Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

шүүгдэгч Б.Ганбагана нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 306 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЦВ88021816/ Дашмонгол овогт Батболдын Ганбаганад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201725021302 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ганбагана Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжинд 2017 оны 05 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн үед Д.Хүдэрболдын “чи яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм” хэмээн хэлснээс хоорондоо маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зүүн талын шилбэ, өвдөгний зулгаралт, нурууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаганын: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Ялаас чөлөөлж өгөхийг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр хавтаст хэргээс: хохирогч Д.Хүдэрболдын: ...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Мини маркет” хүнсний дэлгүүр орчихоод найз Намуунаагийн хамт харихааар явж байтал  Намуунаагийн найзууд гэх 3 залуу хүрч ирээд Намуунаатай мэнд ус мэндэлцсэн юм. Тухайн үед манай ах Д.Бадрал нь найз охиндоо хоол цай авчирч өгчихөөд хамт харихаар явж байсан. Тэгээд зүс таних Ганбагана гэх 2 залуутай хамт явж байсан манай гудамжинд амьдардаг зүс таних залуу Намуунаатай ярихдаа жоохон зандарсан маягтай, дээрэлхээд байгаа юм шиг харьцаад байхаар нь би очоод чи манай найз Намуунааг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн чинь би зүгээр ярьж байна гэж хэлсэн. Ганбагана гэх залуу нь дахин Намуунааг дээрэлхээд байгаа юм шиг санагдаад маргалдсан. Миний биед учруулсан гэмтлүүдийг Ганбагана гэх залуу нүүр хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохиж учруулсан. Өөр цохиж зодсон хүн байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, өөрсдийн буруугаас харилцан зодолдсон учир гомдолгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-13/,

 

гэрч Д.Бадралын: ...эцэг Даваанямын гэр болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-180 тоот гэрт нь очиж байж байгаад орой 22 цагийн үед ...Хүдэрболд, Намуунаа нар 2-3 залуучуудтай тааралдчихсан хоорондоо юм ярьцгаагаад 10 гаран минут зогссон. Хүдэрболд нь уг гудамжинд амьдардаг Ганбагана  гэх бор царайтай залуутай маргалдаж зодолдсон. Тухайн үед өөр хоорондоо зодолдсон хүн байхгүй бусад нь хоёр талаас нь салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-16/,

 

гэрч Б.Мөнгөнбаганы: ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-306 а тоот гэртээ байхад төрсөн ах Алтанбагана дүү Ганбагана нар гэрт 20 цагийн үед ирцгээсэн, Алтанбагана, дүү Ганбагана нарын хамт гэрээс гараад   дэлгүүр орохоор алхаад явж байтал өөдөөс зүс таних Намуунаа 2 хүнтэй явж байхаар нь бид гурав очоод Намуунаатай мэндлээд хоорондоо юм яриад зогсож байтал Намуунаатай хамт явж байсан Хүдэрээ гэх залуу нь манай дүү Ганбаганад хандан чи яагаад манай найз Намуунааг дээрэлхээд байгаа юм, яаж дээрэлхэж харьцаад байгаа юм гэх зэргээр хэрүүл хийх гээд байсан. Нэг харахад Хүдэрээ Ганбагана хоёр хоорондоо зодолдож байхаар нь бид нар тэр хоёрыг салгасан... өөр зодоонд оролцсон хүн байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19/,

 

гэрч Б.Алтанбаганы: ...төрсөн дүү болох Ганбаганын  хамт төрсөн дүү Мөнгөнбаганы гэр болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-306 тоотод байрлах гэрт нь 21 цагийн үед очсон. Дэлгүүр орохоор Бэлхийн 36 дугаар гудамжинд явж байтал үл таних 3 залуу зогсож байсан. Ганбагана, Мөнгөнбагана нар нэг залуу нь таньдаг бололтой Намуун гэх залуутай очиж мэндэлсэн, Намуунтай хамт явж байсан Хүдэрээ гэх залуу нь Ганбаганад хандан чи яагаад найз Намуунааг дээрэлхээд байгаа юм гэх зэргээр хэрүүл хийх гээд байсан. Хүдэрээ гэх залуу нь чи манай найзыг дээрэлхээд байгаа юм байна гэж хэлээд заамдаад авсан ба Ганбагана би дээрэлхээгүй хоорондоо юм ярьж байна гэж хэлсэн чинь Ганбаганыг Хүдэрболд гэх залуу нь гараараа цохиод унагаасан. Ганбагана нь босч ирээд чи яаж байгаа юм гэж хэлээд Хүдэрболд гэх залуутай зодолдсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Б.Ганбаганы яллагдагчаар: ...хүнсний дэлгүүр орохоор явж байтал найз Намуунаа нь үл таних хоёр залуугийн хамт өөдөөс согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу ирсэн. Хүдэрээ гэх залуу согтуу хүрч ирээд надад хандан чи миний найзыг дээрэлхээд байгаа юм уу гэж хэлэхээр нь би Намуунаатай мэндэлж байна гэж хэлсэн. Хүдэрээ гэх залуу дахин надад хандан чи манай найз Намуунааг дээрэлхсэн гэж уурлаад байхаар нь би уурлаж тайлбарлаж хэлсэн. Тэгтэл Хүдэрээ гэх залуу намайг заамдаад миний зүүн нүд, хөмсөг хэсэг рүү гараараа цохиход би газар унасан. Би босч ирээд уг залууд хандан чи яаж байгаа  юм бэ гэж хэлээд уг залуутай харилцан зодолдож байтал манай хоёр ах хүрч ирээд салгасан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний зүүн хөмсөг шалбарчихсан байсан, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №6447 тоот:

  1. Хүдэрболдын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун, зүүн талын шилбэ, өвдөгний зулгаралт, нурууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

  2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Ганбаганыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ганбагана анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Хүдэрболд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тухай хүсэлт гаргасан /хх-56, 61/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ганбаганад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ганбагана өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Батболдын Ганбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Батболдын Ганбаганыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Б.Ганбагана нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ганбагана оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ганбагана торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Ганбаганад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ганбаганад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ