Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0142/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч С.А,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Ц-ын Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000840138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 сарын  22-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 271 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн Ц-ын Ж, /РД:ХХХХХХХХ/

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Чулуутын 3 дугаар гудамжинд 09-73 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 4-р хавсралтын 6.12.чиргүүлийн холбоос  эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн, 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчин,  тоормосны системийн хийн холболт хийгдээгүй 2743 БЧ улсын дугаартай FKB-817 маркийн чиргүүлийг чирэн замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины холбогч эмээлээс чиргүүлийг салахаас хамгаалсан түгжээг хийгээгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас холбосон 2743 Бч улсын дугаартай чиргүүл автомашинаас салж замын хажуугаар явж байсан явган зорчигч С.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.А-ын “…Би өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим би Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын гудамж руу төмөр замын нүхэн гарцаар гараад доош уруудаад явган хүний нүхэн гарцаар гарч явтал намайг мөргөх шиг болсон, би нэг сэртэл эмнэлэг дээр сэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Ц.Ж-ийн “…Би өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 4-18 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн 0973 ДАА улсын дугаартай Хюндай голд маркийн тээврийн хэрэгслийн ард талд 2743 БЧ улсын дугаартай хүмүүсийн ярьдгаар хулхи ногоон чиргүүлийг холбоод наадмын талбайн цаад талд байдаг Тес петролиум шатахуун түгээх газраас шатахуун авах гээд өөрийн найз Б-ын хамтаар гарсан юм. Гэрээсээ гараад явж байтал Анука дэлгүүрийн урд талаар явж байсан чинь жолооч талын маань толинд машины хойд талд холбосон байсан чиргүүл холбоос нь салаад машинтай зэрэгцээд явж байсан. Тэгээд замын зорчих хэсгийн зүүн талд жолооч талд буюу миний талд зам дагуу алхаж байсан эгчийн нуруу хэсэг рүү нь миний машины чиргүүл араас нь мөргөөд тэр эгч мөргүүлээд газар унаад, харин чиргүүл овгор шороон дээр очоод зогссон. ...Машиндаа чиргүүлээ холбочхоод бэхэлгээний төмрийг зориулалтын гогцоонд хийж бэхлээд аюулгүй байдлыг хангадаг юм. Тухайн гогцоо төмрийн би бэхэлж зориулалтын нүхэнд хийхээ мартаад хөдөлсөн байна лээ. Би тухайн хөгшин настай эмэгтэй миний машины чиргүүлд мөргүүлсний дараа үзэхэд чиргүүлийн бэхэлгээний төмөр зориулалтын нүхэндээ ороогүй байсан. Машины жолооч өөрөө машинаа хөдөлгөх үедээ тухайн төмөр бэхэлгээг хийх ёстой байдаг учраас дээрх үйлдэл нь миний буруутай явдал мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч Ц.Б-ын “…Өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Ж бид хоёр Дархан сумын 1 дүгээр баг Ж-ийн гэрээс 0973 ДАА улсын дугаартай Хюндай Голд маркийн тээврийн хэрэгслийн ард 2473 БЧ улсын дугаартай хулхи ногоон гэж нэрлэдэг чиргүүлтэй хамт Тес петролиумаас түлш авах гээд гарсан юм. Тухайн үед Ж машинаа барьж байсан, харин би хажуу талд нь суугаад явж байсан юм. Бид хоёр 17 цаг 10 минутын орчим гэж санаж байна, төмөр замын нүхэн гарц болон Анука гэдэг дэлгүүрийн урд талд явж байхад Ж чиргүүл салчихлаа, ээ гэж хэлэхээр нь би жолооч талын толинд харсан чинь чиргүүл машинаасаа салаад машинтай зэрэгцээд явж байсан, тэгээд Ж машиных нь чиргүүл хүн мөргөчихсөн гэдгийг харсан юм байна лээ, …Ж-ийн гэрийн хашаанд байхад Ж надад гарна гэдгээ хэлээгүй байж байгаад гэнэт чиргүүл холбочих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би 2743 БЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл холбочхоод гарахгүй хол явахгүй гэж бодоод түгжээ бэхэлгээ төмрийг нь хийгээгүй байж байсан чинь Ж гэнэт хашааны хаалга онгойлгочих гэж хэлээд машинаа хөдөлгөөд гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Гэрч Б.О-н “…Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний 17 цагийн орчим ажлаасаа тараад төмөр замын нүхэн гарцаар гараад ганцаараа явж байсан өөдөөс нэг эрэгтэй над руу гүйж ирээд дуудлагын цагдаа юу гэж асуухаар нь би харьж явна юу болсон бэ? гэж асуусан чинь миний машины чиргүүл машинаасаа салаад замын хажуугаар явж байсан хүнийг хамаад мөргөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 153 дугаартай “...С.А-н биед илэрсэн цээжний битүү гэмтэл, зүүн цээжний хөндийн цус хуралт, зүүн уушгины хавчил гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/,

Техникийн шинжээч Ш.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №1 дугаартай “...2743 Бч улсын дугаартай чиргүүл нь тоормосны системийн хийн холболт хийгдээгүй тул чиргүүлийн тоормосны эд анги нь ажиллагаагүй, ... 2743 БЧ улсын дугаартай FKB-817 маркийн чиргүүлийг замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн стандартыг мөрдөөгүй хөдөлгөөнд оролцсон. Тухайн чиргүүлийг автомашинд холбохдоо автомашины холбогч эмээлээс чиргүүлийг салахаас хамгаалсан түгжээг хийгээгүй хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад нөлөөлсөн байна”  гэх дүгнэлт /хх-ийн 98-99/,

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүрэг хүлээнэ, …а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчин 2743 Бч улсын дугаартай чиргүүлийг автомашинд холбохдоо автомашины холбогч эмээлээс чиргүүлийг салахаас хамгаалсан түгжээг хийгээгүй хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.А-г мөргөж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 112-113/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 17-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ж-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ж нь эмчилгээний зардалд 1,700,000 төгрөг төлсөн байх ба хохирогч С.А-н нотлох баримтаар гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлыг төлсөн байна.

 

Хохирогч цаашид гарах эмчилгээний зардалд 20,000,000 төгрөгнэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж,  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохооор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг  си-диг  хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ж-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Ч овогт Ц-ын Ж-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Ж-д мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хор, эмчилгээний болон бусад зардалд 1,700,000 төгрөг төлсөн, хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ж-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД