| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00532/И |
| Дугаар | 152/ШШ2022/00532 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2022/00532
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х газарт холбогдох,
Ажилгүй байсан 5 сар, 20 хоногийн хугацааны цалин 4,666,757 төгрөг, ур чадвар 834,964 төгрөг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.М,
Хариуцагч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М нь Х газарт холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,145,265 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ц.М миний бие Хгазарт 11 жил ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоолгож, Хгазрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 тоот тушаалаар ажилдаа буцаж орсон. Иймд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,145,265 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах шаардлага гаргасан. Мөн ажлын байрны дарамтаас болж бие өвдөж мэдрэлийн гаралтай өвдөлтүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд Улаанбаатар хот болон гадаад улс орнуудад явж эмчилгээ оношлогоо хийлгэх, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж нэхэмжилж байна... гэжээ.
2. Хариуцагч Х газрын дарга Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.М-д 4 сарын хугацаанд авах цалинг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. 5 сард ээлжийн амралтын цалинг 24 хоногоор бодож олгосон. Мөн түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бодож төлсөн. Нийтдээ 5 сар, 2 хоногийн цалин хөлс, нийгмийн даатгалын хамт бодогдож олгогдсон. Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвх санаачилга, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгодог гэж заасан. Ц.М нь Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д заасан жолоочийн ур чадварын нэмэгдлийг олгох шалгуур үзүүлэлт, нэмэгдэл олгох заалтуудыг хангаагүй, жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх тул ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй юм. Одоо 18 хоногийн цалин олгох боломжтой. Ажлаас халагдсанаас болоод эрүүл мэнд нь муудсан гэж үзэхгүй байгаа тул 100,000,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, цалингийн тооцооны карт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот магадлал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Улсын Хтэргүүний ажилтан тэмдгийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас цалин олгох хүснэгт, Хгазрын цалингийн тооцооны хүснэгт №05/01, төлбөрийн хүсэлт №81, Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46/1154 тоот албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М-ын хариуцагч Х газарт холбогдох 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,145,265 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзав.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ц.М миний бие Хгазарт 11 жил ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоолгож, Х газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 тоот тушаалаар ажилдаа буцаж орсон. Иймд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,145,265 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Ц.М-д 4 сарын хугацаанд авах цалинг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. 5 сард ээлжийн амралтын цалинг 24 хоногоор бодож олгосон. Мөн түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн бодож төлсөн. Нийтдээ 5 сар, 2 хоногийн цалин хөлс, нийгмийн даатгалын хамт бодогдож олгогдсон. Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвх санаачилга, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгодог гэж заасан. Ц.М нь Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-д заасан жолоочийн ур чадварын нэмэгдлийг олгох шалгуур үзүүлэлт, нэмэгдэл олгох заалтуудыг хангаагүй, жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх тул ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй юм. Одоо 18 хоногийн цалин олгох боломжтой гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Ц.М-ыг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Х газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5.2. Х газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 тоот Ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар Ц.М-ыг2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоожээ.
6. Иймд нэхэмжлэгч Ц.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Иймд ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,145,265 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгох нь зүйтэй байна.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Ц.М-ын ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
7. Харин нэхэмжлэгч Ц.М нь сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт-ийг тус тус хавсаргахаар заасан ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзав.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х газраас улсын тэмдэгтийн хураамж 97,274 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Улсын Х тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар хэрэгт хамааралгүй, хариуцагчаас гаргаж ирүүлсэн цалин олгох тухай хүснэгт, төлбөрийн хүсэлт, Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46/1154 тоот албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх баримтууд нь мөн хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Х газраас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,145,265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Х газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х газраас улсын тэмдэгтийн хураамж 97,274 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР