Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2022/00513

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: С овогт Г-ийн Л-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: х нисэх буудалд холбогдох,

    Х нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан Шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: Г.Л,

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нямжав,

     Хариуцагч: Л.Э,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Г.Л нь Х нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан Шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Г овогтой Л миний бие 1972 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Х нисэх буудалд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр анх Аэродромын сахиулаар ажилд орсноос хойш тасралтгүй 13 жил ажилласан ба ажиллах хугацаандаа сахилгын ямар нэг зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ирсэн. Мөн байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байсан. Ажиллаж байх хугацаанд миний ажлын байрны нэршил Шувууны хяналтын ажилтан, сахиул гэж өөрчлөгдсөн. Гэтэл нисэх буудлын дарга Л.Э 2021 оны 12 дугаар сараас эхлэн намайг дарамтлан, ажлын байрны дарамт үзүүлж, өрөөндөө дуудаж оруулан дарамт шахалт үзүүлсээр, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж шаардсаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичүүлж аваад намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Ингэж дарамт үзүүлэхдээ дараах шаардлагуудыг тавьсан. Үүнд: Ажлын байранд бакалаврын зэрэгтэй ажилтан байх ёстой гэсэн. Гэтэл энэ шаардлага нь миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй, энэ шаардлагыг таарах болгондоо дахин дахин хэлж байсан. Дарга Л.Э 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өрөөндөө дуудаж оруулаад Та хүсэлтээ өгчих, гэхдээ ажлаас халагдана гэж бичиж болохгүй, /чөлөөлөгдөнө/ гэж бичээрэй гэж удаа дараа хэлж шаардаж байсан. Ингээд би аргагүй эрхэнд миний ажлын байранд дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй хүн байх ёстой юм болов уу гэж бодоод надад таарах ажил өгөх байх гэж бодсоны үндсэн дээр хүсэлт бичиж өгсөн. Эцэст нь энэ хүсэлтийг далимдуулж, хүсэлт өгснөөс хойш 66 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргасан. Л.Э Х нисэх буудлын дарга болсноос хойш өөрийн хамаатан садангаа ажлын байрны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалын давуу байдлаа ашиглан олон хүнийг шууд ажилд авсан. Жишээ нь: Цахилгааны инженер технологийн жолооч, миний ажлын байранд орсон хүмүүсийг нэрлэж болно. Миний ажлын байранд орсон энэ хүн нь төрөл садан, овог нэгтэн. Ажлын байрны тавигдах шаардлагад заасан 6 сараас доошгүй ажилласан байх, галт зэвсэг эзэмших, харьцаж сурсан байх гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн нэхээд байсан бакалаврын диплом ч байхгүй, үүгээр ч зогсохгүй ажилтан алба хаагчдын ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж тушаал шийдвэр гаргадаг. Жишээ нь: Цахилгааны инженер-Технологийн жолооч, галын бүлгийн ахлагч-бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч зэргийг дурдаж болно. Дээрх дарамт шахалт үзүүлж байхад 13 жил ажиллахдаа сахилгын арга хэмжээ авагдаагүй байсан болно. Намайг ажлын доголдол, сахилгын зөрчил гаргаагүй байхад өөрийн бодлоо тулгаж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие оюутан хүүхэдтэй, эхнэр ажилгүй гэж хэлж учирлаж байсан болохоор ажлаас хална гэж бодоогүй тохирсон ажилд томилно гэж бодсон. Иймд Х нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Л намайг Х нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Л-г Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шахалт, зүй бус шаардлага, нөлөөлөл зэрэг хөндлөнгийн ямар нэгэн оролцоогүйгээр, хугацаатай буюу, хугацаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, ажилтнаас зөвхөн сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Г.Л-ийн хувьд хүсэлтээ гаргасан боловч өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй тухайгаа тайлбартаа ч гаргаж байна. Г.Л-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Х нисэх буудлын захиралд хандан бичсэн өргөдөлд Г.Л миний бие тус байгууллагад 13 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн техникийн бөгөөд сахилын зөрчил гаргаж байгаагүй. Одоо өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авна уу гэсэн байна. Хэрэв ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичсэн бол ямар нэгэн тайлбар бичих шаардлагагүй яагаад чөлөөлөгдөх гэж байгаа шалтгаанаа бичих байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан. Г.Л хүсэлтээ өгөөд 68 хоногийн дараа ажлаас гарч тушаалаа гардаж авсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.3-д Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж заасныг үндэслэсэн хүсэлт өгснөөс хойш 30 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэх ёстой байсан. Иймд Х нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Л-г шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч Х нисэх буудлын дарга Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г.Л-ээс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

   1. Нэхэмжлэл гаргагч нь дарааллын хувьд ИНЕГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор хэлэлцүүлж дараа нь Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандаж эцэст нь шүүхэд хандах учиртай. ИНЕГ-ын ХЭМТК хуралдсан эсэх талаар баримт, хурлын тэмдэглэлийг харгалзах ёстойг нь нягталж үзнэ үү.

    2. Нэхэмжлэгч Г.Л-г ажлаас чөлөөлсөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан өөрөө 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлж өргөдөл өгсөн. Өргөдлийг ажил олгогчийн шахалтаар бичсэн, өөрийн хүсэлт зоригоо илэрхийлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй, ажилтан өргөдөл түүний агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй. Юуг бичих, бичихгүй байх нь өөрийнх нь эрхийн асуудал. Үүнд хэн нэгэн хүн нөлөөлөхгүй. Ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийн дагуу ажил олгогч шийдвэрээ гаргасан. Уг шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасан 30 хоногийн эрх бол ажилтны эрхийг зохицуулсан заалт юм. Ажил олгогчийн зүгээс түр хугацаанд ажиллуулах тухай ярилцаж, ажилтан зөвшөөрсөн. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст энэ тухай тайлбараа гаргасан. Энэ тухай талуудад маргаан байдаггүй. Шийдвэр гаргах 30 хоногийн хугацаа өнгөрч, ажилтан ажлын байраа орхиж яваагүй, ажил олгогч өөрөө ажиллах хугацаагаа сунгасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 79.3-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот Г.Л-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 419 тоот Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 тоот Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.Л-ийн Х нисэх буудлын захиргаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     6. Хариуцагчаас Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот Г.Л-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Г.Л-ийн Х нисэх буудлын захиргаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлт гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг бичгийн нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Г.Л-ийн хариуцагч Х нисэх буудалд холбогдох Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Л-г шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    ...Х нисэх буудлын дарга Л.Э 2021 оны 12 дугаар сараас эхлэн намайг дарамтлан, ажлын байрны дарамт үзүүлж, өрөөндөө дуудаж оруулан дарамт шахалт үзүүлсээр, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж шаардсаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичүүлж аваад намайг ямарч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Ингэж дарамт үзүүлэхдээ дараах шаардлагуудыг тавьсан. Үүнд: Ажлын байранд баклаврын зэрэгтэй ажилтан байх ёстой гэсэн. Гэтэл энэ шаардлага нь миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй, энэ шаардлагыг таарах болгондоо дахин дахин хэлж байсан. Дарга Л.Э 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өрөөндөө дуудаж оруулаад Та хүсэлтээ өгчих, гэхдээ ажлаас халагдана гэж бичиж болохгүй, /чөлөөлөгдөнө/ гэж бичээрэй гэж удаа дараа хэлж шаардаж байсан. Ингээд би аргагүй эрхэнд миний ажлын байранд дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй хүн байх ёстой юм болов уу гэж бодоод надад таарах ажил өгөх байх гэж бодсоны үндсэн дээр хүсэлт бичиж өгсөн. Эцэст нь энэ хүсэлтийг далимдуулж, хүсэлт өгснөөс хойш 66 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргасан. Намайг ажлын доголдол, сахилгын зөрчил гаргаагүй байхад өөрийн бодлоо тулгаж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие оюутан хүүхэдтэй, эхнэр ажилгүй гэж хэлж учирлаж байсан болохоор ажлаас хална гэж бодоогүй тохирсон ажилд томилно гэж бодсон. Иймд Х нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Л намайг Х нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

  ...1. Нэхэмжлэл гаргагч нь дарааллын хувьд ИНЕГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор хэлэлцүүлж дараа нь Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандаж эцэст нь шүүхэд хандах учиртай. ИНЕГ-ын ХЭМТК хуралдсан эсэх талаар баримт, хурлын тэмдэглэлийг харгалзах ёстойг нь нягталж үзнэ үү.

    2. Нэхэмжлэгч Г.Л-г ажлаас чөлөөлсөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.Л нь Х нисэх буудалд шувууны хяналтын ажилтан, сахиулаар томилогдон ажиллаж байгаад тус нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот Г.Л-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар түүнийг шувууны хяналтын ажилтан, сахиулын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

     5. Нэхэмжлэгч Г.Л-ийн Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

     6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Г.Л нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй болох нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 тоот хурлын тэмдэглэлээр нотлогджээ.

     Мөн Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 419 тоот Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх албан бичгээр тогтоогджээ.

    7. Нэхэмжлэгч Г.Л-г Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.3 дахь заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.28 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь надад ажлын байрны дарамт үзүүлж, өрөөндөө дуудаж оруулан ажлаас чөлөөлөх хүсэлт бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй.

   Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, мөн хуулийн 79.3-т Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж заажээ. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр буюу 68 хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба хуулийн зохицуулалтаас харахад ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тооцохоор заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 нь энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас буюу 30 хоногоос өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болох зохицуулалт юм. Гэтэл ажил олгогч нь 68 хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.28-т Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндсэн эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ гэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй бөгөөд ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

    8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Л-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь нотлогдож байх тул Х нисэх буудалд холбогдох Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот Г.Л-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Г.Л-г Х нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х нисэх буудлаас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Х нисэх буудалд холбогдох Х нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 тоот Г.Л-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Г.Л-г Х нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х нисэх буудлаас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БОЛОР