Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2022/00521

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Х овогт Н-ийн А-ийн,

     Хариуцагч: Х ББН-д холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: Н.А,

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

     Хариуцагч: Д.О,

     Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг /цахимаар/,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Н.А нь Увс аймгийн Улаангом сумын Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Н.А миний бие Х өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. Би улсад 22 жил ажилласан, тухайн өрхийн эмнэлэгт 9 жил мэргэжлээрээ ямар нэгэн алдаа, сахилгын болон сувилагчийн ажлын талаараа ёс зүйн алдаа зөрчил гаргахгүй ажиллаж ирсэн. Гэтэл манай өрхийн эмнэлгийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал өгсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр миний хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар зогсоосон гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан. Би ажиллаж байх хугацаандаа ёс зүйн дүрэм зөрчиж, үйлчлүүлэгчийн бичиг баримт, нууцыг цахим болон бусад хэлбэрээр ард иргэдэд цацаагүй. Намайг ажлаас халчхаад дотоод журмыг хуурамчаар нөхөж хийсэн гэж бодож байна. Надтай 2022 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөнөө би мэдэхгүй байна. Миний хөдөлмөрлөх эрхэд халдаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ажил үүргийн тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, тухайн зөрчлийн талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй. 2021 оны 01 дүгээр сард манай өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессежийг хулгайгаар уншиж, тэрхүү мессежийг үндэслэн эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг минь дордуулсан. Групп чатын хувьд 2020 онд бичиж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Х ББН-ийн даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс аймгийн Х өрхийн эмнэлгийн сувилагчийн ажилд буцааж эгүүлэн томилж өгнө үү... гэжээ.

     2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А-г 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний үйлчлүүлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар 123.1, 123.2, 123.2.5 заалт, Эрүүл мэндийн яамны сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4г, хөдөлмөрийн гэрээний 4.23 дахь заалтуудыг үндэслэж тушаал гаргасан. Ажил олгогч уг хууль болон актуудыг хэрэглэхдээ Н.А яг ямар заалтыг яаж зөрчсөн нь тогтоогдоогүй. Гэтэл Н.А-г ёс зүйн зөрчил гаргасныг ажилтнуудын хооронд бичсэн фэйсбүүкийн групп чатыг үндэслэл болгож, ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Н.А-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг хэрэглэж халахдаа Н.А нь хэзээ ямар ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож байж хэрэглэх ёстой байсан. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргасныг хангалттай, тодорхой тогтоож, ажлаас шууд чөлөөлөх үндэслэлийг тогтоож Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр заалтыг барих ёстой. Уг чат нь 2020 оны үй явдал байдаг, Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил хэзээ гарсныг тоолох хугацаа байдаг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг авч хэлэлцээгүй хавтгайруулан ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд ХӨЭМТ-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.А-г ХӨЭМТ-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     3. Хариуцагч Х ББН-ийн дарга Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа ямар нэг сахилгын болон сувилагчийн ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэжээ. Н.А манай байгууллагад сувилагчийн ажил эрхэлж байсан. Н.А байгууллагын дотоод дүрэм, журам болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, өөрийнхөө дураар аашилдаг ажилтан болохыг ажилчид бүгд гэрчилнэ. Байгууллагын хурал цуглаан дээр ёс зүйгүй үйлдлийг байнга гаргаж байсан бөгөөд тухайн үед нь өөрт нь сануулж байсан. Нэхэмжлэгч Н.А нь сувилагч хүнд байх ёс зүйгүй зөрчил гаргаж байсан учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Н.А өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чатыг хулгайгаар уншиж намайг ажлаас халсан үндэслэлгүй гэжээ. Н.А тухайн байгууллагын хамт олныг талцуулан бутаргах үйл ажиллагааг байнга явуулж хамт олны багаар ажиллах уур амьсгалыг алдагдуулж байсан. Мөн хамт олныг хэдэн хэсэг болгон хувааж янз бүрийн нэртэй групп чат нээж намайг зүй бусаар доромжилж байсныг хамт олон гэрчилнэ. Би Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд амралтаа авсны хойно нөхөрлөлийн хурал зохиол байгуулсан, тестийн мөнгө завшсан, мөн групп чат үүсгэж ёс бус үг хэллэгээр намайг болон байгууллагыг доромжилсон, нэр төрд халдсан зэрэг асуудлуудыг хөндөж ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоолгохоор хандахад 2021 оны 12 дугаар сарын 09-нд хуралдаад ёс зүйн зөрчил мөн гэж тогтоосон ба энэ нь тухайн хурлын тэмдэглэлд байгаа. Нэхэмжлэгч тал ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна гээд байна. Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хороо хуралдаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдох албан тушаалтнуудад тохирсон арга хэмжээ авч ажиллана уу гэх албан тоотын дагуу ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Бүх албан хаагч нартай 2022 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн дотоод журмыг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шинэчилж бүх ажилтнуудаас танилцуулж, гарын үсгийг нь зуруулаад баталсан. Иймд миний гаргасан тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А-г Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зөрчил гаргасан тухай хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 4.23-д ёс зүйн зөрчил гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Үүнд: Үйлчлүүлэгчийн нууцыг алдагдуулах, худал мэдээлэл тараах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон. Хамт олныг эв нэгдлийг үймээн бутаргасан, зохион байгуулалттай арга хэмжээ явуулсан, бусдын нэр хүндийг гутаасан бол ёс зүйн зөрчил гаргасан гэж үзнэ гэж заасан. Мөн Цагдаагийн байгууллагаас Н.А Х Өрхийн эрүүл мэндийн төвд 172.200 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн болохыг тогтоосон холбогдох эрх зүйн акт гаргасан. Энэ нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Увс аймаг дахь Прокурорын газрын тогтоолоор тогтоогдож байгаа юм. Дээрх зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэх гэрээ байгуулсан тул Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай тушаал үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 39 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    6. Хариуцагчаас Х ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ӨЭМТ-ийн дотоод журам, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг танилцуулах хурлын тэмдэглэл, Х ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 тоот Хөрөнгө зарцуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/15 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/08 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.А-ийн Х ӨЭМТ-ийн дарга Д.Од ...уучлалт гуйж эвлэрч хамтарч ажиллана гэх бичиг, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Х ББН-ийн даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/05 Дотоод хяналтын багийг өөрчлөн байгуулах тухай тушаал, 2021 он ажлын үнэлгээ дүгнүүлсэн баримт, Х ББН-ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/11 Ажил хавсарсны нэмэгдэл олгох тухай тушаал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичиг, Эрүүгийн хэргийн төв архивыг үйлчилгээний хөлс хураасан баримт, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 60 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х ӨЭМТ-ийн нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Х ӨЭМТ-ийн нөхөрлөлийн хурал №3, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооноос 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот Хөрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Од гэх албан бичиг, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл, Х ӨЭМТөвийн нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл №4, ХББН нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн Нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг бүртгэх нөхөрлөлийн гэрээ байгуулах тухай тогтоол, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлөөс зарим гишүүдийг хасаж, шинээр гишүүн нэмж оруулах тухай тогтоол, нөхөрлөл үүсгэх байгуулах гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Х өрхийн эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл, нийт 91 хуудас чатнаас хуулбарласан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Н.А-ийн хариуцагч Х ББН-нд холбогдох Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.А-г Х ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Н.А миний бие Х өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. Би улсад 22 жил ажилласан, тухайн өрхийн эмнэлэгт 9 жил мэргэжлээрээ ямар нэгэн алдаа, сахилгын болон сувилагчийн ажлын талаараа ёс зүйн алдаа зөрчил гаргахгүй ажиллаж ирсэн. Гэтэл манай өрхийн эмнэлгийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал өгсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр миний хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар зогсоосон гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан. Би ажиллаж байх хугацаандаа ёс зүйн дүрэм зөрчиж, үйлчлүүлэгчийн бичиг баримт, нууцыг цахим болон бусад хэлбэрээр ард иргэдэд цацаагүй. Намайг ажлаас халчхаад дотоод журмыг хуурамчаар нөхөж хийсэн гэж бодож байна. Надтай 2022 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөнөө би мэдэхгүй байна. Миний хөдөлмөрлөх эрхэд халдаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ажил үүргийн тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, тухайн зөрчлийн талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй. 2021 оны 01 дүгээр сард манай өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чат мессежийг хулгайгаар уншиж, тэрхүү мессежийг үндэслэн эмнэлгийн ажилтны ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх зүйн байдлыг минь дордуулсан. Групп чатын хувьд 2020 онд бичиж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Х ББН-ийн даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Увс аймгийн Х өрхийн эмнэлгийн сувилагчийн ажилд буцааж эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Нэхэмжлэгч Н.А нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа ямар нэг сахилгын болон сувилагчийн ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэжээ. Н.А манай байгууллагад сувилагчийн ажил эрхэлж байсан. Н.А байгууллагын дотоод дүрэм, журам болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, өөрийнхөө дураар аашилдаг ажилтан болохыг ажилчид бүгд гэрчилнэ. Байгууллагын хурал цуглаан дээр ёс зүйгүй үйлдлийг байнга гаргаж байсан бөгөөд тухайн үед нь өөрт нь сануулж байсан. Нэхэмжлэгч Н.А нь сувилагч хүнд байх ёс зүйгүй зөрчил гаргаж байсан учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Н.А өрхийн эмнэлгийн ажилтнуудын хувийн орон зайгаа илэрхийлсэн групп чатыг хулгайгаар уншиж намайг ажлаас халсан үндэслэлгүй гэжээ. Н.А тухайн байгууллагын хамт олныг талцуулан бутаргах үйл ажиллагааг байнга явуулж хамт олны багаар ажиллах уур амьсгалыг алдагдуулж байсан. Мөн хамт олныг хэдэн хэсэг болгон хувааж янз бүрийн нэртэй групп чат нээж намайг зүй бусаар доромжилж байсныг хамт олон гэрчилнэ. Би Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд амралтаа авсны хойно нөхөрлөлийн хурал зохиол байгуулсан, тестийн мөнгө завшсан, мөн групп чат үүсгэж ёс бус үг хэллэгээр намайг болон байгууллагыг доромжилсон, нэр төрд халдсан зэрэг асуудлуудыг хөндөж ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоолгохоор хандахад 2021 оны 12 дугаар сарын 09-нд хуралдаад ёс зүйн зөрчил мөн гэж тогтоосон ба энэ нь тухайн хурлын тэмдэглэлд байгаа. Нэхэмжлэгч тал ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна гээд байна. Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хороо хуралдаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдох албан тушаалтнуудад тохирсон арга хэмжээ авч ажиллана уу гэх албан тоотын дагуу ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Бүх албан хаагч нартай 2022 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн дотоод журмыг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шинэчилж бүх ажилтнуудаас танилцуулж, гарын үсгийг нь зуруулаад баталсан. Иймд миний гаргасан тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   4.1. Х ББН-нд холбогдох Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 3, 6-р зүйл, Х өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4г дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4.23 дахь заалтуудыг тус тус үндэслэн сувилагч Н.А-г эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөөгүй, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

   4.2. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.23-т Үйлчлүүлэгчийн нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргаг зохион байгуулалттай арга хэмжээ явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны нэр хүндэд хохирол учруулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгохоор заажээ.

    4.3. Хөдөлмөрийн дотоод журмын 1.9.4-д Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн байгууллагад дагаж мөрддөг Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тохиолдлуудад гаргасан зөрчлийн шинж байдал, хор хохирлыг харгалзан дараах төрлийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба уг журмын 1.9.4г-д ажлаас халах-аар заажээ.

   4.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх нэрлэн заасан зөрчлүүдээс нэхэмжлэгч аль зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан талаар, мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, ажил, албан үүргээ хэзээ биелүүлээгүй талаар тус тус заагаагүй байна.

   4.5. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т тус тус нэрлэн заасан. Гэтэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан эдгээр үндэслэлээс тохирохыг баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

      5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба нэхэмжлэгч Н.А нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     5.1. Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 39 тоот албан бичгээр тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

   6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалыг хүчингүй болгож, Н.А-г Х ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

     7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х ББН-өөс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

    8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй, мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 тоот Хөрөнгө зарцуулах тухай тушаал, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/15 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Увс аймаг Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/08 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.А-ийн Х ӨЭМТ-ийн дарга Д.Од ...уучлалт гуйж эвлэрч хамтарч ажиллана гэх бичиг, Увс аймаг Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Х ББН-ийн даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/05 Дотоод хяналтын багийг өөрчлөн байгуулах тухай тушаал, 2021 он ажлын үнэлгээ дүгнүүлсэн баримт, Х ББН-ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/11 Ажил хавсарсны нэмэгдэл олгох тухай тушаал, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 60 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х ӨЭМТ-ийн нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Х ӨЭМТ-ийн нөхөрлөлийн хурал №3, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Х ӨЭМТөвийн нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл №4, Х ББН нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Увс Х өрхийн эрүүл мэндийн төвийн Нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлийн гишүүдийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг бүртгэх нөхөрлөлийн гэрээ байгуулах тухай тогтоол, Х ББН-ийн гишүүдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нөхөрлөлөөс зарим гишүүдийг хасаж, шинээр гишүүн нэмж оруулах тухай тогтоол, нөхөрлөл үүсгэх байгуулах гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Х өрхийн эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын хурлын тэмдэглэл гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй, нийт 91 хуудас чатнаас хуулбарласан гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс тус тус үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х ББН-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалыг хүчингүй болгож, Н.А-г Х ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлаас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БОЛОР