Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/649

 

 

 

 

 

  2021             07            01                                        2021/ДШМ/649                                                                                             

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1806096000453 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Б, Өвөрхангай аймагт 1965 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, эдийн засагч мэргэжилтэй, “Бөхөд” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, “-” хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:000000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

            Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” ХХК-ийн байранд Б.Б-той маргалдан зодож бие махбодод нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 120,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо: “... Хохирогч гэх Б.Б- нь цагдаа, прокурорт танил тал ихтэй. Энэ нь миний хувьд тэнцвэргүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Түүний худ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хурандаа Ш.Нарантуяа гэх хүн байдаг ба хүргэн нь цагдаад байж байгаад прокурор болсон, эхнэрийх нь дүүгийн нөхөр нь олон жил цагдаагийн байгууллагад ажилласан. Хохирогчийн найз Г нь Эрүүгийн цагдаад 25 жил ажилласан, хохирогчийн найз гэрч Ш нь тусгайд олон жил ажилласан хүн байдаг.

Мөрдөн байцаагч нь хохирогч, гэрчийн танил байсан учраас миний асуулгах гэсэн гэрч нарыг асуугаагүй. Харин согтуугаар Б.Б-той орж ирээд манай конторын эд хөрөнгийг сүйтгэн танхайрсан, дуудлагаар ирсэн цагдаа нартай тохиролцоо хийсэн Шгийн мэдүүлгийг үндэслэл болгосон байна. Б.Б- нь надад зодуулаагүй байхад согтуу Б.Б-, найз Ш нарын мэдүүлгээр намайг буруутгасан. Уг нь Б.Б- нь их мөнгөний төлөө өөрийнхөө нүдийг хөхрүүлэх нь мэргэжлийн бөх хүний хувьд юу ч бишээ.

Дуудлагаар ирсэн цагдааг асуулгах хүсэлт удаа дараа гаргасны эцэст гэрчээр асуусан байдаг. Цагдаагийн мэдүүлэгт “... ганц эрүүл хүн нь засварчин байсан ...” гэснээс үзэхэд гэрч Ш, гэрч Ганболд, хохирогч Б нар согтуу байсан гэдгийг нотлогдож байна. Гэрч Ш, Ганболд, хохирогч Б нарт хууль дүрэм нөлөөлөхгүй байгааг 12 дугаар сарын 01-ний өдөр буюу архи зардаггүй өдөр шал согтуу гуйван явж байгаагаар нотолж болно. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүх нь архи зардаггүй өдөр согтуу архи уугаад байгууллагын байранд дайран орж ирээд хамаг эд хогшил сүйтгээд, нэг согтуу нь нөгөө согтуугийнхаа гэрч болж, хохирогч гэх согтуу нь өөрөө өөрийнхөө нүдийг хөхрүүлсэнд ******* буруутай, ******* нь цагдаагийн тусгайд байсан хүний найзыг зодсон болгож шийтгэхийн хамт 4 удаа харвалт өгсөн Г гэдэг хүнийг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсний төлөө согтуу Ш, Б нарын мэдүүлгээр шийтгэл оногдуулсан. Би мөрдөн байцаагчид бичлэг бүхий “CD” өгөхөд аваагүй. Шүүхэд энэ талаар хэлэхэд мөн л аваагүй бөгөөд бичлэгээс харахад шүүхийн тогтоолд дурьдсан шиг зүйл болоогүй, уг бичлэг нь намайг буруугүй болохыг нотолно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г-ийг өмгөөлөгчтэй мэдүүлэг авахуулж, миний гэрч нарыг асуулгах, тухайн үеийн бичлэг бүхий “СD”-г нотлох баримтаар гаргуулж, Бийн худ, хүргэн нар нь цагдаад нөлөөлөхүйц хүн эсэх, согтуу гэрч Ш мөрдөн байцаагчийн найз эсэхийг тодруулах боломж олгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны доороосоо 2 дахь мөрөнд “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв ...” гэсэн байна. Гэтэл шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа гэх нотлох баримт нь дан ганц яллах талын нотлох баримтууд байдаг бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий, тухайн гэмт хэргийн, шүүгдэгчийн хувийн байдлын талаар сайн мэддэг хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй буюу цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах ажиллагааг огт хийгээгүй байна. Тодруулбал: шүүгдэгчид холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/2056 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Ингэхдээ “1. 2018 оны “Бөхөд” ХХК-ийн байранд хэрэг маргааныг болох үед тус асуудлыг харсан гэх тус байгууллагын харуулын албаны дарга, манаач, цэвэрлэгч, аж ахуйн дарга нараас мэдүүлэг авах, 2. Б.Б-ид учирсан гэмтлийг яллагдагч Б.Б- нь цохиж учруулаагүй, хэн учруулсныг тогтоогоогүй тул шалгаж тогтоох, 3. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийн зэргийг зөв тогтоох шаардлагатай байна” гэсэн байхад зарим ажиллагаануудыг хийлгүй ирүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр дахин прокурорт буцаасан. Ийнхүү хэргийг хоёр удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад дээрх шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Хэрэгт цагаатгах талын нотлох баримт гүйцэд авагдаагүй ба шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугүй болохоо нотлохын тулд гаргасан хүсэлтийн дагуу ажиллагаа явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Бөхөд” ХХК-ийн үйлчлэгч, харуулын албаны дарга нараас мэдүүлэг авсан. Гэтэл захирамжид дурьдсан бусад хүмүүс болох аж ахуйн дарга, цэвэрлэгч, манаач нараас мэдүүлэг аваагүй. Мөн захирамжийн 2, 3 дугаарт заагдсан хохирогчид хэн хохирол учруулсныг тогтоох, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зэрэг асуудлуудын хувьд ажиллагаа гүйцэд хийгдээгүй. Түүнчлэн хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны бүхий л шатанд өгсөн мэдүүлэг нь гэрч Ганболд, Ш, Сүхбат нарын мэдүүлгээс өөр байдаг. Тодруулбал, Б.Б- нь анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа болон мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч “... өрөөнд Б.Б-, Ш, бид гурваас өөр хүн байгаагүй” гэдэг. Гэтэл Р.Ш, Д.Ганболд нар “... өрөөнд Б.Б-, Р.Ш, Б.Б-, Д.Ганболд бид дөрөв байсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Үүнээс үзэхэд тухайн хэрэг болох үед өрөөнд яг хэн хэн байсан нь эргэлзээтэй байна. Мөн хохирогч гэх Б.Б- нь анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа “Б.Б- өөрийг нь цохиж унагаан, зодсон” гэх боловч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Ширээн дээр дарж унагаад цохьсон” хэмээн эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь эргэлзээ төрүүлж байна. Дээрх гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн. Тухайлбал, Д.Ганболд нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Б.Б- нь Б.Б-ийг зодож цохиж байсан” гэх мэдүүлэг өгсөн боловч шүүхэд “Тийм зүйл хараагүй” гэсэн. Үүнээс дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Б.Б- нь үнэхээр Б.Б-ийг цохиж, зодсон эсэх нь тогтоогдохгүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүгдэгчид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хэрэглэн ял оногдуулах үндэслэлгүй билээ. Учир нь, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсан. Гэтэл шүүх 2018 онд үйлдэгдсэн гэж дүгнэсэн хэрэгтээ яагаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл” гэж өөрчлөлт орсон шинэ заалтаар хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь тодорхойгүй. Б.Б-гийн үйлдсэн гэж ял шийтгэсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх ямар ч боломжгүй, тийм шаардлага, үндэслэл байхгүй. Хэдийгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үйлчлэхгүй” гэж заасан ч уг хууль Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн байсан. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар буцааж хэрэглэхгүй байхыг тодорхой заасаар байтал шүүхээс Б.Б-д хууль буруу хэрэглэн ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Б.Б-г холбогдуулан шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаад бүхэл бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүртэл хэргийг үргэлжлүүлэн хянан хэлэлцэж, ял оногдуулж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон гэдгийг дурьдах нь зүйтэй” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б-д 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн байцаалтын явцад Б.Б- болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Мөн тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч нараас мэдүүлэг авсан. Хохирогчийн нүд хөхөрсөн байсан талаар мэдүүлэгт тусгагдсан. Хэрэгт шаардлагатай бүх нотлох баримт цугларсан. Б.Б-д холбогдох хэргийг шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөхөд” ХХК-ийн байранд Б.Б-той маргалдан заамдаж, түлхэж унаган толгой руу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Б-ийн “... найз Д.Ганболд конторын үүдэнд газар унасан байдалтай, хажууд нь ах Б.Б- зогсож байгаад цааш яваад орсон. Би араас нь ороод “Яаж байгаа юм” гээд маргалдсан. Тэгтэл Б.Б- намайг зүүн гараараа заамдаад түлхэхэд би тахимаараа намхан ширээн дээр дээш хараад унасан. Б.Б- миний дээр сандайлж суугаад “Чамайг ална” гээд нүүр рүү баруун гараараа 2 удаа цохьсон. Тухайн өрөөнд Б.Б-, Р.Ш бид гурваас өөр хүн байгаагүй...” /1-р хх 16-17/,

гэрч Р.Шгийн “... нэг харсан засвар хийж байсан Д.Ганболд конторын үүдэнд ойчсон, хажууд нь Б.Б- зогсож байгаад цааш эргээд орсон чинь Б.Б- хойноос нь очиж өрөөнд нь ороод “Яаж байгаа юм” гэхэд Б.Б- заамдаж аваад хажуу талын намхан ширээн дээр дээш харуулан унагаж, дээрээс нь гараа зангидаж байгаад 2-3 удаа нүүрэнд нь цохихоор нь би салгасан...” /1-р хх 24-25/,

гэрч Д.Г-ын “... Б.Б- “Контор ороод түлхүүр багажаа оруулаад тавьж болно” гэсэн. Би контор ороход Б.Б- гэдэг хүн байхаар нь учраа хэлээд түлхүүр багажаа тавих гэтэл “Чи юу яриад байгаа юм, тийм юм байхгүй, чи гар, зайл” гээд намайг түлхээд унагасан. Тэгтэл Б.Б-, Р.Ш нар ирээд дотогш орсон. Би босоод араас нь ороход жижиг явган ширээ голоороо хугарсан, ширээн дээр Б.Б-ийг Б.Б- дарчихсан нүүрэнд нь цохиж байсан. Р.Ш, Б.Б-г салгахаар нь би Б.Б-ийг аваад тэндээс гарсан...” /1-р хх 26-27/,

гэрч Д.О-ын “... Дуудлагын дагуу очсон. Б.Б-гийн өрөөнд нүд нь хавдсан өөрийгөө Б.Б-гийн дүү гэж танилцуулсан залуу “Энэ ******* намайг зодчихлоо” гэж байсан ...” /1-р хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Б-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 14276 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрчүүдийг байцаасан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдвэл зохих шинжилгээг хийсэн байх ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байжээ.

Энэ хэргийн гэрч Р.Ш, Д.Г, хохирогч Б.Б- нар нь хэрэгт хувийн сонирхлоор хандаж, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, мөрдөгч, прокурорууд үгсэн хуйвалдаж хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл, баримт нотолгоо хэрэгт тогтоогдсонгүй.   

Иймд шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Харин “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй ...” талаар өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангах хуул зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа хамаарлаар 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдсан гомдлоос “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг шүүгдэгч Б.Б-гийн давж заалдсан гомдлын хамт хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН