Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2022/00493

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Зуутраг овогт Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

     Ажилгүй байсан хугацааны цалин 5,768,016 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч: Б.Б,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5,768,016 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар анхан шатны шүүхийн шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн дагуу Увс аймгийн Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

     Үүнд: 1. 2022 оны 4 дүгээр сарын үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,

     2. 2022 оны 5 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,

     3. 2022 оны 6 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,

     4. 2022 оны 7 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,

     5. 2022 оны 8 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг,

     6. 2022 оны 9 дүгээр сар үндсэн цалин 569,585 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл /15 хувь/ 85,438 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, ажил хавсарсан нэмэгдэл 113,917 төгрөг, нийт 961,336 төгрөг, нийт 5,768,016 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

     2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 тоот захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтцийг хуулийн хүрээнд шинэчлэн тогтоосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Бүтэц шинэчлэн тогтоосон үндэслэл нь Тамгын газрын бүтэц орон тоо илүү, цалингийн сан хүрэлцэхгүй, илүү авсан хүмүүсээ барилгын хяналтын зардлаас санхүүжүүлж цалин олгодог байсан ба 2021 оноос барилгын хяналтын зардлын санхүүжилт зогссон. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж ирсэн. Энэ асуудлыг цэгцэлж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 43 тоот Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.7, 10.1.11-т заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан тогтоол, хуулийн заалтад нийцүүлэн ажилласан тул Б.Б-ын нэхэмжлэлд дурдсан дүнгээс олговол зохих үндсэн цалин хөлсийг бодож олгох боломжтой бусад нэмэгдэл, ажил хавсарсан нэмэгдэл зэргийг олгох боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Б.Б нь 2022 оны 3 дугаар сараас өөр ажилд томилогдон ажиллаж байгаа юм байна лээ. Би тушаалыг нь авч ирээгүй. Иймд 2022 оны 3 дугаар сараас хойших цалинг олгох боломжгүй гэжээ.

     3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 300 тоот шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

      4. Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5,768,016 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     Миний бие 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар анхан шатны шүүхийн шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөгийг Увс аймгийн Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах шийдвэр гарсан. Одоо 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин нийт 5,768,016 төгрөг гаргуулж мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

     ...Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сараас ажилд томилогдон ажиллаж байгаа юм байна лээ. Иймд 2022 оны 03 дугаар сараас хойших цалинг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 тоот Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 300 тоот шийдвэр зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   5. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Б.Б-ыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

    5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

    5.2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 300 тоот шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,638,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 1,110,690 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    6. Иймд нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

    7. Нэхэмжлэгч Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,768,016 төгрөг төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.

    8. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Б-ы нажилгүй байсан 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

     9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 107,238 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,768,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ы нажилгүй байсан 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 107,238 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БОЛОР