Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2023/00016

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Л-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

    2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,867,207 төгрөг гаргуулах, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны, ур чадварын, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг, нийт 26,105,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгч: Б.Л,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-д шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Л нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 23,867,207 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны, ур чадварын, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг, нийт 26,105,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Б.Л миний бие 1994 онд Соёл урлагийн их сургуулийг Соёл судлаач, соёлын ажлын арга зүйч-зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. 2003 онд УБИС-ийг Соёл судлалын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд одоо Соёл урлагийн их сургуулийн докторын сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн. 2011 онд Энэтхэгийн Ноидагийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. Миний бие 1988-1990 онд Хархираагийн Тэжээлийн аж ахуйн Улаан булангийн эрхлэгч, 1994-1996 онд аймгийн Музейн орон тооны бус Эрдэм шинжилгээний ажилтан, 1996-2003 онд АЗДТГ-ын соёлын бодлого хариуцсан түшмэл, 2003-2008 онд аймгийн БСГ-ын соёлын мэргэжилтэн, 2009-2013 онд аймгийн Музейн захирал, 2013- 2016 онд Монгол- Оросын хамтарсан Эко музей ТББ-ын тэргүүн, менежер, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ойрад хөгжимт жужгийн театрын даргаар ажилласан. Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн. Улмаар Төрийн албан зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор намайг аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн ба Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын даргаар томилогдсон. Энэхүү байгууллагыг удирдан ажиллах хугацаанд тухайн албыг нэр төртэйгөөр хашиж байсан бөгөөд 2019 онд манай байгууллага Төрийн үйлчилгээний шилдэг байгууллага-аар шалгарсан. Дэлхийн 11 улсад аялан тоглолтоо хийж Баруун монголын соёлын өвийг түгээн сурталчилсан гээд гаргасан амжилт ололт зөндөө байна. Дээрх амжилтуудаас дүгнэж үзэхэд миний бие төрийн албыг шударгаар хашиж хоёргүй сэтгэлээр зүтгэж хичээн ажиллаж байсны илрэл юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн ба тухайн захиргааны актыг эс зөвшөөрч уг актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Би Увс аймгийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын ажилд эгүүлэн томилогдсон. Миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан нь нотлогдож тогтоогдсон тул би ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний нэхэмжлэлд докторын зэргийн нэмэгдлийн тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Энэ тухай хариуцагчийн төлөөлөгчтэй уулзахдаа албан ёсоор хэлсэн. Би өмнө ийм нэмэгдэл огт авч байгаагүй. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,867,207 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны /сард 233,154 төгрөг/, ур чадварын /сард 233,154 төгрөг/, орон нутгийн нэмэгдэл /сард 93,262 төгрөг/ нийт 2,238,280 төгрөг нийт 26,105,487 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

    2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 23.867.207 төгрөг дээр 2.238.280 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 26.105.487 төгрөгийг гааргуулахаар нэхэмжилж байна. Б.Л-г Увс аймгийн Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Ойрад театрын даргын ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба уг маргаан нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээртэй шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ажил олгогч нь Б.Л-г ажилд нь буцаан томилохгүй байж байгаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Увс аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 28 тоот захирамжаар ажилд нь эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байдаг учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Л-ийн эрхэлж байсан ажил албан тушаал нь төрийн үйлчилгээ соёл урлагийн Соёл урлаг 6.3 гэх шатлалд хамаарч үндсэн цалин 932.617 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 233.154 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 233.154 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 93.262 төгрөг, хоолны нэмэгдэл 17.000 төгрөг гээд нийт нэг сард олговол зохих цалин татвар шимтгэл суутгагдаагүй дүн нь 1.509.187 төгрөг байна. Хариуцагчийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хоорондох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон ур чадварын нэмэгдлийг гаргаж өгөхөөс татгалздаг. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн Засаг даргын 5 дугаартай захирамжаар цалинг шинэчлэн тогтоож төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, орон нутгийн нэмэгдлийг 10 хувиар олгохоор болсон нь хүчин төгөлдөр байгаа ба уг захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн зүйл байдаггүй. Иймд дээрх нэмэгдлүүдийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Засгийн газрын 2019 оны 276 дугаартай тогтоолын хавсралтад зааснаар Б.Л-ийн эрхэлж байсан ажил албан тушаал нь төрийн үйлчилгээ соёл урлагийн Соёл урлаг 6.3 гэх шатлалд хамаардаг нь тогтоогддог. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаартай нэмэгдэл олгох журам болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хэрхэн олгохыг зохицуулчихсан байхад Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхэд нь халдаж хууль журмыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 25 хувиар тооцуулж авах ёстой гэдэг нь харагддаг, 4 дүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг зохицуулсан. 6 дугаар хавсралтад төрийн үйлчилгээний албан хаагч нарт орон нутагт ажилласныг нэмэгдэл олгох журмыг баталсан. Журмын 3 дахь хэсгийн 3.1-д ... соёлын ордон, соёлын төвийн дарга гэх заалтад нэхэмжлэгчийн албан тушаал хамаарч байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

      3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,867,207 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацааны ур чадварын нэмэгдлийг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан докторын зэргийн нэмэгдлийг тус бүр хасаж тооцсон дүнгээр цалин хөлсийг нь олгох боломжтой. Б.Л докторын зэргийн нэмэгдэл авч байсан нь хууль ёсных мөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргаж байгаа болно гэжээ.

      4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/143 тоот Ажилд томилох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/28 тоот Ажилд томилох тухай захирамж, нягтлан бодогч Х.Өнөрдуламын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Б.Л-ийн 2021 оны 5 дугаар сарын 11-нээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал цалингийн дэлгэрэнгүй, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай захирамж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 339 тоот магадлал, нягтлан бодогч Х.Өнөрдуламын тодорхойлолт, Б.Л-ийн цалингийн тооцооны карт /2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 оны/, Б.Л-ийн дугаар F201110 тоот докторантын гэрчилгээ, докторын сургалтын дүн, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    5. Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1990 тоот Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх албан бичиг /итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон/, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2295 тоот Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танаа гэх албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/143 тоот Ажилд томилох тухай захирамж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Л-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 23,867,207 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны, ур чадварын, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг, нийт 26,105,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    ...Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн. Улмаар Төрийн албан зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор намайг аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн ба Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын даргаар томилогдсон. Энэхүү байгууллагыг удирдан ажиллах хугацаанд тухайн албыг нэр төртэйгөөр хашиж байсан бөгөөд 2019 онд манай байгууллага Төрийн үйлчилгээний шилдэг байгууллага-аар шалгарсан. Дэлхийн 11 улсад аялан тоглолтоо хийж Баруун монголын соёлын өвийг түгээн сурталчилсан гээд гаргасан амжилт ололт зөндөө байна. Дээрх амжилтуудаас дүгнэж үзэхэд миний бие төрийн албыг шударгаар хашиж хоёргүй сэтгэлээр зүтгэж хичээн ажиллаж байсны илрэл юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн ба тухайн захиргааны актыг эс зөвшөөрч уг актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Би Увс аймгийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын ажилд эгүүлэн томилогдсон. Миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан нь нотлогдож тогтоогдсон тул би ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,867,207 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг тус тус гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны /сард 233,154 төгрөг/, ур чадварын /сард 233,154 төгрөг/, орон нутгийн нэмэгдэл /сард 93,262 төгрөг/ нийт 2,238,280 төгрөг нийт 26,105,487 төгрөгийн Увс аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү. Би докторын сургалтын хөтөлбөрт хамрагдсан, докторын зэргийн нэмэгдэл авдаггүй, огт авч байгаагүй, докторын зэргийн нэмэгдэл нэхэмжлээгүй гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

     Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,867,207 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацааны ур чадварын нэмэгдлийг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан докторын зэргийн нэмэгдлийг тус бүр хасаж тооцсон дүнгээр цалин хөлсийг нь олгох боломжтой. Б.Л докторын зэргийн нэмэгдэл авч байсан нь хууль ёсных мөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргаж байгаа болно гэжээ.

    4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    5. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай Ажлаас халах тухай захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын албан тушаалаас чөлөөлснийг нэхэмжлэгч Б.Л эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Л-г Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

     5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 339 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

    6. Иймд нэхэмжлэгч Б.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

     7. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн цалингийн тооцооны хүснэгтийг үндэслэн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,867,207 төгрөгийг хариуцагчаас гаргаж олгох үндэслэлтэй байна.

     Увс аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжаар Б.Л-ийн цалинг ангилал зэрэглэл ТҮСУ-6, шатлал 3, үндсэн цалин 932,617, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25, ур чадварын нэмэгдэл 25, орон нутгийн нэмэгдэл 10 хувь байхаар тогтоосон бөгөөд тухайн захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн талаар нотлох баримт авагдаагүй. Мөн түүний 2021 оны цалингийн тооцооны картаас үзэхэд нэхэмжлэгч нь ур чадварын нэмэгдэл сард 233,154 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 233,154 төгрөг, орон нутгийн нэмэгдэл сард 93,262 төгрөг тус тус авч байсан болох нь тогтоогдож байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны, ур чадварын, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

    Иймд нэхэмжлэгч Б.Л-д 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,867,207 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны төрийн алба хаасны, ур чадварын, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг, нийт 26,105,487 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож шийдвэрлэв.

     Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан докторын зэргийн нэмэгдлийг тус бүр хасаж тооцсон дүнгээр цалин хөлсийг нь олгох боломжтой. Б.Л докторын зэргийн нэмэгдэл авч байсан нь хууль ёсных мөн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулахаар хүсэлт гаргаж байгаа болно гэж маргасан ба нэхэмжлэгч нь би докторын сургалтын хөтөлбөрт хамрагдсан, докторын зэргийн нэмэгдэл авдаггүй, огт авч байгаагүй, докторын зэргийн нэмэгдэл нэхэмжлээгүй гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 оны цалингийн тооцооны картуудаас үзэхэд докторын зэргийн нэмэгдэл авч байгаагүй, мөн Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын нягтлан бодогч Х.Өнөрдуламын Б.Л-ийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд авсан цалин, урамшууллын талаарх мэдээллийг тухайн үеийн цалингийн картыг хавсралтаар гаргаж танилцуулав. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл докторын зэргийн нэмэгдэл олгож байгаагүй бөгөөд үүнийг цалингийн картаар олгосон үеийн нэмэгдэл урамшууллаас харж болох юм гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.

    Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс биш 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн болохыг дурдаж байна.

     8. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Л-ийн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

     9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 288,477 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

    10. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн дугаар F201110 тоот гэрчилгээ, докторын сургалтын дүн, хариуцагчаас ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2295 тоот Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танаа гэх албан бичиг нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,867,207 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл 2,238,280 төгрөг, нийт 26,105,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.

    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Л-ийн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 288,477 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          П.БОЛОР