| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2108000000340 |
| Дугаар | 2021/ДШМ/648 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/648
2021 07 01 2021/ДШМ/648
Б.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Б.О-,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2108000000340 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Б-ийн О, Улаанбаатар хотод 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Б.О- нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 37-7 тоотод хамт архидан согтуурч байсан Ж.Ж-тэй маргалдаж улмаар архины шилээр түүний толгойн тус газар цохиж, тархи доргилт, зүүн чихэнд няцарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын хамгийн бага хэмжээ болох 450,000 төгрөгөөр сольж өгнө үү. Би 5 настай охин О.А-ийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эмэгтэй. “Хархорин” худалдааны төвд 2018 оноос хувцасны лангуу түрээслэн одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд сардаа 600,000-1,500,000 төгрөгийн орлоготой. Бага насны охиныг минь харж хандах хүнгүй, хамаатан садан цөөтэй хүн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Хохирогчоос уучлалт гуйгаад эвлэрсэн, хохирогч мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож, хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж орлогын эх үүсвэрээ нотлох болон бага насны хүүхэд харах хүнгүй хувийн байдлаа илэрхийлээгүй юм” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хурал болох үед хувийн байдалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан. Харин давж заалдах шатны шүүхэд хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн байна. Иймд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 37-7 тоотод архидан согтуурч байхдаа Ж.Жамъянсүрэнтэй маргалдаж улмаар архины шилээр түүний толгойн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Ж.Ж-гийн “... найзынхаа гэрт архи ууцгаасан. Маргааш өглөө нь Б.О- гэдэг хүүхэн ирсэн байсан. Түүний яриа таалагдаагүй учир уур хүрээд “Янхан, гичий” гээд хэлчихсэн юм. Тэгтэл Б.О- уурлаад гараад явсан. Удалгүй архины хагархай шил барьж орж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн чихэнд цохьсон...” /хх 7-8/,
гэрч Э.Н-ийн “...унтаж байтал хүмүүс орилохоор нь босоод хартал Жамъянсүрэнгийн зүүн чихнээс цус гарсан байдалтай байсан. Хажууд нь байсан Б.О- гэдэг эмэгтэйг манай нөхөр холдуулж байсан...” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ж.Ж-ийн биед тархи доргилт, зүүн чихэнд няцарсан шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1587 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.О-ийн бусдын эрүүл мэндэд архины шил ашиглан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.
Ял, албадлагын арга хэмжээ нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэн эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл зоригт нийцсэн байх, амьдралын нөхцөл, боломжид таарсан байх албагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсны дагуу шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч Б.О-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэснийг буруутгах аргагүй бөгөөд хувийн буйдлын хувьд уг ялыг оногдуулахад харшлах шалтгаан байхгүй байна. Нөгөөтэйгүүр, нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн орлого олох, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих ...” талаар шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН