| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00263/И |
| Дугаар | 152/ШШ2022/00512 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2022/00512
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт А-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ББН-нд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Хариуцагч: Д.О,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц нь Увс аймгийн Улаангом сумын Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. А овогтой Ц миний бие Х өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. Тухайн өрхийн эмнэлэгт З жил мэргэжлээрээ ямар нэгэн алдаа, сахилгын болон их эмчийн ажлаараа ёс зүйн алдаа зөрчил гаргахгүй ажиллаж ирсэн. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Намайг ажлаас чөлөөлөхдөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар зогсоосон гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр З хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан, миний бие ажил үүргийн тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, тухайн зөрчлийн талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй, цар тахлын үед жирэмсэн хүнийг шууд ажлаас чөлөөлж эрх мэдлээ хэтрүүлэн хуульгүй мэт аашилсан. 2021 оны 01 дүгээр сард манай өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессежийг хулгайгаар уншиж, тэрхүү чатыг үндэслэн эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрхзүйн байдлын минь дордуулсан. Намайг ёс зүйн алдаа гаргасан, мөн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын албан бичиг зэргийг үндэслэж халсан. 2019 онд ажлаас халагдаж буцаад орсон. Тэр үед Мэргэжлийн хяналтын газарт шалгагдсан гэх 6 ширхэг өвчний түүхийн асуудал шийдвэрлэгдчихсэн. Уг өвчний түүхүүд нь Эрүүл мэндийн яамны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалтай байгаа ба 2019 оны 12 дугаар сарын 30-нд шинэчлэгдээд А600 гэх маягт болсон. Өмнөх шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн асуудлыг дахин гаргаж ирж ажлаас халах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот Х ББН-ийн даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс аймгийн Х өрхийн эмнэлгийн их эмчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь А.Ц-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1, 123.2, 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4, Хөдөлмөрийн гэрээний 4.23, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт зэргийг баримталж ажлаас чөлөөлсөн. Тушаах хэсэгтээ эмнэлгийн мэргэжлийн Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж дурдсан. А.Ц ажиллаж байх хугацаандаа ёс зүйн алдаа гаргаж байгаагүй. А.Ц-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй гэрээ байна. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар заалтыг барьж ажлаас чөлөөлсөн. Энэ заалтыг сахилгын шийтгэл гаргасан тохиолдолд хэрэглэнэ. А.Ц-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээний 4.23-д заалтыг барьсан. Хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4-д заасныг баримталсан тус заалтад ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн байгууллагад дагаж мөрдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчлийн хор уршиг шинж байдлыг харгалзан сануулах, үр дүнгийн нэмэгдэл цалин олгохгүй байх, үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар бууруулах, ажлаас чөлөөлөх гэх мэт маш олон үндэслэл байгаагийн яг алиныг нь зөрчсөнийг тогтоогоогүй. Хэрэв А.Ц-ийн ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан. Гэтэл сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хамт ажилладаг хүмүүстэйгээ бичсэн хувь чатнаас болж ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүний хувийн орон зайд бичигдсэн хувь чатнаас болж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж А.Ц-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан. Иймд Х Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ц-ийг Х Өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 7, 12 дугаар багийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Х ББН-ийн дарга Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Ц дээд боловсролтой их эмч хүн байж бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж манлайлан тодорхой нэр бүхий чатад байгууллагын санхүүгийн нууц, хамт олны тухай, удирдлагаа доромжилсон чатуудыг бичиж эмнэлгийн мэргэжилтний ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ нь Увс аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны шалгалтаар нотлогддог. Би 2021 онд ээлжийн амралтаа аваад 8 дугаар сард ажилдаа буцаж орохдоо өөрийнхөө ашиглаж байсан компьютер дээрээс нэр бүхий 5 группын чатуудыг олж хараад намайг ээлжийн амралттай байх хооронд А.Ц байгууллагын тамгыг ашиглаад нөхөрлөлөөс гишүүн нэмж хасах үйлдэл гаргасан асуудлыг хамтатган Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан. Эдгээртэй холбоотой бүх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай Ө ЭМТөв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн байгууллага юм. Тухайн байгууллагын ажилчдын 70-аас дээш хувь нь нөхөрлөлд орж байж нөхөрлөл байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нөхөрлөлийн гишүүнд хүний нэр байдаг. Гэтэл А.Ц намайг ээлжийн амралттай байх хооронд байгууллагын бланк тамгыг ашиглан нөхөрлөлөөс гишүүн хасах, заримыг нь нэмэх, тушаал шийдвэр биччихсэн байсан. Мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн А.Ц-ийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай дүгнэлт байгаа. Х ӨЭМТөв нь эрүүл мэндийн даатгалаас 4 багц тусламж, үйлчилгээ авдагт өдрийн эмчилгээ багтдаг. А.Ц нь 2020 онд Сампин, Долгорсүрэн, Тогтуур, Дамиран, Нямаа, Цэвэлмаа, Дарьжав гэсэн хүмүүс тээд стор нээгээд программдаа оруулалгүйгээр байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Миний хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.Ц-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гаргасан. А.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр их эмчийн ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Хуулийн дагуу А.Ц нь 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5 сарын дараа гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлснийг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд А.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороо А.Ц-ийг эмч эмнэлгийн ажилтны ёс дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөнийг тогтоосон. Үүнд сторыг хууль бусаар бичиж эм тариа тараадаг, ёс зүйтэй байх агуулгыг зөрчиж фейсбүүкийн групп чатууд үүсгэж, байгууллага болон даргаа доромжилдог, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг үйлдлүүд багтаж байна. Уг шалгалт явагдаж, шалгалтын мөрөөр Х ӨЭМТ-д яриа хийгдэж, Ёс зүйн хорооны даргаас зөрчил гаргасан ажилтнуудад хариуцлага тооцох тухай албан бичгийг ирүүлсэн. Хариуцагч нь А.Ц-ийг ямар алдаа зөрчил гаргасныг тогтоогүй байж ажлаас халаагүй, дээд шатны байгууллагаас ирсэн албан бичгийг үндэслэж зарим ажилтнуудад хариуцлага тооцож тушаал гаргасан учир Х ӨЭМТ-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасныг баримтлах ёстой гэх тайлбар гаргаад байна, А.Ц-ийн ёс зүйн зөрчил гаргасныг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороо болон Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн А.Ц шүүхэд хандахдаа анхан шатны шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 3 сар, 19 хоног өнгөрсөн хойно гомдлоо гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, УДШ 33 дугаар тогтоолд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалаагүй асуудлаас болж хугацаа хэтэрсэн, ажил олгогч хөөн хэлэлцэх хугацаа дуусан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №185 тоот албан бичиг, Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 тоот Иргэн А.Ц танаа гэх албан тоот, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 660 тоот шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны гаргасан дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот Х өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Од гэх албан бичиг, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 60 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 275 тоот Увс аймгийн Х өрхийн эрүүл мэндийн төвд гэх албан бичиг, эмнэлгийн хуудас №1454824, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлөөс зарим гишүүдийг хасаж, шинээр гишүүн нэмж оруулах тухай тогтоол, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийг хөрөнгө шинэчлэх, хөрөнгө оруулалтыг бүртгэх нөхөрлөлийн гэрээ байгуулах тухай тогтоол, нөхөрлөл үүсгэх байгуулах гэрээ, чатнаас хуулбарласан гэх 30 хуудас баримт, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн Нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20-03-015/136 тоот Хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд хяналт хийсэн тухай дүгнэлт, Х өрхийн эмнэлэгт өргөдөл гаргах нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 5-р багийн иргэн гэх өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Ц-ийн бичсэн 1 хуудас баримт, Х өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, А.Ц-ийн хөдөлмөрийн гэрээ, Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо, цалин тогтоох тухай тушаал, хавсралт 2 хуудас, Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/51 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц-ийн хариуцагч Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...А.Ц миний бие Х өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. Тухайн өрхийн эмнэлэгт З жил мэргэжлээрээ ямар нэгэн алдаа, сахилгын болон их эмчийн ажлаараа ёс зүйн алдаа зөрчил гаргахгүй ажиллаж ирсэн. Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Намайг ажлаас чөлөөлөхдөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар зогсоосон гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр З хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан, миний бие ажил үүргийн тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, тухайн зөрчлийн талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй, цар тахлын үед жирэмсэн хүнийг шууд ажлаас чөлөөлж эрх мэдлээ хэтрүүлэн хуульгүй мэт аашилсан. 2021 оны 01 дүгээр сард манай өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессежийг хулгайгаар уншиж, тэрхүү чатыг үндэслэн эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрхзүйн байдлын минь дордуулсан. Намайг ёс зүйн алдаа гаргасан, мөн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын албан бичиг зэргийг үндэслэж халсан. 2019 онд ажлаас халагдаж буцаад орсон. Тэр үед Мэргэжлийн хяналтын газарт шалгагдсан гэх 6 ширхэг өвчний түүхийн асуудал шийдвэрлэгдчихсэн. Уг өвчний түүхүүд нь Эрүүл мэндийн яамны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалтай байгаа ба 2019 оны 12 дугаар сарын 30-нд шинэчлэгдээ А600 эх маягт болсон. Өмнөх шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн асуудлыг дахин гаргаж ирж ажлаас халах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01тоот Х ББН-ийн даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс аймгийн Х өрхийн эмнэлэгийн их эмчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...А.Ц дээд боловсролтой их эмч хүн байж бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж манлайлан тодорхой нэр бүхий чатад байгууллагын санхүүгийн нууц, хамт олны тухай, удирдлагаа доромжилсон чатуудыг бичиж эмнэлгийн мэргэжилтний ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ нь Увс аймгийн эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны шалгалтаар нотлогддог. Би 2021 онд ээлжийн амралтаа аваад 8 дугаар сард ажилдаа буцаж орохдоо өөрийнхөө ашиглаж байсан компьютер дээрээс нэр бүхий 5 группын чатуудыг олж хараад намайг ээлжийн амралттай байх хооронд А.Ц байгууллагын тамгыг ашиглаад нөхөрлөлөөс гишүүн нэмж хасах үйлдэл гаргасан асуудлыг хамтатган Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан. Эдгээртэй холбоотой бүх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай ӨЭМТөв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн байгууллага юм. Тухайн байгууллагын ажилчдын 70-аас дээш хувь нь нөхөрлөлд орж байж нөхөрлөл байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нөхөрлөлийн гишүүнд хүний нэр байдаг. Гэтэл А.Ц намайг ээлжийн амралттай байх хооронд байгууллагын бланк тамгыг ашиглан нөхөрлөлөөс гишүүн хасах, заримыг нь нэмэх, тушаал шийдвэр биччихсэн байсан. Мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн А.Ц-ийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай дүгнэлт байгаа. Х ӨЭМТөв нь эрүүл мэндийн даатгалаас 4 багц тусламж, үйлчилгээ авдагт өдрийн эмчилгээ багтдаг. А.Ц нь 2020 онд Сампин, Долгорсүрэн, Тогтуур, Дамиран, Нямаа, Цэвэлмаа, Дарьжав гэсэн хүмүүс тээд стор нээгээд программдаа оруулалгүйгээр байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Миний хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.Ц-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гаргасан. А.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр их эмчийн ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Хуулийн дагуу А.Ц нь 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5 сарын дараа гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлснийг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд А.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 тоот Иргэн А.Ц танаа гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч А.Ц нь Х ББН-д их эмчээр ажиллаж байгаад нь Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалаар их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
6. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн талбараар, мөн тушаалыг танилцаад 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад хандсан болох нь тогтоогдож байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 тоот Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо нь Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар захирамжаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм-ийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан. Шинэчилсэн дүрмийн дагуу Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй байгаа тул тухайн маргааныг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж байна. Иймд та хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь заалтын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх албан бичгээр тус тус тогтоогджээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж тус тус заасан ба Увс аймгийн Улаангом суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.
8. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.
8.1. Хугацааг тодорхойлох, тоолох ерөнхий журмыг Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт хуульчилсан ба Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эхлэн тоолно, 73 дугаар зүйлийн 73.1-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацаа 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.
8.2. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ББН-д холбогдох Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А.Ц-ийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүйг дурдав.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
10. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 272 тоот Иргэн А.Ц танаа гэх албан тоот, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 660 тоот шийдвэр, мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны гаргасан дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот Х өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Од гэх албан бичиг, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 60 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 275 тоот Увс аймгийн Х өрхийн эрүүл мэндийн төвд гэх албан бичиг, эмнэлгийн хуудас №1454824, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлөөс зарим гишүүдийг хасаж, шинээр гишүүн нэмж оруулах тухай тогтоол, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийг хөрөнгө шинэчлэх, хөрөнгө оруулалтыг бүртгэх нөхөрлөлийн гэрээ байгуулах тухай тогтоол, нөхөрлөл үүсгэх байгуулах гэрээ, чатнаас хуулбарласан гэх 30 хуудас баримт, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн Нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20-03-015/136 тоот Хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд хяналт хийсэн тухай дүгнэлт, Х өрхийн эмнэлэгт өргөдөл гаргах нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 5-р багийн иргэн гэх өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Ц-ийн бичсэн 1 хуудас баримт, Х өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам, А.Ц-ийн хөдөлмөрийн гэрээ, Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо, цалин тогтоох тухай тушаал, хавсралт 2 хуудас, Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/51 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхээс тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ц-ийн хариуцагч Х ББН-д холбогдох Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР