааны төвийн гадаа Улаанбаатар хот явахаар очсон. Тэгээд байж байтал Ч М хоёр зууралдаад авсан. Би тухайн үед жаахан зайтай харж байсан. Намайг харж байхад Ч М хоёр хоорондоо зууралдаад хэн хэнийгээ цохиод авч байгаа харагдсан бөгөөд хажууд нь байсан хүмүүс тэр хоёрыг салгаж байгаа харагдаж байсан. Би тухайн үед тэр хоёроос жаахан зайтай байсан болохоор тэр хоёрыг юунаас болж яагаад маргалдсан. Хэн нь түрүүлж цохиж уг зодоон үүссэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед бол нээх сүртэй зүйл болоогүй. Би тухайн үйл явдал болсон дараа удалгүй Улаанбаатар хот руу яваад өгсөн. Намайг явснаас хойш юу болсон талаар би мэдэхгүй байна...” (хавтаст хэргийн 149-150 дахь тал)         

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би өглөөгүүр Улаанбаатар хот явах гээд хүмүүсээ суулгаад хөдлөх гэж байсан чинь нэг машины ард Ч М хоёр зууралдаад авсан. Намайг харахад бол Ч М хоёр заамдалцаад барилцаад авсан байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёрын хажууд очоод залуу улсууд байж больцгоо битгий хоорондоо муудалцацгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын хажууд баянаа больцгоо гээд байж байсан бөгөөд яг тэр үед надтай хамт Улаанбаатар хот явах гэж байсан нэг хүн хүрээд ирэхээр нь би тухайн хүнийг машиндаа суулгаад шууд хөдлөөд явсан. Ч М хоёр намайг явснаас хойш яасан талаар нь мэдэхгүй байна. Намайг хөдлөөд явах үед Ч М хоёр салсан байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. ...Тухайн үед би өөрийнхөө машины урд зогсож байсан бөгөөд миний хажууд зогсож байсан машины ард талд нь хүмүүс маргалдах шиг болохоор нь харсан чинь Ч М хоёр хэн хэнийгээ заамдаад зогсож байгаа харагдсан бөгөөд би тэр хоёрын хажууд нь очоод боль залуу хүмүүс нэг доорын хүмүүс байж битгий муудалц гэж хэлсэн. Намайг харж байхад бол тэр хоёр хэн хэнийхээ биед халдаж цохиж зодолдсон зүйл байхгүй. Тэр хоёрыг хэзээ хэн нь эхлээд юунаас болж маргалдаад уг үйл явдал болсныг нь мэдэхгүй байна...” (хавтаст хэргийн 152-153 дахь тал)                 

Гэрч Б.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би хуучин Номин худалдааны төвийн гадаа зогсож байтал М, Ч нар гэнэт ноцолдоод пижгэнэлдээд миний машины хажуугаар ороод ирсэн тэгэхээр нь би машин эвдэлчих байх гэж бодоод сандраад хөдлөөд явсан. Тэгээд би нэлээд зайтай газар очоод зогсож байтал цагдаа ирж байгаа харагдаж байсан. Би бол Ч, М хоёрын хэрүүл маргаан зодооны талаар мэдэхгүй байна. Хоорондоо ноцолдоод пижгэнээд машины хажууд ирэхээр нь би шууд хөдлөөд явсан...” (хавтаст хэргийн 168-169 дэх тал)

Шүүгдэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би хуучин Номин худалдааны төвийн гадаа Улаанбаатар хот явах гээд машинтайгаа зогсож байсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад М өөрийн Альпард загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд М тухайн газарт байсан хүмүүс дунд орж ирээд том том дуугараад байхаар нь би чи нэлээн дуу орчиж гэж хэлээд айлгах гээд хувцасны зах мөрнөөс нь татсан чинь миний нүүр хэсэгт цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд М-ыг 2 цохисон чинь хажууд байсан хүмүүс хориод Ганбаа гэх хүн боль гээд миний баруун гарыг барьсан. Тэр үед М миний нүүр хэсэгт нэлээд хэдэн удаа цохиод авсан. Би Ганбааг тавь гэж хэлж тавиулаад М-ыг чирээд Бо гэх хүний машин дээр дараад М бид хоёр хэн хэнийхээ нүүр цээж хэсэгт хэд хэдэн удаа цохилцсон. Тэнд байсан Б намайг арагш татаад Ганбаа М-ыг хориод бид хоёрыг салгасан. М машинтайгаа миний өмнө зогсоод машинд суучих тал гараад эр хүмүүс шиг ярилцъя гэхээр нь би машинд нь суугаагүй чи яваа чамтай муудалцах хүсэл алга гэж хэлсэн. М айгаагүй бол суучих энэ тэр гээд намайг үгээр өдөж байгаад яваад өгсөн. Тэгээд 01 цаг 20 минутын дараа би хот хөдлөх гэж байсан чинь М “Ланд-200” загварын тээврийн хэрэгсэл унаж ирээд ухраад миний машины урд талаас мөргөөд миний машиныг арагш нь 1 метр хэртэй түрсэн. Тэгээд урагшлаад дахиж ухарч ирээд миний машины урд талаас мөргөсөн. Тэгээд машин дотор байсан хүмүүс хашхиралдсан. ... Тэгээд нэг цохиод авахаар нь би М-ыг барьж аваад хэдэн хэдэн удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд нэг цагийн дараа замын цагдаа нар ирээд машиныг нь журамласан. Тэгээд М тухайн үед эвлэрье хэн хэндээ гомдолгүй хэн хэнийхээ хохирлыг төлье гэж хэлсэн. Бид хоёр хэн хэндээ учирсан хохирлыг төлөхөөр тохирсон. Тухайн үед М надад гомдол санал байхгүй гэж хэлж ярьчхаад дараа нь гомдолтой гээд өргөдөл өгсөн байсан. ...” (хавтаст хэргийн 37-40 дэх тал)   

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.М-ы биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Т.М-ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 29-31 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүх, М.Золжаргал, Д.Дунгаамаа нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.М-ы биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Т.М-ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр гаргасан 427 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хамар ясны хугарал учирсан тохиолдолд хамар битүүрэх, толгой өвдөнө, хамраар өвдөх, хөндүүрлэх зэрэг зовуурь илрэх ба гэмтэл учирсан даруйд хамраас цус гарах, хамар овойж хавдах шинжүүд илэрнэ.” (хавтаст хэргийн 130-132 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 201 дэх тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 43 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 203-204 дэх тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 43 дугаартай санал (хавтаст хэргийн 205-206 дахь тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ч-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Ч нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байх хуучин Номин худалдааны төвийн гадна талбайд хохирогч Т.М-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.            

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), гэрч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 146-147 дахь тал), гэрч О.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Ц.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Ц.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150 дахь тал), гэрч Д.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал), гэрч Б.Бо-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 168-169 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүх, М.Золжаргал, Д.Дунгаамаа нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 130-132 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                                  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.                 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Ч-ын хохирогч Т.М-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, прокуророос санал болгосон ялын төрөл, хэмжээний талаар маргаагүй, харин хохирогч Т.М-ы тээврийн хэрэгслийг ашиглан тухайн үед шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөв.

Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Ч-ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шүүгдэгчийн эд хөрөнгөд хохирогч хохирол учруулсан эсэхийг шалгаж тогтоох, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан бөгөөд хохирогчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдаагүйн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурор хангаж шүүхэд шилжүүлсэн байх тул прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.               

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М-ы биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүх, М.Золжаргал, Д.Дунгаамаа нарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 130-132 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн байгууллагад “...цаашид Г.Ч-аас сэтгэл санааны хохирол, төлбөр нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 197 дахь тал) гэх тайлбарыг гаргаснаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ч-ын зүгээс хохирогч Т.М-д 400,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.            

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.              

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,       

Шүүгдэгч нь хийсэн үйлдэлдээ харамсаж байна, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.   

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.      

Шүүх шүүгдэгч Г.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.      

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.М--д 400,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Д овгийн Г-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чад шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.М-д 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                      

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ